Ээнэгшилт гэдэг нь хүүхэд төрүүлж өсгөсөн хэн нэгэнтэй сэтгэл хөдлөлийн хувьд холбоо тогтоохыг хэлнэ.
Хүүхдийн суурь хэрэгцээ нь аюулгүй байгаагаа мэдрэх юм. Энэ хэрэгцээг ээж хүүхдэд эхлээд мэдрүүлэх юм. Тиймээс ээж бол хүүхдийн ертөнц юм. Тархины төв хэсэг эхийн хэвлийд байхад үүсдэг. Энэ төв нь хүний сэтгэл хөдлөлийг хариуцдаг юм. Дөнгөж төрсөн хүүхэд маш нялзрай байх бөгөөд намайг хамгаалж, хайрлах хүн байгаа гэдгийг л маш сайн мэдрэх ёстой. 0-1 насны хүүхдэд ээнэгшилтийн суурь тавигддаг гэж үздэг. Ээж хүүхдийг хөхүүлэнгээ нүд рүү нь харах, инээх, өхөөрдөх, хайрлах, энхрийлэх, ярилцах, үнэрлэх юм. Мөн хүүхэд уйлах үед нь байнга хариу үйлдэл үзүүлж тэврэх, хооллох, хамт байх, хайрлаж хамгаалдаг хүнтэй байгаагаа ойлгох нь ээнэгшилтийн үйл явц юм. Ингээд хүүхэд аюулгүй байгаагаа мэдрэх нь зан төлөвийн суурь тавигддаг. Насанд хүрсэн хойноо хэн нэгнээс хамааралгүй, хүсэл сонирхол, мэдрэмжээ илэрхийлдэг, биеэ даасан, өөртөө итгэлтэй хүн болоход нөлөөтэй.
3 сартай хүүхдэд насанд хүрэгчидтэй харилцах анхны хэлбэрүүд төлөвшдөг. Ингэж эхний 3 сар хүүхдэд мэдрэмжтэй ханддаг байсан бол 9 сар хүрэхэд бие даах чадвар нь сайн тавигдана гэж үздэг. 1 нас хүрэхэд ээнэгшлийн үндсэн хэлбэрүүд төлөвшинө. Хүүхэд илүү их хайрлагдсан гэсэн мэдрэмж авснаараа зан төлөвт нь эерэг хүмүүжил төлөвшил хандлага зөв суугддаг. Хүмүүжлийн суурийг нь зөв тавиад өгөх юм бол амьдралын үе шатууд дээр хүүхэд аливаа зүйлд амархан дасах, даван туулах, биеээ зөв авч явах, ёс суртахуун зэрэг нь хялбархан төлөвшдөг байна.
Хэрэв эхний 3 сард ээнэгшиж чадахгүй бол үл хайхрах, бусдыг эсвэл өөрийгөө хайрлаж мэдэхгүй төлөвших юм. Ээнэгшилтийн хэд хэдэн төрөл байдаг. Хэрэв та хүүхдээ хөхүүлж байхдаа утас үздэг бол ээнэгшилт бүрэн төлөвшихгүй. Ээнэгшилт нь хүний бусадтай харилцах харилцааны загварыг бий болгодог аж. Ийм учраас л ээж хүүхдийг хамгийн таагүй мэдрэмжүүдээс холдуулж, хорвоо ертөнцийг таниж мэдэх цонх болж өгдөг гэсэн билээ.
Мөн гэрийн орчноос цэцэрлэгт орох насанд багшийн харилцаа маш чухал. Гэрийн орчинд аав ээж, өвөө эмээгийн хайранд байсан хүүхэд цэцэрлэгт ороод айх, гайхах, стресстэй байхад нь багш муухай харилцах нь хүүхэд дотоод түгшүүр ихтэй, нээлттэй бус болж цаашид сургуульд ороход хүртэл саад болдог байна.
Ээнэгшилт зөв тавигдсан хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж дээгүүр, дасан зохицох чадвар өндөр, бусадтай хамтрах, бусдад нөлөөлөх болон харилцах нь сайн байдаг байна. Зөв ээнэгшилттэй зэрэгцээд хүүхдэд сэтгэлийн хат, сэтгэлтэй байх, дархлаа, өөрийгөө болон бусдыг хайрлах, хүлээцтэй байдал, бэрхшээлийг давах ухаан, буруу зүйлээс өөрийгөө татах хүч зэрэг нь давхар суугддаг байна.
Аав ээж хайнга ханддаг бол хүүхэд их стресстэж, тайван бус болдог. Бага насны үед ийм холбоо бий болсноор цаашид хүүхэд бусдаас байнгын анхаарал халамж хүсдэг, бусдад анхаарал халамж тавихаас илүүтэй өөрийгөө хайрлуулах гэсэн, бусдыг ашиглэх гэсэн хүсэлтэй хүн болж болно. Нэг ёсондоо сэтгэлийн сав дүүрдэггүй байна. Ээнэгшилт бүрэн суугдаагүй хүүхэд амьдралынхаа явцад хэн нэгний хайрыг хүсэмжилж, хичнээн амжилттай байсан ч түүнээсээ сэтгэл ханамж авч чадахгүй сэтгэл хоосон явсаар байдаг байна.
Ийм л учраас ээж хүүхдийн хувьд амьдралын суурь нь юм.