Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Б.Сайнзаяа: Эрчүүдийн EQ  чадамж сул хөгжсөн байдаг

Б.Сайнзаяа: Эрчүүдийн EQ  чадамж сул хөгжсөн байдаг
Нийтэлсэн 2020 оны 11 сарын 2
Эрчүүдийн сэтгэлзүйн асуудлаар “O-PSY” Сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэл зүйч Б.Сайнзаяатай ярилцлаа.
-Сүүлийн үед эрчүүдийн сэтгэл зүйн талаар их ярих болсон. Монгол эрчүүдийн сэтгэл зүйг мэргэжилтнүүд юу гэж дүгнэж байна вэ?
-Монгол хүний сэтгэл зүйн онцлог гэдэг их өвөрмөц ойлголт байдаг. Удаан хугацааны нийгэмшил, соёлын түүхтэй улс учраас өв уламжлалын хүрээнд монгол хүний сэтгэл зүй өвөрмөц онцлогтой байдаг. Монгол хүний нийтлэг араншин бол өөртөө итгэлтэй хүчирхэг дайчин чанар юм. Нөгөө талаараа халуун сэтгэлтэй, их бүлсэг хүмүүс гэж үздэг. Монгол эр хүний хувьд гэрийн гадна ажил буюу дайн тулаанд явах, мал ахуй хариулах гэх мэт гадна үйлүүдэд сайн гэж үздэг. Харин дотоод сэтгэлийн хат тэнхээний хувьд бусад орны эрчүүдтэй харьцуулахад их ялгаа байдаггүй. Монгол эрчүүдийн хувьд он удаан жил нүүдэлчин амьдарснаар гадаад орчиндоо илүү их ханддаг учир интроверт буюу төвлөрөх чадамж сайтай, өөр рүүгээ дотогшоо хандсан гэж үздэг. Экстроверт буюу гадагшаа чиглэсэн бусадтай харилцах чадамж өндөр, нээлттэй, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг тал дутагдаж байна. Иймд EQ буюу өөрөө өөрийгөө илэрхийлэх сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдах, хянах харилцах чадамж сул дутмаг байна гэж судлаачид үздэг.  
-Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амиа хорлож байна гэж судлаачид ярьдаг. Энэ нь сэтгэл зүйтэй холбоотой байх, тийм үү?
-Эрэгтэй хүний сэтгэлийн тэнхээ хат, дотоод сэтгэлээ удирдах чадамж нь эмэгтэй хүнийхээс доогуур байдаг. Үүнийг нийгэмшлийн үйл явцаар дамжуулаад хэдэн зууны турш засах гэж хичээж байгаа. Эрчүүд нэг үеэ бодвол амьдралын төлөөх тэмцэлтэй, өрнөлтэй, дотоод амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй болж ирж байгаа. Хүн юу хийнэ төдий чинээ сэтгэл санааны байдал, ур чадвар, хөгжил нь явагдаж байдаг. Эмэгтэйчүүд, ээжүүддээ хэлэхэд “эрэгтэй хүүхэд юм чинь гээд гэрээ цэвэрлээд яах вэ, эрэгтэй хүүхэд юм чинь хорьж цагдаад яахав” гэх мэтээр эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдээ ялгаж хандаад байх юм бол хүүхдүүд өөрсдөө ялгаатай болж өсдөг гэдгийг хэлмээр байна. Эмэгтэй хүүхэд ч мөн адил эрэлхэг, баатарлаг, сэтгэлийн тэнхээ хаттай аливаа нэг зүйлийг хийж бүтээх ур чадвар, биеэ хамгаалах ур чадвар зэрэгтэй байх хэрэгтэй. Мөн хөвгүүд ч адил эелдэг дотно харилцаатай аливаа нэг эмэгтэй хүнтэй зэрэгцээд ижил тэнцүү эрх мэдэлтэй, чадвартай оршин байж амьдрах хэрэгтэй. Чадвар дутсанаасаа болоод гэр бүлийн харилцаа сүйрдэг тохиолдлууд гардаг. Мөн чанартаа харилцааны ур чадвар, сэтгэлийн тэнхээ хат, соёл хүмүүжлийн нөлөөллүүдээс болоод өнөөгийн нийгмийн гэр бүлийн хүнд хэцүү асуудлууд эмэгтэй хүн ийм байх гэдэг сөрөг хандлагууд үүсэж байна.
-Эрчүүд сэтгэл зүйн хүнд үеэ зөв арга замаар тайлж чаддаг уу?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд эрчүүд маань сэтгэл зүйн хувьд харьцангуй сайжирч байна гэж харж байгаа. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлж фитнессээр хичээллэх, найз нөхөдтэйгөө зөв соёлтой амрах, бясалгал хийх, тархи оюунаа цэнэглэх, иогт явах гэх мэт өөрийгөө хөгжүүлэх замаар мөн учир дутагдалтай хүнд хэцүү зүйлээ бусадтай хуваалцах замаар зөвлөгөө авдаг. Монгол эрчүүд найз нөхдөдөө үнэнч, их тэмүүлж, нийтэч талдаа байх гээд байдаг болсон. Энэ хандлага нь өөрөө маш зөв юм. Бие биенийгээ уруу татах хандлага нь буурч байгаа.
-Эрэгтэйчүүд маань эмэгтэй хүмүүсийг бодвол сэтгэл хөдлөлөө бага илэрхийлдэг. Дотоод сэтгэлээ нээхгүй, ярихгүй байхын хор нөлөө нь юу байдаг вэ?
-Сэтгэл гэдгийг савтай зүйрлэдэг. Зарим хүний сэтгэл маш их хэрэггүй мэдээллээр дүүрчихсэн, бохирдсон сөрөг зүйлээр дүүрэн байдаг. Энэ эмзэг савыг дор бүр нь цэвэрлэж байх хэрэгтэй бид нарын өдөр бүр цай уудаг аягатай ижил шүү дээ. Тэгэхээр өдөр болгон саваа цэвэрлээд байхгүй бол өдөр болгон заваан аягандаа дахиад л цайгаа уусаар өнгөр тогтоно. Химийн урвал явагдаж байгаа тэр эмзэг нандин эрхтэн бид нарын нүдэнд шууд харагдахгүй ч бүх юманд зэрэг нөлөө үзүүлдэг. Тийм болохоор эрүүл мэнд, эдийн засаг, үнэ цэнээ бодоод байнгын тогтмол хяналт тавьж байх хэрэгтэй. Ярихгүй байгаа юм чинь яриад яах вэ дээ гэдэг ойлголт нийтлэг байгаад байдаг. Хүний хэл ярианы харилцах чадамж гэдэг нь хэдэн настай байхаас үл хамааран зуршил болгон хөгжүүлдэг зүйл.
-Ярилцсанд баярлалаа. 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн