Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаа өгөх өргөдлөө өнөөдөр өглөө. Ямар учраас өргөдлөө өгсөн талаар өөрөөс нь тодруулсан юм.
-Та зөвлөхийн ажлаа өгөх өргөдөлдөө МАНАН-тай тэмцэхэд цаг хугацаа шаардлагатай байгаа учраас өгч байна гэсэн байна. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Хоёр нөхцөл байдал үүсээд байна л даа. Нэгд, Монголын нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох чиглэлээр шинэ Ерөнхийлөгч гарч ирснээс хойш сүүлийн хоёр жилд цочоо үүсч, Монголын нийгэм болохгүй байгаагаа мэдэж, монголчуудын хувьд зөв гольдрол руугаа орох нь гэсэн хүлээлт бий болж байна. Бага хэмжээгээр л дээ. Гэхдээ яах вэ чамлахаар чанга атга гэдэг. 1.8 жил би Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар хүртэл ажиллаж байсан хүний хувьд надад ярих хэлэх, хийх, маш их ажил байна. Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүний ярьсан зүйлүүд нь Ерөнхийлөгч дээр хаяглагдаад Ерөнхийлөгч нь Алтанхуягийгаа тэгээд хэлчих гээд байгаа юм шиг ойлголт төрүүлээд байх юм. Тиймээс Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгөөд улс орондоо шударга ёсыг сэргээн тогтоох, газрын доорх баялгийг цөөнх нь авч идээд бусад нь ядуураад байгааг зогсоох чиглэлээр хувь хүнийхээ хувьд өөрийнхөө бодсон зүйлийг хийх боломжийг олж авъя гэж өргөдлөө өглөө. Хоёрт, сүүлийн үед манай намын буюу АН-ын гишүүд надад маш их хандаж байна. “Та амиа бодоод яваад байна. Таны яриад байгаа шударга бус зүйл манай АН-д нүүрлэлээ. Ц.Элбэгдорж, М.Энхболдын гар хөл болсон хамсаатнууд АН-ын удирдлагад гараад ирсэн. Бид 30 жил юуны төлөө явсан юм бэ. Сүүлдээ бид “Эрдэнэт”-ийн 49 хувийг хамтран идэгсдийн тоонд орлоо. АН-ын гишүүд үүнийг эсэргүүцэж байна. Гэтэл АН-ын удирдлага, тэр дундаа С.Эрдэнэ баахан шившгийн зүйл хийлээ. Та юугаа хийгээд суугаад байна вэ” гэж байна. Гэтэл би улстөржиж болохгүй Ерөнхийлөгчийн институтийн хүн гэж амиа аргалж хэсэг явсан. Харин одоо тэгж явж болохгүй юм байна. АН хоёр, гурван хүний нам биш. 30 жилийн турш ардчиллын төлөө явсан гишүүдийн сэтгэл зүтгэлийг МАНАН-гийн тоглоом, МАНАН-гийн нэг баганын өрөөсөн булан болгож болохгүй. Тиймээс би хариуцлагаа ухамсарлаж байна. АН-ынхаа мянга мянган гишүүний өмнө "хамтраад намаа цэвэрлэе. Улс орондоо шударга ёсыг сэргээн тогтооход хамтран ажиллая. Тэр дундаа нам дотроо шударга ёсыг сэргээн тогтооё" гэж хэлж байна. Нам гэдэг маргааш төрийн эрхэнд хүрч болох институт. Тиймээс нам өөрөө ялзарсан, заваан байж болохгүй учраас би үүнд гар бие оролцож ажиллана. Ерөнхийлөгчийн зөвлөх байж байгаад АН-аа шүүмжлээд ярихаар ямар аюултай зүйл болно гэж бодож байна. Тиймээс би өнөөдрөөс тасалбар болгоод Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өглөө.
-Тэгвэл боломж гарвал та АН-ын даргад өрсөлдөнө гэж ойлгож болох уу?
-Хүн юм хийх гэхээр дарга цэрэг гээд байх юм. Би даргагүйгээр амьдраад явах боломжтой хүн. Надад өнөөдөр даргын суудал чухал биш. Олон зуун мянган гишүүдийн маань итгэл МАНАН-гийн баганын булан болоод үлдэхийг хүсэхгүй байна. Би 30 жилийн өмнө багшийн ажлаа орхиод ирж байхдаа АН гэж мундаг нам болно, Монгол Улсыг, монголчуудыг боломжийн хэмжээнд амьдруулж чадна гэсэн гэгээн бодолтой ирсэн болохоос “60 тэрбум”-ыг хаацайлан зогсоно, “Эрдэнэт”-ийн 49 хувийг цээжээрээ хамгаална, сүүлдээ МАН-ын хоорондын зөрчилдөөн дунд АН УИХ-д үгээ хэлэх бүлэггүй болоод хоцорно гэхэд барагтай бол тэсвэрлэхэд хүнд шүү.
-Та намаа шинэчилнэ гэж байна. Тэгэхээр удирдлагын төвшинд гарахгүй бол шинэчлэх боломж байх уу?
-Гишүүдээсээ л эхэлнэ. Гишүүд минь та нар юу бодож байгаа вэ. Энэ зөв үү, буруу зүйл үү. Хуучин би дарга хийж байсан. Тиймээс аль болох гишүүдийнхээ бодол санаанд нийцэж л ажиллах ёстой. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хулгай дээрмийн хэргийг АН-ын мянга мянган гишүүд дэмжиж байна гэж бодож байгаа юм уу? Надтай уулзсан бүх хүн л дэмжихгүй байна.
-Та “Нэгдмэл Монгол хөдөлгөөн” байгуулснаа зарлаж байсан. Хөдөлгөөнөө нам болгох уу?
-Мэдэхгүй. Заавал намтай намгүй Монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг ярьж болно гэж бодож энэ хөдөлгөөнийг байгуулсан. “Нэгдмэл Монгол” гурван ажил томьёолсон. Нэгд, шударга бусын хонгилыг нурааж, шударга ёсыг сэргээн тогтооно. Хоёрт, газрын баялгийг ард түмний мэдэлд аваачих ажлыг хийнэ. Гуравт, дундаж давхаргыг сэргээж босгоно. Бид нэлээд ажил хийж байгаа. Өнөөдөр миний үүсгэн байгуулж байсан, олон зуун мянган гишүүдийн итгэл найдвар болсон нам МАНАН-тай хамт нуран унаж байна. Тиймээс би зүгээр байж болохгүй учраас намайг хүлээд байсан албыг нь өгч байна.