Open iToim app
Зочин | 7 мин уншина

А.Энхтуул: Туршлага суухын хэрээр шатрын хөлөг дээрх гэнэн байдал багассан

А.Энхтуул: Туршлага суухын хэрээр шатрын хөлөг дээрх гэнэн байдал багассан
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 22
Олон улсын шатрын их мастер А.Энхтуултай ярилцлаа. Тэрээр энэхүү спортоор Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй шатарчдын нэг юм.
-Та анх хэдэн настайгаас шатраар хичээллэн эхэлсэн бэ. Таны шатрын спортоор хичээллэж эхэлсэн дурсамжаас яриагаа эхлүүлцгээе.
-Анх есөн настайдаа сургуулийн хөгжмийн багшийн зөвлөснөөр “Төр Монгол” шатрын клубт Ц.Батболд багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Эхэндээ зөвхөн нүүдлээ сурч байсан бол арван настайгаас энэ спортод улам дурлаж, тууштай хичээллэхээр зорьсон. Улмаар яг жилийн дараа Улаанбаатар хотын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцон анхны буюу хүрэл медаль хүртэж байсан юм. Багадаа их хор шартай хүүхэд байсан. Багшид яасан ч загнуулахгүй, яасан ч хожигдохгүй гээд л их хичээдэг байсан даа.
Анхныхаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2006 онд багийн хамтаар оролцож байлаа. Тухайн үед Чех улсад өсвөрийн шатарчдын сургуулиудын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж Ц.Сайханчимэг, Ц.Саруул, Н.Бадамханд нартай оролцож 12 хүртэлх насны ангилалд түрүүлсэн нь Монгол Улсын дэлхийн хэмжээний категори дахь анхны багийн алтан медаль болсон.  Миний хувьд нэгдүгээр ширээнд эх орноо төлөөлөн, ахлагчаар оролцоно гэдэг итгэл найдвар, их хариуцлагыг хүлээсэн мэт санагдаж байсан. Тэмцээний дараа Ц.Батболд багш АНУ руу явахаар болж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн багшид шавь орж, өнөөг хүртэл багштайгаа хамт урт замыг туулж байна.
-Шатрын олимпиадад оролцох эрхээ хэрхэн авч байсан бэ. Багадаа маш олон томоохон тэмцээнүүдэд оюун ухаанаа үзэн оролцдог байсан шүү дээ?
-Би 12 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгаран оролцож байсан юм. Тухайн үед хэдий насанд хүрээгүй байсан ч шатрын спорт нь нас, өндөр , өргөн, нам харгалздаггүй учир нас бага ч томчуудтай өрсөлдөж, туршлага суух боломжтой болсон. Энэхүү тэмцээн нь хагас шигшээ шатнаас шалгарсан эхний 10 шилдэг шатарчныг шигшээ тэмцээнд оролцох эрх олгодог бөгөөд манай улсын хамгийн шилдэг шатарчид тунаж үлдэн аваргаа шалгаруулдаг, олон жилийн түүхтэй хамгийн том тэмцээн юм. Энэ ч утгаараа 12 настайдаа шигшээ тэмцээнд оролцох эрх авсан маань томчуудтай хүч үзэх хамгийн том урам зориг болж, улмаар Их мастерын алдарт хүрэх зорилгын эхлэл тавигдах болсон. Тухайн тэмцээнд шилдэг шатарчдын эсрэг тоглоно гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Тэмцээндээ нийт 2,5 оноог авснаар сүүлийн байранд орж байсан ч 2-р байрт шалгарсан Дэлхийн Шатрын Холбооны мастер З.Баяраа эгчийг сүүлийн өрөгт хожсон минь надад мэргэжлийн шатарчин болох итгэлийг улам бүр бадраасан гэж боддог. Үүний дараа багштайгаа хамт хожигдсон өрөг бүрээ сайн судалж, суралцан илүү их бэлтгэсэн. Улмаар дараа жил нь шигшээ тэмцээнд дахин шалгаран 4-6 байрыг хуваан эзэлж, 2008 онд нь 14 настай байхдаа хоёрдугаар байранд шалгаран мөнгөн медаль хүртэж, шатарчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхийг авсан юм. Одоо цагтай харьцуулбал тухайн үед олимптой жил энэ тэр гэж бодогдох зүйлгүй тайван, зоригтой тоглодог байж ээ. Туршлага суухын хэрээр, шатрын хөлөг дээрх гэнэн байдал багасаж аливааг илүү нухацтай хардаг болсон байна.
Эргээд харахад эдгээр үеүдэд их ч хөдөлмөрлөдөг байсан юм. Өглөө 05:00 цагт босож шатрын бодлогуудаа бодож, онолуудаа давтаж бэлдэнэ. Үүний дараа 08:00 цагт клуб дээрээ очсон байдаг байлаа. Яг л ажилтай хүн мэт. Өдөр бүр шатраар амьсгалж үүнд бүхий л цагаа зориулдаг байсан болохоор шатаргүйгээр өөрийгөө төсөөлөхөд бэрх санагддаг.

Олон улсад эх орноо оюун ухаанаараа сурталчилна гэдэг нэр төрийн хэрэг юм

undefined
-Арабын Нэгдсэн Эмират улсын шилдэг дасгалжуулагчдын нэгээр шалгарч байсан мөн Азийн шатрын холбоонд ажилласан анхны монгол хүн болж байсан. Тэгэхээр дасгалжуулагчаар ажиллахад ямар байсан бэ?
-Би 2011 оноос ОХУ-ын Москва хотын “Биеийн Тамир, Аялал Жуулчлалын” их сургуульд шатрын дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байсан. Харин 2015 онд Арабын Нэгдсэн Эмират улсад байрлах Азийн шатрын холбооноос дасгалжуулагч болон гадаад харилцааны албанд ажиллах санал ирж, багш болон гэр бүлийнхэнтэй сайн ярилцсаны дүнд Эмиратад ажиллаж, амьдрах шийдвэр гаргасан. Эндээс л дасгалжуулагчийн гараа эхэлсэн дээ. Уг нь хоёр жилийн гэрээтэй ажиллахаар болсон ч эхний жилээ ажилласны дараагаар өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцлан Монголдоо ирж байсан. Учир нь тэнд удаан байх тусам нутгийн соёл, ёс заншилд уусах мөн ганцаараа байсан учраас буцахаар шийдсэн. Үүний дараа багаасаа л шатар тоглож өссөн хойно энэ эрмэлзэлдээ хөтлөгдөн хоёр жилийн турш Европт суурьшин олон улсын уралдаан тэмцээнд оролцон өөрийн чансаагаа 2357 хүртэл өсгөсөн. Олон улсад эх орноо оюун ухаанаараа сурталчилна гэдэг нэр төрийн хэрэг юм. Мэргэжлийн шатарчид шатрын бэлтгэлээс гадна биеийн хүчний бэлтгэл, сэтгэл санааны тогтвортой байдал, зөв хооллолт гээд олон зүйл дээр анхаарах шаардлагатай байдаг. Гадаад, дотоодын гэлтгүй зарим шатарчид хэт их бэлтгэл хийсний улмаас тэнцвэртэй байдлаа заримдаа алдах үе бий. Надад ч ийм үе байсан. Тиймээс аливаа зүйлийн тунг тааруулах нь чухал гэдгийг ойлгосон. 
-Тоглогч байснаа дасгалжуулагч болно гэдэг амаргүй даваа байсан уу. Мөн “Elite Brain” академиа хэдэн онд үүсгэн байгуулсан бэ?
-Дасгалжуулна гэдэг тоглохоос илүү хэцүү. Тамирчин байхдаа дасгалжуулагч хүний зовлонг мэдрээгүй явж байжээ. Багш, дасгалжуулагч хүн орой нь өрөг, онолоо бэлдээд өглөө түүнийгээ шавь нартаа зааж зөвлөнө, эцэг эхийн санал мөн шавийн баяр хөөр, зовлон гуниг гээд бүгдтэй хамт байдаг. Иймд тоглохоос илүү дасгалжуулна гэдэг асар хэцүү зүйл. Дасгалжуулагч болоод хэдэн жил болсон ч би одоог хүртэл суралцсаар явна. Цаашдаа ч суралцах зүйл хязгааргүй их байна.
Миний хувьд Араб, Хятад, Америк, Солонгос, Япон, Швед, Франц зэрэг олон орны хүүхдүүдэд дасгалжуулагч багшаар ажилласан, одоо ч ажилладаг. Ингээд харахад манай монгол хүүхдүүд бусад улсын хүүхдийг харахад үг даах чанар сайн, ямар ч нөхцөлд дасан зохицох өндөр чадвартайгаараа давуу талтай. Хятад хүүхдүүд зохион байгуулалт сайн, хичээл зүтгэл их, шантаршгүй сэтгэл зүйтэй.  Харин манай хүүхдүүд болон эцэг, эхчүүд зохион байгуулалт тал дээр илүү анхаарч, хоёр талын хичээл зүтгэлийг хослуулах тухайд илүү суралцаж, энэ талын чадварыг сайжруулбал хэрэгтэй юм шиг санагддаг.
Elite Brain” академийг 2018 онд үүсгэн байгуулсан. Манай академи өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дэлхийн шатрын холбоогоор батлагдсан буюу хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын статустай академийн нэг болсон юм. Одоогоор тус холбоонд олон улсын 42 шатрын академи байдаг.

Дасгалжуулна гэдэг тоглохоос илүү хэцүү

undefined
-Манай улс шатрын спортыг хэр ойлгон, дэмжин ажилладаг вэ?
- Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй дэмждэг болжээ. Миний хувьд 12 настай байхаасаа “Монгол Чех Металл” ХХК-ий тамирчин болж, санхүүгийн тал дээр толгой өвдөх зүйлгүй, зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулдаг байсан нь Их мастерын алдарт хүрэх замыг гэрэл гэгээтэй, итгэлтэй болгосон гол нөлөө гэж үздэг. Өсвөрийн шатарчин байхдаа дэмждэг байгууллагатай байх нь тухайн үед ховрын үзэгдэл байсан тул өөрийгөө азтайд тооцож явдаг. Мэдээж хэрэг, “Монгол Чех Металл” ХХК –ийнхандаа өнөөг хүртэл маш их баярлаж ирсэн. Өнөө цагт шатрын спортыг ойлгодог хүмүүс илүү их болсноос гадна албан байгууллагууд бас их дэмжлэг үзүүлж байна. Би өөрөө Монгол Улсын Дотоодын цэргийн 805-р ангид ажилладаг. Энэ ялдамд, Сэлэнгэ аймгийн удирдлагууд мөн нутгийн зон олон, Дотоодын цэргийн штаб болон 805-р ангийн нийт алба хаагч, хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье.
-Шатрын спорт хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг бол?
-Тэвчээртэй, ухаантай болгох гээд та бидний мэддэг энгийн сайн жишээ олон бий. Үүнээс гадна илүү мэргэжлийн талдаа бол хүнийг шийдвэр гаргах чадварт сайн бэлтгэдэг гэж боддог. Аливаа зүйлийг өнгөцхөн бус лавшруулан харахад тусална.
-Хувь хүнийг амжилтад хүргэх гол хүчин зүйл юу бол?
-Тууштай, шантаршгүй байдал. Хүмүүс ямар нэгэн зүйл эхлүүлчихээд дундаас нь шантардаг тохиолдол бий. Энгийн жишээ гэвэл өнөөдрийн төлөвлөсөн төлөвлөгөөгөө дунд нь залхуурахгүй, хийсэн шиг хийгээд дуусгахад л хувь хүний хөгжлийг нэг алхмаар ахиулах болно. Аливаа ажлын эцсийг үзэх хүртлээ хурдан ч бай, удаан ч бай хамаагүй мятрашгүй зүтгэх нь амжилтын гол түлхүүр гэж боддог. Тавьсан зорилгоо давуулан биелүүлж чадвал маш сайхан. Залуус илүү мэдлэг боловсрол, соёлтой болсон байна. Өөрийн хүсэл эрмэлзэл зорилгоо зөв тодорхойлоод явбал амжилтад хүрэх зам хялбар биш ч дөт болох болов уу. Хэзээ ч бүү шантар гэж хэлэх дуртай.
-Цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцана уу?
-Шатрын клубээ анх үүсгэн байгуулснаас хойш академи болж, тэр дундаа дэлхийн шатрын холбоонд багтсан байгууллагын нэг боллоо. Цаашдаа шатрын академиа улам чанартай, өргөн цар хүрээтэй ажиллах төлөвлөгөөтэй байна. Манай академийн хувьд гадаадаас дасгалжуулагч багш авч ирэхээр зорин, судалж байгаа. Дэлхийн шатрын холбооноос өгч буй үүрэг заавруудыг Монгол Улсад төдийгүй олон улсад үлгэр жишээ, хариуцлагатай хэрэгжүүлэн, эрхэлсэн ажлаа нэр төртэй авч явахыг хичээж байна. Хувь хүний талаас өөрийн карьерт илүү анхаарч, сурч хөгжихийг эрмэлзэхээс гадна оюуны спортын ноён оргил болох шатрынхаа спортоор дамжуулан эх орондоо оюуны хөрөнгө оруулалт хийхийг хүсэж явдаг.
undefined
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн