Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү

Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 15
“Шинэ эдийн засгийн форум”-ыг Блүүмбэрг Монголиа телевиз болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл хамтран анх удаа зохион байгуулав. Хагас өдөр үргэлжилсэн уг форумд Монголын нөлөө бүхий бизнес эрхлэгчид уригдаж, сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын удирдан чиглүүлсэн “Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү” хэлэлцүүлгийг тоймлон хүргэе.
Монгол Улсын хувьд ирэх жил улс төрийн сонгууль болно. Мөн ар, араасаа чиглэсэн томоохон бондуудын эргэн төлөлт хийгдэнэ. Өнөөгийн гадаад валютын нөөц буюу 3 тэрбум ам.доллартай тэнцэх өр төлбөрийг 2021-2024 онд барагдуулна. Хэдийн банк санхүүгийн салбар, эдийн засагт сонгууль хамаагүй ч шийдвэр гаргагчдын бодлого, шийдвэрээс хамаарч эдийн засгийн нөхцөл байдал сайжрах уу, улам муудах уу гэдэг хамааралтай болоод байна. Улс төрийн сонгуулийн өмнөхөн манай улсад хэрэгжиж буй Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдал багасч, санхүүгийн сахилга бат харьцангуй сайжирч байгаа гэдэг дээр эдийн засагчид санал нэгдэж байна. Харин хөтөлбөр зогссоны дараа улс төрийн сонгууль угтсан популист амлалтаас болж хөтөлбөрийн үр дүн талаар болох эрсдэл байгааг дурдах нэгэн байв. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Валютын сангийнхан Монгол хэрэгжүүлж буй хөтөлбөрөө цааш үргэлжлүүлэх сонирхлоо Засгийн газарт илэрхийлсэн гэх. Энэ асуултыг чиглүүлэгч Н.Золжаргал Сангийн дэд сайд Х.Булгантуяад тавихад “одоогоор хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх талаар санал ирээгүй байгаа” гэсэн хариу өгөв. 
Үүнээс гадна эдийн засагчид гадаад талдаа хямралын нөхцөл байдал үүссэн сануулав. Дэлхийн хамгийн том эдийн засагтай Хятад, Америкийн худалдааны дайн бусад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн гэдгийг анхааруулж байлаа.
undefined
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал: Тавантолгой IPO үнэхээр чухал уу. Тавантолгойн IPO-оос олж ирсэн мөнгөөр бид яг юу хийх юм бэ. Оюутолгой дээр үүссэн асуудлын хугарлын цэг нь яг хаана байгаа юм. Үндсэн аудитын дарга, АТГ-ын дарга, УИХ-ын олон гишүүний байр суурь, иргэний хөдөлгөөний байр суурийг ч олон сонслоо. Одоо яг ямар яриа хэлэлцээр хийгдэж энэ төсөл цаашаа хэвийн үргэлжлэх юм бэ. Энэ бүхнээс хамаарч ойрын зургаан сар, нэг жилийн хугацаанд эдийн засагт ямар хүлээлт байна вэ. Монголын эдийн засагт гэрэл гээтэй тоон мэдээлэл харагдана уу, ямар эерэг хүлээлт байгаа, ямар эерэг хүлээлт эвдэгдвэл санаа зовох ёстой вэ гэдгийг оролцогчдоос асуув.
undefined
-Эдийн засагч Ч.Хашчулуун: 2019 он бол эдийн засгийн өндөр өсөлттэй жил болохоор харагдаж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлуудын үр дүн энэ оны эцэст гарах болов уу гэсэн хүлээлт байна. Дорноговийн нефтийн үйлдвэрийн төсөл идэвжиж, дээр нь төсвийн хөрөнгө оруулалт нэлээд өндөр тавигдсан. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүд идэвхжинэ. Энэ бүхнийг харвал эдийн засаг оны эцэст 12 хувиар өсөхөд гайхах зүйл гарахгүй. Гэхдээ анхаарах, эрсдэл дагуулах асуудлууд байна. Хил орчмын тээвэрлэлт, логистикийн асуудал анхаарал татсан хэвээр байна. Хоёрт, Тавантолгойн цахилгаан станц төсөл хэрэгжих үгүй нь мэдэгдэхгүй болчлоо. Уг нь маш үр дүнтэй урагшилж байсан ч энэ төслийг болиод, орон нь өөр нэг юм оруулах гэж байх шиг байна. Гуравт, Тавантолгой IPO байна. Бүх л засгийн үед IPO хийнэ гэж мөрөөддөг л дөө. Өнөөгийн нөхцөлд амжилттай нь болох эсэх нь эргэлзээтэй. Нүүрсний үнэ унасан, дээр хөрөнгө оруулалт босголоо гэхэд зарцуулах төлөвлөгөө алга. Хөрөнгө оруулалтаа хэрхэн үр өгөөжтэй болгож чадах уу гэдэг асуултад унахаар байгаа.
Ерөнхийдөө 2019 он жил сайн бол болно. Эдийн засгийн өсөлт 2020 эхний хагас жил хүртэл хадгалагдана. Харин тэрнээс цааш хэрхэхийг бурхан л мэднэ дээ.
undefined
-Хас банкны ТУЗ-ийн гишүүн М.Болдоо: Эдийн засаг тоогоороо өсөөд байгаа юм шиг харагддаг. Гэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/-ийг зэрэг гаргахгүй бол төөрөгдөл үүсээд байгаа. ДНБ-ий өсөлтөд үнэ цэнэ бий болгож байгаа ихэнх нь гадаадын өмчлөлтэй, уул уурхай компаниуд байна. Гэтэл бид өсөлтийг өөрсдөө бий болгож байгаа юм шиг яриад хүн амдаа хувааж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлсэн гэж ярьдаг. Өнөөдрийг хүртэл ҮНБ гэдэг тоогоо гаргаагүй. Өөрсдөө үйлдвэрлээгүй зүйлээ тооцож, төсвийн алдагдлаа тооцдог. ҮНБ-ээ тооцож, үүндээ тулгуурлан алдагдлаа тооцвол хамаагүй бага байх боломжтой. Монгол Улс мордохын хазгай гэгчээр эдийн засгийн тоогоо ч, хэмжүүрээ буруу гаргадаг.
Монголын эдийн засаг хэчнээн өсч, нэмэгдсэн ч засаглал өөрчлөгдөхгүйгээр бид урагшаа явж чадахгүй. Засгийн газар бизнест оролцдогийг хүн бүр мэдэж байгаа. Тэр байтугай сүүлийн үед УИХ маш оролцдог болсон. УИХ янз бүрийн хууль тогтоомж гаргах, хязгаарлах, хориглох, дээр нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар бизнест асар их нөлөөлж, оролцож байгааг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зогсоохгүй бол бид энэ чөтгөрийн тойргоос хэзээч гарч чадахгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ыг өөрийг нь хязгаарлах ёстой, бизнесийн үйл ажиллагаанд оруулдаггүй, хууль тогтоох үйл ажиллагаанаас нь цааш хэтрүүлдэггүй хэмжээнд байлгаж гэмээнэ бид цаашдаа явна. Эерэг зүйл нь цаашид юу хийж болохгүй вэ гэдэг гэдгээ мэдсэн нь хамгийн том сургамж юм даа. Хоёрт шинээр бий болж байгаа шинэ үзэл бодолтой, өөдрөг залуу үе байна. Одоо бид залуу үеэ дээшээ нь гаргах нь зүйтэй.
undefined
-Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн салбар томоохон хөрөнгө оруулалтууд эхэлсэн. Төмөр замын шинэ төсөл эхлэх байх. ҮАБЗ-ийн зөвлөмж гарч, Засгийн газраас шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна, энэ том түлхэц болно. Тавантолгой IPO хүлээлт үүсгэж байгаа. Монгол Улсын хувьд хоёр том орд зэрэг хөдлөөд явбал эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байх боломжтой. Гэхдээ өнөөдөр Оюутолгой дээр ийм том асуудал үүсгэчихээд Тавантолгой олон улсын зах зээл дээр IPO гаргана гэдэг хэцүү. Одоогийн орж ирсэн хөрөнгө оруулагчтайгаа ойлголцож ажиллаж чадахгүй байж дараагийнхтайгаа чадах уу гэдэг асуулт гарна. Хамгийн том хүлээлт бол 2021 оноос Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх үе. Энэ үеэс уурхай бүрэн хүчин чадлаараа ашигтай ажиллах боломжтой гэж харж байна. Нэмж хэлэхэд, 2020 оны улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр эдийн засгийн хямралыг давахад чиглээсэй. Тийм байж чадах үгүйд эдийн засагчид, бизнес эрхлэгчид санаачилгатай хандах хэрэгтэы.
-Чиглүүлэгч Н.Золжаргал: Тэгэхээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт тогтвортой биш болох юм бол Монголын эдийн засагт асуудал үүснэ гэж ойлголоо.
undefined
-Эдийн засагч С.Дэмбэрэл: Монгол Улс төсвийн орлогыг, валютын нөөцөө маш сайн нэмэгдүүлье гэж бодвол Эрдэнэт, Тавантолгой, газрын тосны хэрэг эрхлэх шугамаар байгуулагдаж байгаа бүх төрлийн экспортын гэрээнүүдийг ил тод болгож, тэдний гадаад валютын хяналтын урсгалд хяналт тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн өмчит энэ гурван компанид капиталын хэсэгчилсэн хяналттай болох хэрэгтэй. Ингэвэл хулгай багасна, популизм багасна, Монголд валют их орж ирнэ. Төрийн өмчит компаниуд нь төрөөсөө гэрээгээ нуудаггүй, цэвэрхэн хулгайлдаггүй, хаанаас мөнгө орж ирж, хаашаа гарч байгаа нь ил тод байх ёстой. Үүнд мониторинг хийж, хянаж чадвал Монгол Улс их хожно. 2019 онд эдийн засаг өснө гээд өсөлт яриад байна. Хамгийн гол нь хүртээмжтэй өсөлт байна уу гэдгийг тооцох ёстой. Иргэн бүрийн амьдрал өсөлт нөлөөлж, иргэн бүрийн амьдрал тогтвортой сайжирч, дээшилж байх ёстой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн