Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

“Асралт мед” эмнэлэг нь 100 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай, ариутгал халдваргүйжүүлэлтийг хамгийн сайн шийдэж өгчээ

“Асралт мед” эмнэлэг нь 100 ортой  хэвтэн эмчлүүлэх тасагтай, ариутгал халдваргүйжүүлэлтийг хамгийн сайн шийдэж өгчээ
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 14
Өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой Комисс хуралдан коронавирусийн халдварын бэлэн байдлыг хангах, сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх хоёр эмнэлгийг нэрлэсэн билээ. Тус хоёр эмнэлгийн нэг нь “Асралт мед” хувийн эмнэлэг юм. Бид тус эмнэлгийг үйл ажиллагаатай танилцаж сурвалжлахаар зорьсон юм.
“Асралт мед” эмнэлэг нь ашиглалтад ороод удаагүй учир биднийг очиход хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Тус эмнэлэг нь амбулатори болон 100 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай. Амбулаторийн хэсэг нь дотрын болон мэс заслын гэсэн хоёр кабинеттай бөгөөд бүх төрлийн үзлэг, оношилгоо, мэс заслуудыг хийж гүйцэтгэдэг юм байна.
Харин хэвтэн эмчлүүлэх хэсэг нь мэс заслын, дотрын, чих хамар хоолойн, эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн гэсэн дөрвөн үндсэн тасгаас бүрддэг аж. Мөн хэвтэн эмчлүүлэх тасгийн өрөө бүр нь 00 өрөө душтэй, өндөр хурдны интернэтэд холбогдсоноороо онцлог юм.
Үүнээс гадна тус эмнэлэг нь тоног төхөөрөмжийн ариутгал халваргүйтгэлд сайтар анхаарч дэлхийн жишигт нийцсэн дурангийн ариутгал халдваргүйжүүлэлтийг Монголд анх удаа нэвтрүүлсэн гэдгийг тус эмнэлгийн дарга Н.Гансүх онцолж байлаа.
“Асралт мед” эмнэлэг нь телемедицини оношилгоо эмчилгээний төвтэй юм. Тус төв нь орчин үеийн мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан дэлхийн аль ч улс орны ур чадвартай мэргэшсэн доктор, профессоруудтай холбогдон эмнэлгийн яаралтай тусламж болон нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний зөвлөгөөг авахаар холбогдсон аж.
undefined
Ингээд “Асралт мед” эмнэлгийн дарга Н.Гансүхтэй ярилцлаа.
-“Асралт мед” эмнэлэг коронавирусийн халдвартай холбоотойгоор улсад байраа түрээсгүйгээр ашиглуулах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Яагаад ийм шийдвэр гаргах болсон вэ?
-Бид улс эх орон болоод ард түмнийхээ төлөө энэхүү шийдвэрийг гаргасан. Амьсгалын замаар тархдаг, онц халдвартай шинэ коронавирус бол дэлхий нийтийг цочроож байна. Тэр дундаа манай улс халдвар авах хамгийн эрсдэл өндөртэй бүсэд байгаа. Энэ халдварт өвчин манай улсад хэрвээ ороод ирвэл онц аюултай. Ялангуяа амьсгалын замаар халддаг учраас халдахгүй гэх баталгаа байхгүй учир эмч хүнийхээ хуваарь нийгмийн хариуцлагаа ухамсарлан захиралтайгаа зөвлөлдөн энэхүү шийдвэрийг гаргасан байгаа. 
-Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээ мөн адил ашиглуулах уу?
-Манай эмнэлэгт олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи, оношилгоо, эмчилгээний өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд бий. Мэдээж халдварт өвчний үед маш их зардал гарна. Иймээс  бид шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрч байгаа. Үүнээс гадна эмч, мэргэжилтнүүд маань бүгд ажиллана.
undefined
-Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа маш олон хувийн эмнэлгүүд байна. Тэдгээр эмнэлгээс ялгагдах онцлог юу вэ?
-Манай эмнэлэг үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэргүүн чиглэл нь Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийг эх орондоо эмчлэх зорилготой ажиллаж байгаа. Үүний тулд гадаадын өндөр ур чадвар бүхий мэргэшсэн эмч нарыг урьж тэдэнтэй хамтран эмчилгээ оношилгоо хийнэ. Ингэснээр нэгд, эх орондоо эцэг, эх, элгэн садныхаа дэргэд эмчлүүлсэнээр өвчтөний сэтгэл зүйн дарамтыг багасгана. Хоёрт, тухайн өвчтөний ар гэрт очих санхүүгийн дарамтыг багасгах. Гуравт, Монгол Улсаас гадаад улс руу урсах мөнгөн урсгалыг багасгах. Жилд эрүүл мэндийн чиглэл гадагшаа 60-70 сая төгрөг урсдаг гэсэн тооцоо судалгаа байдаг учир үүнийг багасгах зорилготой. Дөрөвт, гадаадын өндөр нарийн мэргэжлийн чадварлаг эмч нараас манай эмч нар суралцсанаар тэдний мэдлэг, мэргэжил ур чадвар дээшилж цаашдаа гадаадын эмч мэргэжилтнүүдийг урих шаардлагагүйгээр эх орондоо бүрэн эмчилдэг болох зорилго тавин ажиллаж байна
Хоёрдугаар чиглэл нь чих, хамар хоолойн төрөлжсөн нарийн эмчилгээний тусламж үйлчилгээний чиглэл. Манай эмнэлэгт чих хамар хоолойн нийгэмлэг ажиллаж байна. Монгол орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалан чих хамар хоолойн өвчлөл ихэсдэг. Тэгэхээр агаар дуслын замаар халддаг вирусийн халдварууд хүндэрч хатгаа болдог. Энэ талын эмчилгээг арай түлхүү үзүүлдэг. Гурав дахь нь хоол боловсруулах эрхтэн судлалын эмгэгийн дурангийн оношилгооны төв. Энэ төв нь дэлхийн жишигт хүрсэн дурангийн ариутгал халдваргүйжүүлэлтийг Монголд анх удаа нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог.
-Гадаадын эмч мэргэжилтнүүдийг урьж авчирна гэлээ. Ямар, ямар улсын эмч нарыг урихаар төлөвлөж байгаа вэ?
-Одоогийн байдлаар Энэтхэг улсын эмч нартай холбогдож гэрээ хийсэн байгаа. Энэтхэг улсаас 3-4 чиглэлийн эмч нар ирэх боломжтой. Солонгос улсын нэлээд олон эмнэлгүүдтэй холбоо тогтоон ажиллаж байна. Германы томоохон эмнэлгүүдтэй холбоо тогтоон эмч нартай гэрээ хийсэн. Манай улсад ирж эмчилгээ хийх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Хамгийн сүүлд Турк улсын эмнэлэгтэй холбоо тогтоон ажиллаж байна.
-Яг ямар, ямар чиглэлээр ирэх боломжтой байгаа вэ?
-Манай улс эмчлэх боломжгүй 26 өвчин байдгаас хүмүүс хамгийн их өвчилж гадаад руу явдаг үндсэн 8 өвчин бий. Үүнд хамгийн эхэнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа байдаг. Тэгэхдээ сүүлийн үед манай монгол эмч нар эх орон хийж байгаа. Тэгэхдээ хүрэлцээ муу байгаа. Дараа нь зүрх судас, хавдар, мэдрэлийн мэс засал гэх мэт өвчнөөр хүмүүс маш их явдаг учир эдгээр чиглэлүүдийн дагуу эмч нараа урьж авчирна.
-Гадаадын эмч нарыг эх орондоо урихад маш их зардал шаардагдана. Зардлыг яаж шийдэх вэ. Төр засаг хэрхэн дэмжих бол?
-Гадаадын улсад очоод байрлах орон сууц, хоол унднаас эхлээд зардал маш их гарна. Монголчууд хамгийн ихээр Хятад, Солонгос, Энэтхэг улсуудад очин эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Ялангуяа Энэтхэг улсын эмнэлгийн тусламж үйлчилгээ бусад орнуудтай харьцуулахад хамаагүй хямд учраас маш олон хүмүүс зорьж очдог юм байна лээ.  Гэтэл Монголчуудын үзүүлдэг багц шинжилгээг харахад энд зуун хувь хийгддэг шинжилгээнүүд байдаг. Манайд өвчтөний шинжилгээ хийгдсэний дараа бид гадаадын томоохон эмч, докторууд руу явуулан, Монголд ирж хагалгаа хийх боломжтой эсэхийг асууж, зөвшөөрвөл тухайн эмчийн замын зардал, энд ирээд байрлах газар, хоол унд гээд бүхий л зардлыг манай эмнэлэг даана.
Төр засаг маань биднийг маш их дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Яагаад гэвэл Монголд эмчлүүлж байгаа иргэд маань бүгд даатгалд хамрагдана. Гадаад явсан хүмүүст ямар нэгэн хамрагдах даатгал гэж байхгүй. Үүнээс гадна дээр хэлсэнчлэн гадагшаа гарах мөнгөн урсгалыг тодорхой хэмжээнд багасгах тул мэдээж биднийг дэмжих байх гэж бодож байгаа.
-Эмч мэргэжилтнүүдийн хувьд мэдээж туршлагатай мундаг сайн эмч нар ажиллаж байгаа байх. Нийт хэдэн эмч мэргэжилтэн ажиллаж байгаа вэ?
-Нийт 27 орчим эмч, 30-аад сувилагчтай. Чиглэл болгон дээр 20-с дээш жил ажилласан эмч ахалж ажиллаж байгаа. Эдгээр эмчийн 80 хувь нь  зэрэг, цолтой эмч нар. Харин цаашдаа дандаа залуу эмч нарыг авч ажиллалуулах төлөвлөгөөтэй байна. Улсын болон хувийн эмнэлгүүдэд ажлын туршлагатай, цолтой, зэрэгтэй байх ёстой гэх мэт өндөр шалгуур тавьдаг. Тиймээс залуу эмч нарыг бид нар л сургахгүй бол өөр хаана сурч хөгжих вэ дээ.
-Эмнэлгийн тоног төхөөрөмжөө ямар улсаас оруулж ирсэн вэ?
-Манай эмнэлэг тоног төхөөрөмжөө Япон улсаас оруулж ирсэн. Сүүлийн үеийн хамгийн чанартайг нь сонгон оруулж ирсэн байгаа. Нэг онцлог гэвэл манай эмнэлгийн лабораторийн зургийг Япон инженерүүд гаргаж өгсөн байгаа. Мөн тоног төхөөрөмж суурилуулалт дээр Япон инженерүүд өөрсдөө ирж суурилуулж өгснөөрөө их онцлогтой.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн