Орон даяар эхлүүлсэн татварын багц хуулийн шинэчлэлийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр өндөрлөж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд татварын гурван /ХОАТ, ААНОАТ, Татварын Ерөнхий хууль/ хуулийг шинэчилж, 21 хуульд нэмэлт өөрчлөлт орох юм. Төрийн ордонд өчигдөр “Эрдэс баялаг-Уул уурхай 2018” хөрөнгө оруулагчдын уулзалт болсон. Уулзалтад Сангийн яамны төлөөлөл оролцож, татварын багц хуулийн шинэчлэлийн талаар мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгсөн. Хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр татварын таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Тэлмүүний танилцуулсан татварын багц хуулийн шинэчлэлд багтсан онцлох өөрчлөлтийг хүргэж байна.
Татвар төлөгч алдаа гаргасан бол эргэж засах, залруулах боломж олгоно
Татварын шинэчлэлийн гол агуулга татвараа үнэн зөв, цаг тухайд нь тайлагнадаг, төлдөг, татвараас зайлсхийхийн тулд элдэв арга хэрэглэдэггүй татвар төлөгчид боломж олгоход чиглэжээ. Үнэнч татвар төлөгчийн бизнесийг дэмжих, татварын хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөх, урамшуулах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.
Харин нөгөө талд татвараа төлдөггүй, ямар нэгэн арга хэрэглэж татвараас зайлсхийдэг иргэд, аж ахуйн нэгжид хатуу анхааруулж, татвараа гүйцэт хураах механизмыг чангатгахад хуулийн төслийн агуулга чиглэгджээ.
Түүнчлэн, татвар хураах процессыг сайжруулж, илүү нарийвчилж заажээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн хялбаршуулсан татвар төлөхтэй холбоотой гардаг зардлыг бууруулах юм байна. Дээр нь, татварын тайлан тушаахад татварын байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг хялбаршуулж, илүү шинэ шатанд гаргахад зөвлөж, тусалдаг болно. Мөн татвар төлөгч алдаа гаргасан бол эргэж засах, залруулах боломжийг олгодог болох зохицуулалтыг суулгах юм байна. Татварын маргаантай холбоотой олон шат дамжлагыг цөөлж, нэг дамжлагатай маргаан таслах зөвлөл ажиллуулна.
Татварын өр төлөх хугацааг хоёр жил болгоно
Өнөөгийн дагаж мөрдөж буй хуульд татварын өр төлөх хугацаа зургаан сар байгаа. Шинэчлэлийн төсөлд энэ хугацааг сунгаж, хоёр жилийн хугацаанд өр төлбөрөө барагдуулах боломжийг олгохоор тусгасан байна. Өртэй бизнес, аж ахуй эрхлэгчид боломж олгож, өр төлөх хугацааг уртасгаж байгааг хуульд санаачлагчид онцолсон.
Бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс татварын хялбаршуулсан горим руу шилжинэ. Жижиг, том нь хамаагүй бизнес л эрхэлж байгаа бол жилд дөрвөн удаа татварын тайлан гаргаж байгаа. Үүнийг өөрчилж, улирлын цикл, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанаас хамаарч жилд 1-2 удаа тайлан гаргахаар төсөлд тусгажээ.
Хөрөнгө оруулагчдаас авах суутган татварыг бууруулна
Хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр татварын хуульд нэлээд хэдэн өөрчлөлт орж байгаа юм байна. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулагчаас авах суутган татварын хэмжээ 20 хувь байсныг 15 хувь болгохоор заажээ. Мөн Монголын компаниуд гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан зээлийн эх үүсвэр татахад 10-15 хувийн татвар авч байсныг 5 хувь, Монголын компани гадаадын хөрөнгийн биржид хувьцаагаа борлуулахад хувьцааны ногдол ашгаас 5 хувийн татвар ногдуулахаар шинэчлэлийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн, уул уурхайн лицензийг шилжүүлэхтэй холбоотойгоор нийт дүнгийн 30 хувьд татвар ногдуулж байсныг өөрчилж, зөвхөн ашгаас 10 хувийн татвар ногдуулахаар тусгаж байгаа юм байна.
Томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай үйлдвэрийн төсөл дээр татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ. Тухайлбал, барилга байгууламжийн элэгдэл даах хугацааг 40 жил байсныг 25 жил болгоно. Ингэснээр элэгдлийн зардал багасч, компаниудын орлогын татварын ачаалал нэлээд хэмжээгээр буурна гэж тооцжээ.
Давхар татварын гэрээнээс үл хамааран нэг л удаа татвар төлөх боломж нээгдэнэ
Монгол компани гаднын аль нэг оронд татвар төлсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийг давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран хасагдуулж өгөх боломжийг нээжээ. Австрали, Япон, Америк зэрэг улсуудтай давхар татварын гэрээгүйгээс болж татвар давхардан ногдох асуудал үүссээр байгаа. Хэрвээ хуулийн төсөл батлагдаж, дээр дурдсан заалт хэрэгжвэл аж ахуйн нэгжүүд давхар татварын гэрээнээс үл хамааран нэг л удаа татвар төлөх нөхцөл бүрдэх аж.
Түүнчлэн, татварын байцаагч үндэслэлгүйгээр их хэмжээний акт тавьснаас томоохон хөрөнгө оруулагч компаниудад хүндрэл учирдаг. Татварын байцаагч өөрийн алдаанаас болж үндэслэлгүй акт тавьсан бол эргээд өндөр хариуцлага тооцдог байхаар хуулийн төсөлд тусгажээ.