“Гэгээ” коллежийн үүсгэн байгуулагч, зөвлөх багш, PhD Д.Болдбаатар “Таван өнгө цуврал” шинэ номын нээлтээ өнөөдөр /2022.10.22/ хийлээ. Тухайн таван цувралд “Дууны саваа”, “Хувраг бүжиг”, “Унтахын өмнө ном”, “Өгүүллэгийн хүүрнэл”, “Жихүү хүйтнээс алсад” гэсэн номууд багтсан байна. Нээлтийн үеэр ирсэн зочид хэлэлцүүлэг өрнүүлж, түүнээс сонирхсон бүхий л төрлийн асуултдаа хариулт авч байлаа. Үүнээс гадна хятад хэлийг хурдан хугацаанд сурах, зөв амьдралын дадал хэвшилтэй байх талаар “Гэгээ” коллежийн үүсгэн байгуулагч, зөвлөх багш, PhD Д.Болдбаатар өөрийн жишээн дээр тулгуурлан зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Тэрээр өөрийн орчуулсан номын талаар уншигчдад хандан “Манай “Гэгээ Паблишинг” хэвлэлийн газар “Хятадын орчуулгын хэвлэлийн хороо”-той хамтарч орчуулсан. Энэ таван ном нь Хятадын цөөнх үндсэн зохиолч эмэгтэйчүүдийн бүтээл бөгөөд өгүүллэг, тууж, эссэ, яруу найраг гэсэн төрлүүдтэй.
Жишээлбэл, “Хувраг бүжиг” номд эртний Солонгос улсын амьдралыг түлхүү бичсэн. Одоогийн нийгэмд байдаг биеэ үнэлэгчдийг ондоо өнцгөөс харуулна. Хувь хүнийг буруутгахаас илүү нийгмийн шалтгаантайг нь тайлбарлаж, тэдний хүн чанараа гээгээгүй байх боломжтойг харуудаг. Ар гэрийнхэн нь алт, мөнгөнд дуртайгаасаа болж охиноо буруу замаар оруулчихсан тохиолдол цөөнгүй байдаг талаар ч өгүүлнэ. Уншихад их сонирхолтой, өвөрмөц сэтгэлгээтэй номнууд бий” гэсэн юм.
Д.Болдбаатар нь өнөөг хүртэл 40 гаруй ном, 1400 анги кино хөрвүүлж, заах аргын онцгой арга барилаараа олон зуун шавь төрүүлжээ. Үүн дотор “Чонон сүлд” роман, “Гурван улсын үлгэр” зэрэг сонгодог зохиолууд, “Хуанжу Гэг”, “Чингис хаан” зэрэг олон ангит кинонууд багтдаг байна.