Газар доорх баялагийг үнэ цэнэтэй гэж үзэн олборлож байгаа ч тухайн олборлолт явуулж байгаа аймаг, орон нутагт уул уурхайгаас ирэх ашиг тус гэхээсээ асуудал бэрхшээлүүд их байлаа. Харин одоо байдал өөр болсоор байна. Учир юу гэвэл орон нутгийн иргэдэд уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгож эхэлснээр иргэд зөв мэдээлэлтэй болж, улмаар орон нутагт нь үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай хамтран ажиллах, иргэдийн хяналтыг тавьдаг болсон. Үүнийг дагаад уул уурхайн компаниудын үүрэг хариуцлага ч улам нэмэгдэж, байгаль орчинтой зүй бус харьцахгүй байх, нөхөн сэргээлтийг зохистой хэмжээнд хийхийг хичээж, тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг нь дэмжин ажиллах зэрэг эерэг өөрчлөлтүүд Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын /ОҮИТБС/ хүрээнд хэрэгжиж байгаа “Жишиг 5 сум ” хөтөлбөрт хамрагдсан Ерөө, Заамар, Гурвантэс, Бор өндөр, Дэлгэрэх гэсэн сумдад хэдийн гараад байгаа юм. Энэхүү ОҮИТБС нь олон улсад 2002 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор дэлхийн олборлох үйлдвэрлэл илүүтэй хөгжсөн 52 орон нэгдээд байгаа. Монгол улсын хувьд тус санаачлагад 2006 оноос нэгдэж өдгөөг хүртэл бусад орнуудад жишиг болох цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж ирсний бас нэгэн чухал хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлснээр иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулж, орон нутгийн удирдлага, компани болон иргэний нийгэм гэсэн 3 талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилготой “Жишиг 5 сум” хөтөлбөр юм. 2017 оноос эхэлж хэрэгжсэн ч богино хугацаанд олон өөрчлөлтүүдийг хийж болохыг дээрх хөтөлбөрт хамрагдсан Төв аймгийн Заамар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдтэй уулзахад хэлж байлаа.





