Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

С.Янжмаа: Чихрийн шижин өвчний үед хооллолт нь онцлогтой, нарийн дэгтэй байдаг

С.Янжмаа: Чихрийн шижин өвчний үед хооллолт нь онцлогтой, нарийн дэгтэй байдаг
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 13
Дэлхийн чихрийн өвчинтэй тэмцэх өдөр маргааш тохионо. Үүнтэй холбоотойгоор УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабеmийн тасгийн эрхлэгч С.Янжмаатай  ярилцлаа.
-Хүмүүс чихрийн шижин өвчний талаарх мэдлэг ойлголт багатайгаас өвчнөө хүндрүүлдэг болохыг эмч нар хэлсэн. Тэгэхээр чихрийн шижин гэж ямар өвчин болох талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Чихрийн шижин гэдэг нь цусанд глюкоз ихэссэнтэй  холбоотой  их шээх, их уух, байнга ам цангах, ядарч сульдах, арьс хуурайших, турах, жингээ алдах, халдварт өртөмтгий болох, нүдний хараа муудах зэрэг дараах шинж тэмдгээр илэрдэг  өвчин юм.
-Чихрийн шижин нь ямар шалтгаанаас үүсэн бий болдог өвчин юм бэ. Үүнд хүний ямар нэгэн буруу дадал зуршил нөлөөлөх үү?
-Чихрийн шижин өвчний нэг, хоёрдугаар хэв шинж нь элбэг тохиолддог.  Эхний хэв шинж нь 35-аас доош насанд залуу хүмүүст ихэвчлэн тохиолдоно.  Дараагийн хэв шинж нь 35-аас наснаас дээш буюу таргалалттай холбоотойгоор үүсдэг. Мэдээж таргалалт нь амьдралын буруу дадал зуршил, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэгтэй холбоотой үүснэ. Мөн удамшиж болно.
-Уг өвчин нь ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ. Ямар шинэ тэмдэг илэрвэл даруй эмчид хандах ёстой вэ?
-Их шээх, их уух, байнга ам цангах, ядарч сульдах, арьс хуурайших, турах, жингээ алдах, арьс хуурайших, шарх сорви эдгэхгүй удах, нүдний хараа муудах зэрэг дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандан түргэвчилсэн аргаар эсвэл биохимийн шинжилгээгээр  цусны глюкозыг үзүүлнэ.
-Ямар хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал нь илүү өндөр байдаг юм бэ?
-Хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор илүүдэл жинтэй болон таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчинд хамгийн их өртөнө.
-Иргэд чихрийн шижин өвчнөө хүндэрсэн үед нь эмчлүүлэхээр эмнэлгийн байгууллагад хандаж байгааг хэлсэн. Тэгэхээр хүмүүс яагаад өвчнөө хүндэрсний дараа ирж байна вэ. Энэ нь дээр хэлсэн ч уг өвчний талаарх мэдлэг, ойлголт муу байгаатай холбоотой юу?
-Чихрийн шижингээр оношлогдсон тохиолдолд өвчтөний өөрийн хяналт байхгүйтэй холбоотой хүндрэлүүд гарна. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийг аймаг, дүүргийн эмнэлэг дээр дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмч хянадаг. Тухайн эмчдээ үзүүлж  эмээ авч уух, инсулин тариагаа тогтмол тарихаас гадна цусны сахараа хянаж чадвал гарах хүндрэлээс  сэргийлж болно. Ихэвчлэн том, жижиг судасны хүндрэлүүд гарна. Тухайлбал, нүдний хараа муудах, тархинд цус харвах, хөлний шарх үүсэх, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс гэх мэт.
-Гэр бүлийн хэн нэгэнд нь чихрийн шижингээр өвдсөн хүн байвал яах ёстой вэ. Өвчин дамжих эрсдэл байдаг уу. Гэр бүлийн бусад гишүүд нь ямар нэгэн дэглэм барих ёстой юу?
-Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Чихрийн шижин ба Гэр бүл” гэсэн уриан доор тэмдэглэх гэж байна. Гэр бүлийн хэн нэгэнд чихрийн шижин илэрсэн тохиолдолд дотоод шүүрлийн эмчид үзүүлж, шаардлагатай  шинжилгээнүүдийг өгнө. Тухайн гэр бүлд  чихрийн шижинтэй хүн байвал бусад гишүүд нь энэ өвчний талаарх мэдээллийг авч, сургалтад сууж, амьдралын хэв маягаа өөрчлөн тусалж дэмжиж амьдрах нь хүндрэлээс сэргийлж хамтдаа амьдрах боломжтой.
-Судалгаанаас харахад насанд хүрэгчид чихрийн шижин өвчний хамгийн их хувийг эзэлж байгаа гэсэн тоо гарсан байсан. Тэгэхээр насанд хүрэгчид чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувийг эзэлж байгаагийн гол шалтгаан юу юм бэ?
-Насанд хүрэгсдийн чихрийн шижингийн 80-90 хувь нь илүүдэл жин, таргалалттай холбоотойгоор үүсдэг.
-Чихрийн шижин өвчтэй хүн хүссэн болгоноо идэж, ууж болохгүй байх. Уг өвчнөөр өвчилсөн хүн хоол хүнсний ямар дэглэм барих ёстой байдаг юм бэ?
-Тухайн өвчнөөр оношлогдсон тохиолдолд мэргэжлийн хоол зүйчээс хоолны зөвлөгөө авна. Хоолны сургалтад суух шаардлагатай. Ингэснээр тухайн хүнд тохирсон хоолны меню гаргана. Чихрийн шижингийн хооллолт нь онцлогтой, нарийн дэгтэй байдаг.
-Чихрийн шижин өвчтэй хүн эмчилгээ хийлгэж байх үедээ юунд анхаарах шаардлагатай байдаг вэ?
-Дотоод шүүрлийн эмчийн хяналтандаа тогтмол үзүүлэх нь чухал. Глюкоз бууруулах эм болон тариагаа цаг хугацаандаа таслахгүйгээр тогтмол хэрэглэнэ. Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх ёстой. Цусны глюкозоо үзэж хянана.  Цусны глюкозыг үзэхдээ өглөө өлөн байхдаа  үзнэ. Шардлагатай тохиолдолд хоол идсэнээс хойш хоёр цагийн дараа үзэж болно.
-Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юу гэж зөвлөх вэ?
-Биеийн жингээ нэмэхгүй байх хэрэгтэй. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг амьдралын  хэвшил болгохыг зөвлөе.  Стрессээс хол байхыг хичээ.
-Уг өвчний бүрэн эдгэрэх боломж нь хэр байдаг юм бэ?
-Бүрэн эдгэрэхгүй. Амьдралын зөв дадалтай байвал хүндрэл үүсэх нь бага байна.
-Ярилцсанд баярлалаа. 
 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн