Open iToim app
Зочин | 10 мин уншина

Б.Эрдэнэбат: Манай улс ханшаа хүчээр барьж, ядуусын эсрэг бодлого баримталж байна

Б.Эрдэнэбат: Манай улс ханшаа хүчээр барьж, ядуусын эсрэг бодлого баримталж байна
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 10
Английн Манчестерын Их сургуулийн эдийн засгийн багш асан, эдийн засагч, доктор Б.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засагт хамгийн тулгамдаад байгаа асуудлын нэг нь ирэх онд төлөгдөх бондын хоёр өр бий. Тэгэхээр ярилцлагаа ирэх онд төлөгдөх бондын өрийг бид төлж чадах уу гэдгээс эхэлье.
-Ирэх жилийн бондын төлөлтийн графикаа гаргачихсан гэж ойлгосон. Тооцоолол нь гарсан учраас бондын төлөлтийг хийж чадахгүй гэх эрсдэл харьцангуй бага. Санхүүгийн зах зээл ч мөн бондоо төлж чадахгүй гэж үзэхгүй байна. Монгол Улсын Засгийн газар болон санхүүгийн зах зээлийн аль аль нь энэ өрийг давж чадна гэж үзэж байна.
-Өрийн төлөлт хийсний дараа улс орнуудын валютын нөөцийн график огцом унасан харагддаг. Харин манай улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар хүрч багассан. Бондын төлөлтийг яаж хийх бол?
-Бондыг валютын нөөцөөсөө бүтэн төлж дуусгана гэсэн асуудал яригдахгүй байгаа. Яагаад гэвэл, жил орчмын өмнө 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Гэтэл гадаад валютын сан 34 хувиар багасчихсан байна. Өөрөөр хэлбэл, гуравны нэгээс илүү хувь нь алга болсон. Тиймээс энэ сангаас бондын эргэн төлөлтийг хийх боломжгүй. Төлөх юм бол бид хоосорчихно шүү дээ. Нөөцөөсөө төлбөл зайлшгүй оруулж ирдэг эм бэлдмэл зэргээ авч чадахгүйд хүрнэ. Тэгэхээр нөөцөө шавхахгүй л болов уу. Төлөхдөө дахин зээл авч төлнө. Өөрөөр хэлбэл, зээлийг зээлээр дарах арга хэмжээ авна гэсэн үг. Манай улсын нөхцөл байдлыг ойлгодог олон улсын санхүүгийн донор улсуудтай гэрээ хэлцэл хийгээд түүгээрээ л бондын төлөлтөө хийнэ үү гэхээс биш валютын нөөцөөсөө төлөх, олон улсын санхүүгийн зах зээлээс дахин мөнгө босгохгүй байх. АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөнтэй холбоотойгоор дэлхийн бүх улсууд бонд гаргана гэвэл нэлээд өндөр хүү амлаж байж босгоно. Ялангуяа хөгжиж байгаа улсуудын хувьд эрсдэлтэй гэж үздэг болсон. Тиймээс санхүүгийн зах зээл өндөр хүүтэй л бонд босгох боломж олгоно.
Бид бондыг бондоор төлөөд үргэлж цамаан загнадаг. Валютын бодлоготойгоо харьцуулаад үзвэл бодлогогүй шийдвэр гаргадаг. Валютын нөөцийг төгрөгийнхөө ханшийг хамгаалах гэж л гуравны нэгийг нь шавхсан. Гэтэл аливаа улсын мөнгөн тэмдэгт нь эдийн засагт орж ирж байгаа цохилтуудыг өөртөө шингээх учиртай. Ихэнх улс валютын ханшаа уян хатан байлгадаг. Ямар нэгэн байдлаар тухайн улсын эдийн засагт сөрөг зүйл орж ирвэл валютын ханш нь унана. Ханш нь уначихаар тухайн улсын өрсөлдөх чадвар сэргэдэг. Ажилчин, ажиллах хүч, түүхий эд, барилга байшин зэрэг нь валютын ханш унасантай холбоотойгоор хямдхан болчихдог. Үүнийг нь гаднын хөрөнгө оруулагчид сайхан боломж гэж харна. Бид үүн дээр ажиллаж чадахгүй байгаа болохоор доллар авъя гэсэн хүмүүст валютын нөөцөөсөө доллар гаргаж зараад байна. Ингээд л нөөц шавхраад байгаа хэрэг.
Дээрээс нь хүн амын орлогын тэгш бус хуваарилалт их байна. Өндөр орлоготой хүмүүс асар их гадаад валютын хэрэглээтэй болчихсон. Ихэнх хүмүүс тийм хэрэглээтэй байж чаддаггүй. Энэ тохиолдолд бид валютын ханшийг хүчээр барина гэдэг ядуусын эсрэг бодлого баримталж байна гэсэн үг. Тэдний хувьд ажлын байр байхгүй, гаднын хөрөнгө оруулагчдыг татахгүй.
-Манай улс дефолт зарлах эрсдэлтэй гэдгийг олон улсын судалгааны байгууллага мэдээлсэн. Ингэхдээ 3-4 жилийн дараа гэж онцолсон. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Манай улс ойрын хоёр жил деполтын эрсдэлгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн. Энэ хоёр мэдээлэл цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа учраас хэнийх нь үгэнд үнэмшихээ мэдэхгүй байдалд орлоо. Ер нь богино болон дунд хугацаандаа бид дефолт зарлах эрсдэлтэй юү?
-Дефолт зарлана гэдгийн цаана хоёр агуулга хөндөгдөж болно. Нэгд, тийм үндэслэл бий юү. Хоёрт, санхүүгийн тоглолт хийж байгаа хүмүүс байна уу. Энэ хоёр агуулгаар харах хэрэгтэй.
Санхүүгийн тоглолт гэдгийг тайлбарлая. Сангийн яам ирэх жилийн бондын төлөлтийг хийж чадах бодит тооцооллоо гаргачихсан. Тэр тооцоолол, схем бүгдтэй нь танилцаж мэдсэн нөлөө бүхий улстөрчид эсрэг мэдээлэл цацаж байна гэх агуулгаар Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Үүний учир нь, Монгол Улс бондын өрийг төлж чадахгүй нь гэх мэдээлэл цацагдахаар манай улсын нэр хүнд унана. Харин Монголын бондыг эзэмшиж байгаа хүмүүс ханш нь илүү унахаас өмнө зарж эхэлнэ. 100 доллароор зарж байсан бондыг хүмүүст хямдруулж, 90, 70 ам.доллар хүртэл бууруулан зарж таарна. Харин Засгийн газрын хүмүүс бондоо төлж чадна гэдгээ мэдэж байгаа шүү дээ. Мэдээлэлтэй ойр байгаа хүмүүс зохиомол хар PR хийж, ханшийг нь навс унагасан хойноо ихээр өөрсдөө худалдаж авна. Шийдвэр гаргах түвшний албан тушаалд алалцаад байдгийн учир бас үүнд ч бий.
Монгол Улсын эдийн засгийн бүтээмж муу. Гадаадын боловсон хүчингүүдтэй өндөр чадвартай байж гадаадын боловсон хүчинтэй өрсөлдөнө. Гэвч манай тэр асуудалтай байдаг учраас эдийн засгийн 98 хувь нь түүхий эдийн зах зээлээс хамааралтай.

Монгол Улс нэг хүнд ногдох өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг

-Ер нь дэлхийн улс орнуудтай харьцуулбал манай улсын нэг хүнд ногдох өр ямар түвшинд байгаа вэ?
-Хамгийн сүүлийн үеийн гадаад өрийн статистикийг харвал Дэлхийн банкинд гадаад өрийн бүртгэлтэй хөгжиж байгаа 124 улсаас 14 дүгээрт эрэмбэлэгдсэн байдаг. Энэ бол Монголын Засгийн газар ард түмний нэрийн өмнөөс авсан өр. Тэгэхээр хүн бүр одоогоор 3100 ам.долларын өртэй гэсэн үг. 2021 оны дөрөвдүгээр улирлын буюу хамгийн сүүлийн үеийн тайлангаар Засгийн газрын өр 27 их наяд гэсэн байна лээ. Түүнээс хойш валютын ханш нэлээд уналаа. Валютын ханш хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бидний гадаад өрөнд сөргөөр нөлөөлж болох юм. Валютын ханш өнгөрсөн жилээс 10 хувиар унасан. Миний прогнозоор 2022 онд дор хаяж бидний төлөх 27 их наядын өр 10 хувиар өсөж, 30 их наяд болж автоматаар нэмэгдэнэ. Бид түүхэндээ 30 их наядын гадаад өртэй болж байгаа хэрэг.
Дээрээс нь, Оюу толгой өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулахгүй гадаад зах зээл дээрээс зээл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт ажлаа явуулдаг бол манай улсын нийт өрөнд нэмэгдэж бодогддог. Тэгэхээр Оюу толгойн өр Монгол Улсын гаднын зах зээл дээр Монгол Улсын өр болж харагддаг. Засгийн газрын баталгаат өрнөөс гадна энэ мэт хувийн секторуудын өрийг нэгтгээд бодвол манай өр хоёр дахин нэмэгдэж харагддаг л даа. Тэр гарсан тоогоороо бид гадаад өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Хоёрдугаарт жагсдаг улсаасаа хоёр дахин илүү буюу хол тасарсан их өртэй. Тэр ч утгаараа Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдад “Өрөндөө баригдсан аймшигтай улс байна” гэж харагддаг.
-Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт идэвхтэй байх үед эдийн засаг сэргэг байлаа. Харин одоо төслийн нөлөөгөөр бус эдийн засгийн ердийн өсөлтөөрөө гэлдэрч байна гэх үү дээ. Гэвч Оюу толгой шиг төслийн нэг, хоёр жил тутамд хэрэгжүүлээд байх боломжгүй тул эдийн засгаа өөрөөр сэргэг байлгах гарц бидэнд бий юү?
-Оюу толгой нээгдсэн үе, нээгдээгүй үе хоёрын эдийн засгийн үзүүлэлтийг харвал шат ахих мэт огцом өнцөгтэй өсөлт бий болсон байдаг. Яг нэг шат ахисан түвшин дээрээ л байгаад байна. Дахиад нэг цооног, Оюу толгой шиг уурхай нэмж байгуулдаггүй юм бол шат ахихгүй. Тэгэхээр эдийн засаг яаж уул уурхай дээр тулгуурлаж хөгждөг вэ гэдгийг ойлгох чухал. Ерөөсөө л уул уурхайгаас орж ирсэн мөнгөө халамж, зам болгохоо болих хэрэгтэй. Бусад улсад хэдэн 100 жил болсон замын брожур байж болоод байхад манай улс жил бүр хуулж, шинээр барьж байна. Засмал зам метр квадрат тутамдаа 850 мянган төгрөг байна. Гэтэл Монгол Улс жил бүр зам руу хөрөнгө оруулалт хийсээр л. Шийдвэр гаргагч бүр замын компанитай эсвэл хувь эзэмшдэг. Тэгэхээр уул уурхайгаас орж ирсэн мөнгөний ихэнх нь зам руу ордог. Цаанаа бол шийдвэр гаргагчдын халаас руу ороод байгаа хэрэг. Чухам энэ мөнгөний урсгалыг залуусын боловсролд оруулах хэрэгтэй.
Татвар төлөгчдийн мөнгөөр дэлхийн топ их дээд сургуульд оюутнуудыг явуулж байна. Топ 100 сургуулийн жилийн төлбөр 68000 ам.доллар байдаг. Үүнд малчин ардын хүүхдүүд ч явах ёстой гэж попордог. Үнэн хэрэгтээ малчин ардын хүүхдүүд явдаггүй, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд явдаг. Дэлхийн хэмжээний их сургуулиуд тийм өндөр төлбөртэй байдаг атал Монгол Улсын их дээд сургуулиудын төлбөр 2.2 сая төгрөгт үнийг нь тогтворжуулаад барьчихдаг. Боловсролын яам цөөн хүүхдэд зориулж өндөр төлбөр гаднын улс руу шилжүүлдэг хэр нь дотоодын их сургуулиуддаа шахалт үзүүлдэг. Тэгэхээр монгол оюутнууд жилд гурван метр квадрат засмал замтай тэнцэх дүнгээр боловсролоо авч байна. Тэгэхээр л арван жилээс ахисан хэмжээний мэдлэг авахгүй. Том хүмүүст зориулсан өдөр өнжүүлэхэд яваад байна гэх оюутнуудын үг үндэслэлтэй. Цөөхөн азтай хүүхдүүд дэлхийн топ сургуульд явах биш массаараа боловсролтой баймаар байгаа шүү дээ.
-Бид ковидын жилүүдэд хил гаалиар бараа таваараа гаргаж, оруулж бараг л чадахгүй байлаа. Энэ даваа гаригт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахдаа энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэлээ. Айлчлалын дараах эдийн засгийг хэрхэн төсөөлж байна вэ?
-БНХАУ-ын хувьд Монгол Улс юугаар ч сольшгүй хөрш нь биш. Социализмын үеэс л улс төрийн тавцанд Монгол Улсыг шатрын хүү шигээ ашигладаг байв. Монголчууд дургүйг нь хүргэхгүй бол тодорхой хугацаанд эерэг байна гэсэн хүлээлттэй боллоо. Авторитар дэглэмтэй улсуудын дунд оршдог учраас улсаа маш ухаалгаар удирдан залах хэрэгтэй. Гэтэл төрийн удирдлагуудын зарим нь тооны орон ч бүрэн мэдэхгүй, боловсролгүй байна.
Ихэнд улсын ардчилсан тогтолцоо байхгүй болсон учраас Монгол Улсын ардчилсан тогтолцоогоор нь байгаасай гэсэн найдвар тавьж байгаа байх. Энэ нь манай НҮБ-ын дарга айлчлахад хөшүүрэг боллоо. Бид Монгол Улстай харьцах харилцаагаа сайжруулж, их зүйл амлахгүй бол болохгүй нь гэсэн нөхцөл байдалд хүрсэн байх.
-Монгол Улс 36 сая тонн нүүрс энэ онд экспортолно гэж төсөвтөө тодотгосон. Мөн зэсийг одоо байгаа дэлхийн зах зээл дээрх үнээс 2000 ам.доллароор өндрөөр төсөөлсөн шүү дээ. Тэгэхээр энэ оны төсөв бүрдүүлэлт санасан хэмжээндээ хүрэхгүй байх вий гэх болгоомжлол байна л даа. Ер нь таны тооцооллоор төсөв тодотгох нөхцөл бүрдсэн үү?
-Манай түүхий эдүүд зарим нь дэлхийн зах дээр бууралттай байгаа ч зарим нь өсөлттэй байна. Тэгэхээр ерөнхийдөө тэнцвэрээ бариад балансалж байгаа юм.
Эдийн засгийн нөхцөл байдалд прогноз хийнэ. Тэр прогноз бодит байдлаасаа зөрөх юм бол бид төсвөө тодотгохоос өөр аргагүй. Орно гэсэн орлого төлөвлөснөөс бага байхад зардлаа багасгахгүй байвал төсвийн алдагдалд орно. Төсвийн алдагдлыг яаралтай нөхөхгүй бол өр болж хуримтлагдаад явна. 2008 оны төсвийн тогтвортой байдлын хуулийн дараа урт хугацааны төлөвлөлт гэж ярьдаг болсон. Үүнээс хойш төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-тэй харьцуулахад огцом огцом савлагаатай болж ирсэн юм. Энэ бол түүхий эдээс улам бүр хараат болж байгаан илрэл. Бид түүхий эдээс бус мэдлэгт суурилсан эдийн засагтай байх шаардлагатай. Өмнө нь ярьсанчлан залуусын мэдлэг зузаарч хүн бүр өөрийн мэргэжлээрээ дэлхийн боловсон хүчнүүдтэй бараа бүтээгдэхүүнээрээ өрсөлддөг болбол төсвийн төлөвлөлтийн хэлбэлзэл алга болно.
Маш олон салбараас манай төсөв бүрддэг болбол уул уурхайн салбараас хараат хэлбэлзэл арилна шүү дээ. Одоогийн төсвийн дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа учраас энэ салбарт гацаа үүсэхэд л төсөв байн байн тодотгох нөхцөл үүснэ. Тодотгох болохоор маш хурдан нөхөөс хийх хэрэг гарч, хаа хамаагүй улсаас янз бүрийн зээл авдаг. Тиймээс төсвийг байнга тодотгодог байдлаас гарах хэрэгтэй. Одоогоор ямар хэмжээний прогноз хийсэн бэ, түүнээсээ алдаагаа олж харах хэрэгтэй. Прогноз дээр алдаад байгаа бол яаж сайжруулах талаараа хэлэлцэх хэрэгтэй. Үнэхээр прогноз алдаж байгаа бол ямар хэмжээтэй гэдгээ мэддэг байх чухал. Прогнозын алдаа гараагүй байхад төсвөө тодотго гээд байгаа хүмүүс яагаад тэгж хэлээд байгаа үндэслэлээ олон нийтэд тайлбарлах хэрэгтэй. Одоогоор прогнозын мэдээ гараагүй байгаа учраас уншиж танилцаагүй байна. Тиймээс цээжний пангаараа судалгаагүй ярьж төсөв тодотго гэж хэлэх боломжгүй байна.
-Та эдийн засгаас гадна боловсролын салбарт их анхаарч, дуу хоолойгоо өргөдөг. Дээр цухас дурдсан ч гэлээ энэ салбарын хөгжил манай эдийн засагт хэрхэн өгөөжөө өгч болох талаар илүү дэлгэрүүлээд ярилцлагаа өндөрлөе.
-Монгол Улсын макро эдийн засаг микро эдийн засгаасаа хамаардаг. Энэ нь хүмүүсийн боловсрол, ур чадвартай холбоотой. Гэтэл их сургуулийн дипломыг наймаалцдаг байдал улам бүр гаарч загас тогойноосоо өтдөг гэдэг шиг манай эдийн засаг микро түвшиндээ улам л асуудалтай болж байна.
Шилэн дансны мэдээллээс 124 мянган ам.долларын жилийн төлбөр төлж нэг оюутан Харвардын их сургуульд татвар төлөгчдийн мөнгөөр сурсан байна. Тэр хүүхэд Монголд ирж ажиллахгүй шүү дээ. Гэтэл ардын хүүхдүүд нь жилд хоёр сая төгрөгийн хогоор их сургуульд тархиа угаалгадаг. Даргын хүүхэд жилийн 124 мянган ам.долларын төлбөртэй их сургуульд сурдаг зэргээр иргэдээ зөрүүтэй амьдруулж болохгүй. Зөв удирдагчид энэ төлбөрөөрөө Харвардын их сургуулийн дөрвөн багшийг Монголд уриад хичээл заалгана. Нэг хүүхэд тийм төлбөрөөр сурснаас тэр төлбөрөөрөө 100 хүүхэд дэлхийн хэмжээний мэдлэг аваг л дээ. Үүнийг шийдвэр гаргагчид яагаад олж хараад шийдэж чадахгүй байгаа юм. Монголын боловсрол хог байна гээд л тэр хүүхдүүдийг гаднын сургуульд сургаад уг нь асуудлаа мэдээл байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн