Хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх, тэдэнтэй эцэг эхчүүд хэрхэн зөв харилцах талаар Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.
-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа ямар алдаа хамгийн их гаргадаг вэ?
-Эцэг, эхийн нийтлэг гаргадаг алдаа нь өөрөө үлгэрлэн зааж өгөөгүй байж гаргасан алдаа дутагдал бүрийг тоочин буруушаадаг. Ямар ч насны хүүхдэд анхлан хийж байгаа зүйлийг өөрөө заавал зааж өгөх хэрэгтэй. Тухайлбал, шүдээ хэрхэн угаах, сойзоо яаж барих, гар нүүрээ хэрхэн угаах, нүүрээ хэрхэн арчих зэрэг наад захын үйлдлүүдийг өөрөө зааж, үйлдлээрээ хийх нь чухал юм. Сургуулийн бага насныханд даалгаврыг яаж сууж хийх, гэрийн ажилд хэрхэн яаж туслах, хоолыг хэрхэн бэлтгэх, яаж болгох, зочин ирэхэд цай аягалах, дөхүүлэх зэргийг зааж өгөх. Үүнийг зааж өгөөгүйгээс хүүхдээ загнах, зэмлэх, хүүхдээ басах зэрэг үйлдлүүд гардаг. Тиймээс хүүхдийн дэргэд байгаа насанд хүрэгчид өөрсдөө зааж сургах, тэдний сэтгэл мэдрэмжийг асуух нь чухал юм.
-Эцэг, эх бүр өөр өөрийн арга барилаар хүүхдээ хүмүүжүүлдэг. Хоцрогдсон арга барил болон орчин үеийн арга барилуудын талаар ярина уу?
-Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэхүй, сэтгэлээ өөр болсон. Би өөрөө хараад мэдээд сурчихлаа. Энэ хүүхдэд заавал хэлэхээс нааш гэдэг тогтсон хандлагатай холбоотой. Та магад өөрөө хараад сурсан байж болно. Таны хүүхэд танаас өөр гэдгийг ойлгох, ялангуяа бага насны хүүхдэд анхны хийж байгаа юм бүрийг цаг гарган, залхууралгүй заагаад өгвөл хүүхэд маш хурдан сурч аливааг тогтоодог. Хоцрогдсон арга барил нь хүүхдийн насны онцлог, хүүхдийн өөрийн онцлогийг үл тоох, “чи ийм л байх хэрэгтэй, учир нь би ийм байсан” гэх хандлага юм. Таны хүүхэд таны хүмүүжсэн сурсан, ойлгодог арга барилаар байх албагүй гэдгийг ээж, аав нар сайтар ухамсарлаасай. Ийм байснаар өөртөө итгэлгүй, хэт бусдын хүслээр байдаг хүн бий болгодог. Мэдээж та хүүхдээ тийм байгаасай гэж хүсэхгүй байгаа байх аа. Өөртөө итгэлтэй, зөв хүүхдийн хүмүүжлийн арга барилыг аваад үзвэл эцэг эх нь хүүхдийнхээ онцлогийг харгалзан үзэж хайр халамж, шаардлага, хяналтыг эн тэнцүү хэрэгжүүлсэн байдаг. Эцэг эхчүүд шаардлага тавьж үглэн дуулдаг эсвэл бие мах бодийн шийтгэл хүлээлгэдэг ч шаардлагадаа тохирсон хяналтыг хэрэгжүүлдэггүй. Энэ нь зуны даалгавраа хичээн хийсэн ч намар нь шалгадаггүй багштай адил. Шаардлага тавьсан бол заавал хянаж сайн хийсэн бол урамшуулан магтаж, хэрвээ хийгээгүй бол яаж хийх аргыг зааж өгөөрэй.
-Зарим аав, ээжүүд уураа барих тэвчээргүй, их стресстэй байгаагаа үр хүүхэддээ гаргадаг тал ажиглагддаг шүү дээ?
-Тийм ээ, энэ нь буруу хүмүүжлийн арга барил. Ууртай уцаартай хүүхдийг төрүүлдэг зүйлс нь уур уцаартай эцэг, эхчүүд өөрсдөө юм. Өөрөө ууртай үедээ уураа гаргах хамгийн эхний байгаа хүүхдээ болговол энэ хамгийн буруу гэдгийг хэлмээр байна. Уур бухимдлаа гаргасан үед хүүхэдтэйгээ харилцах хэрэгтэй. Өөрийн стресс бухимдал, уур уцаараа гаргах аргуудаа насанд хүрэгчид мэддэг байх хэрэгтэй. Хурдан тайвшрахын тулд гадаа гарах, ус шингэн уух, дотроо 30 хүртэл удаанаар тоолох, уурлаад асуудал сайнаар шийдэгдэхгүйг өөртөө сануулах зэрэг юм. Уурандаа хүүхдэдээ муу үг хэлэх, хүүхдээ доромжлох, гар хүрэх, хашгичих зэрэг өөрийн мэдэлгүй өөрийнхөө хүсээгүй аргуудыг хэрэглэсэн байдаг. Ам алдвал барьж болдоггүй гэсэн үгийн адилаар дараа нь хайртай хүү, охиндоо гаргасан өөрийн үйлдлийг буруутгаад ч нэмэргүй байдаг. Хүүхдээ ямар хүн болгохыг хүсэж байгаагаа энэ үедээ сайтар санаж байх хэрэгтэй.
-Ээж, аавууд өөрсдөө мэддэггүй хүүхдээ сэтгэл санаагаар дарамталсан үг хэллэг хэлдэг. Тэгэхээр хүүхдийг сэтгэл санааны дарамтад оруулдаг ямар үгс байдаг?
-Хүүхэд өөрийн эргэн тойронд байгаа, үзэж харж сонсож байгаа бүхий л үгс, хөдөлгөөн, хандлагыг толины тусгал мэт хүлээн авч байдаг. Уурандаа, бухимдсандаа сөрөг үгийг хэлж өөрийгөө болон хүүхдээ шархлуулсан олон эцэг, эхтэй нүүр тулан уулзаж байлаа. Энэ үг хэдхэн хормын дотор амнаас гардаг ч хүүхдийн сэтгэл санаанд дарамт болж үлддэг, мөн өөрийгөө тийм хүүхэд мэтээр хүлээн авдаг. Тэнэг, мангуу, хулчгар, өөртөө итгэлгүй, хэлгүй юм уу? Дүлий юм уу? Чихгүй юм уу? Ямар удаан юм, яасан их гүйдэг юм, хэнийгээ дууриасан юм бэ? зэрэг зарим эцэг эхийн өдөр тутмын өөрөө ч мэдэлгүй хэлдэг эдгээр үгс хүүхдийн сэтгэл зүйд хэчнээн хүнд тусдгийг бид ойлгох хэрэгтэй. Та дарга, удирдлагаасаа өдөр бүр ийм үг сонсдог бол хэчнээн хүнд байх билээ. Өөрсөд дээрээ тусгаад бодоход л ямар сэтгэл зүйн дарамттай байх нь ойлгомжтой. Тиймээс эдгээр үгийг аль болох хэрэглэхээс татгалзаарай.
-Зодож хүмүүжүүлсэн хүүхэд том болоод ямар хүн болж төлөвшдөг вэ?
-Хүүхдийг зодох нь байж боломгүй зүйл. Хүүхдийн бие мах бодийг цочроож зодож шийтгэх нь сэтгэл зүйн цочрол болон үлддэг. Цохих, алгадах, чимхэх зэрэг нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, цаашид амьдралдаа тохиолдсон асуудлыг хэрхэн шийдэх арга зам болон тогтох эрсдэлтэй. Зарим эцэг эх, би багадаа зодуулаад муудаагүй гээд хүүхдээ цохиж зодох байдал байдаг бол энэ нь аливаа асуудлыг буруу шийтгэлээр хэрэгжүүлж буй муу зуршил юм.
-Тэгвэл хүүхдээ зодож, загнахгүйгээр асуудлыг яаж зөв шийдэж болох вэ?
-Эцэг, эхчүүд хүүхдийн нас зүйн онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Сургуулийн өмнөх насны хүүхэд, сургуулийн насны хүүхдүүдийн хооронд мэдээж хүмүүжлийн арга барилын ялгаа гарна. Тиймээс хүүхэд бүрийн насны онцлогийн тухай мэдэж байх хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэлийг тооцох чадамж сул, хэлсэн үгийг хурдан мартдаг, хөдөлгөөн ихтэй, эерэг, сөрөг, сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг учир ээж аавынхаа тэвчээрийг барах тохиолдол бий. Тиймээс ээж аав нар энэ онцлогуудыг мэдэж, ойлгож хүлээн авах хэрэгтэй. Дээрх онцлогийг мэдээгүйгээс эцэг эхийн тэвчээр алдагдах байдал түгээмэл.
-Ирээдүйд хүүхдээ зөв хүн болгох тал дээр яаж анхаарах вэ?
-Ээж, аав нар ирээдүйд 20, 30 жилийн дараа ямар хүнийг бий болгосон байх вэ? гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Өдөр тутмын хэрэглэдэг хүүхэд хүмүүжүүлэх аргууд таны хүүхдийг насанд хүрсэн хойно ямар хүн болохыг шийднэ. Хүмүүжлийн эерэг аргуудад хүүхдээсээ асуулт асуух, сайн хүн болгоно гэсэн хэрнээ хэт их үглэхгүй байх хэрэгтэй. Сайн зүйлийг нь байнга урамшуулж, магт. Болохгүй байгааг ярилцаж байгаад зөөлнөөр ойлгуул.
-Хүүхэд аливаа зүйлийг хүчээр шийдэх зан авир илэрч байвал яаж засаж залруулах вэ?
-Ийм зан төлөв гаргадаг хүүхдүүдийг судлаад үзвэл эргэн тойрны хүмүүсээсээ харж сурч авсан байдаг. Тиймээс энэ байдал ажиглагдаж байвал эхлээд хэнээс хаанаас сурч байгааг мэдэх хэрэгтэй. Хүүхдээсээ асуух нь зүйтэй. Хүчээр аливааг асуудлыг шийдэхийн алдаа дутагдалтай талыг ойлгуулаарай.
-Хүүхдийг шийтгэх нь зөв үү. Хэрвээ болох бол яаж зөв шийтгэх вэ?
-Хүүхэд буруу зүйл хийсэн бол сануулсан зүйлийг дахин, дахин үйлдээд байвал түүндээ тохирсон шийтгэл авах нь зөв. Гэвч бид шийтгэл гэхээр л хүүхдэдээ үглэж, цохиж зодох санаанд буудаг. Хийдэг, дуртай үйлдлүүдийг хязгаарлаж болно. Тоглоомоор тоглох хугацааг багасгах, амттан идэхгүй байх, зурагт хүүхэлдэй үзэхгүй байх зэрэг. Харин энэ шийтгэлийг яагаад өгч байгаагаа амаар маш сайн тайлбарлахгүйгээр дээрхийг хийвэл ямар ч үр дүнгүй гэдгийг санаарай.
-Зарим айлууд дүрэм зохиочихсон байдаг. Жишээ нь даалгавраа хийгээгүй бол чи дуртай юмаа хийхгүй шүү гэдэг. Тийм арга хэр зөв бэ?
-Гэрт гэрийн дүрэм байх хэрэгтэй. Гэвч эдгээр дүрэм аль болох гэр бүлийн гишүүн бүрт ижил хэмжээтэй үйлчилж байх хэрэгтэй. Аавд нь үйлчилдэггүй хэрнээ хүүхдүүдэд үйлчилдэг, ээж дагадаггүй бусад нь дагадаг дүрэм хүүхдэд шударга биш санагддаг. Өдөр тутмын хийдэг үйлдүүдэд шийтгэл, урамшуулал өгөх нь хүүхэд хүсэл тэмүүлэлгүй нэгэн болох зам юм. Тиймээс яагаад гэрийн даалгавраа өдөр бүр цагтаа хийхийн ач тусыг ойлгоорой.
-Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцан адилгүй харьцаад байдаг нь хүүхдийн хүмүүжил их нөлөө үзүүлдэг байх. Энэ тал дээр эцэг эхчүүд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
-Тийм ээ, дээр хэлсэнчлэн хүүхдэд шударга бусын мэдрэмж буюу өөрийг нь өөр нэгэн хүнээс илүү харж үзэх эсвэл өөрөөс нь дор мэдрэмж төрүүлэх нь тааламжгүй юм.
-Төгсгөлд нь, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?
-Эцэг эхчүүдэд зодох нь шийтгэл бус бие, сэтгэлийн шарх гэдгийг хэлмээр байна. Тиймээс судалгаа шинжилгээнд суурилсан хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг харгалзсан өдөр тутам хэрэглэх хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд байдаг. Хүмүүжлийн эерэг аргад хүчирхийлэлгүй, аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг нь чухалчилсан, хүүхдийн хөгжлийн онцлогт тулгуурласан байх зарчимтай. Хүүхдийн эрхийн тухай конвенцод эцэг, эхчүүд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хамгийн чухал үйлсдээ тусламж дэмжлэгийг авах эрхтэй гэж заасан бөгөөд та ном зохиол, мэргэжлийн хүмүүст хандан өөрийн хамгийн сайн сайхныг хүсдэг хүүхдэдээ эерэг аргаар хүмүүжүүлээрэй.