-Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Засгийн газар хоорондын олон улсын судалгааны төвийн нээлт боллоо-
Монгол Улсад Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулагдлаа. Тус олон улсын судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад тулгарч буй саад бэрхшээлтэй холбоотой судалгаа хийх, олон улсад хийгдсэн судалгаа, мэдээ мэдээлэл, статистикийн тоо баримтыг ашиглах замаар олон улсын худалдаа, түүний дотор Дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс илүү үр ашиг хүртэх, эрх ашгаа хамгаалах дуу хоолойг нэгтгэх, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын боловсон хүчний чадавхийг сайжруулах ач холбогдолтой юм байна.
Энэ үеэр ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяраас ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн талаар цөөн асуултад хариулт авлаа.
-ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг манай улсад байгуулах гол ач холбогдол нь юу юм бэ?
-ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах нь манай орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тустай. Мөн Монгол улсад байгуулагдаж буй анхны олон улсын, Засгийн газар хоорондын байгууллага гэдэг утгаараа манай улсын нэр хүнд болон улс төрийн чухал ач холбогдолтой юм.
-Манай орны хувьд ДГХБО-ын Олон улсын судалгааны төвөөр дамжуулан ямар асуудлыг судлуулж, цааш хөгжүүлэх ямар боломж байна вэ?
-Манай улс олон улсын худалдаанд оролцоход үнэ өртөг өндөр байдаг. Тарифын, тарифын бус саад тотгорууд зэрэг манай улсад болон далайд гарцгүй бүх орнуудад тулгардаг хүндрэл бэрхшээлийн чиглэлээр судалгаа хийж байна. Судалгааны үндсэн дээр тодорхой зөвлөмжүүдийг гаргадаг. Үүнээс гадна далайд гарцгүй орнуудын үйл ажиллагааны хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийн хөгжил, олон улсын худалдаа, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн бүтцийг өөрчиж сайжруулах, нэмүү өртгийн аж үйлдвэрийг нутагшуулах юм. Манай улсад тулгарч байгаа асуудлууд нь ДГХБО-ын Олон улсын судалгааны төвд нэгдсэн улсуудтай ижил учраас эдгээр орнуудаас суралцах, туршлага судлахад анхаарч ажиллаж байна.
-Тухайлбал, ДГХБО-ын Олон улсын судалгааны төвтэй болсноор худалдааны үнийг хөнгөлөх ямар боломж байна вэ. Хэрхэн?
-Далайд гарцгүй бусад орнуудаас туршлага судалж, бодлого боловсруулагч нартай зөвлөмж гаргана. Хамгийн гол нь тулгарч байгаа асуудлаас гарах зорилготой олон улсын судалгааны хүрээлэн нээгдэж байгаа юм.
-Манай улсын хувьд хамгийн эхэнд ямар асуудлыг ДГХБО-ын Олон улсын судалгааны төвөөр судлуулах юм бэ?
-Манайхаас нухацтай тавьж байгаа асуудал нь эдийн засгийн коридорын асуудал байгаа. Үүний тулд ДГХБО-ын Олон улсын судалгааны төвтэй хамтарч олон улсын худалдааны байгууллагатай яриа хэлэлцээнд оролцох чадавхаа бэхжүүлэх шаардлага байна. Ер нь ганц манай улс дэлхийн худалдааны байгууллагад очоод өөрийн асуудлаа тавьж, хэлэлцэх боломж өгөөч гэснээс илүү ижил асуудалтай олон улсууд нэгдээд очиход дуу хоолой нь илүү хүрч чаддаг.