МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан.
НИТХ-ын одоогийн даргаар С.Амарсайхан ажиллаж байгаа бөгөөд түүнийг Хотын даргад нэр дэвшүүлээд байгаа учраас ийнхүү дараагийн НИТХ-ын даргыг тодруулж байгаа юм. Р.Дагва нь одоогийн НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа юм. Өмнө нь Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжүүлсэн аж. Өнөөдөр хуралдах НИТХ-аар хотын даргаар С.Амарсайханыг, НИТХ-ын даргад Р.Дагвыг томилох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
НИТХ-ын тэргүүлэгч Р.Дагва "Нийслэлийн ИТХ-ын даргыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг намын Удирдах зөвлөлөөс гаргасан. Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан учраас НИТХ-ын даргын оронд өөр хүн дэвшүүлэх ёстой. Ингээд нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хурал 100 хувийн саналаар миний нэрийг дэвшүүлсэн. Өчигдөр Удирдах зөвлөлийн хурлаар 100 хувийн саналаар мөн миний нэрийг дэмжлээ. Би орон нутгийн сонгуульд 2008 оноос хойш гурван удаа нэр дэвшсэн. Цаг хугацааны хувьд тодорхой хэмжээний туршлага бий" гэсэн юм.