Open iToim app
Бүтээгч | 4 мин уншина

Сурвалжлага: Иргэд хэрэглэсэн ундаа, усны саваа зориулалтын машинд тушааж, мөнгө авах боломжтой болжээ

Сурвалжлага: Иргэд хэрэглэсэн ундаа, усны саваа зориулалтын машинд тушааж, мөнгө авах боломжтой болжээ
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 14
Монгол Улс  жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал  гаргадаг бөгөөд үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг байна. Эдгээрээс ердөө 30 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг байна. Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүйтэй холбоотой. Харин хог түүдэг хүмүүс хуванцрыг цуглуулж, хоёрдогч түүхий эд авах цэгт тушаадаг.
Нийслэлийн хэмжээнд нийт 204 хоёрдогч түүхий эд авах цэг байдаг бөгөөд тэнд ангилан ялгалт хийж, хуванцар дахин боловсруулах үйлдвэр рүү илгээдэг байна. Энэ мэт хогоо ангилдаггүйгээс хуванцар дахин боловсруулах үйл явц удаашралтай явагдаж, гудамж талбайгаар хөглөрдөг гэхэд буруудахгүй. Хүнс, хөдөө  аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж буйгаар, Монгол Улс жилд 150-200 сая ширхэг ус, ундаа үйлдвэрлэн, үнийн дүнгийн 10-20 хувийг савлагааны өртөгт шингээдэг аж.
Өндөр хөгжилтэй дэлхийн улс орнууд хогоо ангилж, дахин боловсруулж, хог хаягдлыг мөнгө болгох аргыг хэдийнээ өөрийн болгосон туршлагатай. Гэтэл бид хогоо ангилдаггүй, ангиллаа гэхэд дахин боловсруулж ашигладаггүй, гэрээсээ зайлуулж хаяхаас өөрийг хийдэггүй.  Тухайлбал, Англи улсын Засгийн газар 2018 онд хуванцар, металл зэрэг бүх төрлийн савыг буцаан тушаадаг автомат машин нэвтрүүлэх болсноо зарласан. Ингэснээр иргэд уусан ус, ундааны саваа гудамж, талбай, худалдаа, үйлчилгээний төвүүдэд байрлуулсан автомат төхөөрөмжид тушааж, мөнгөн дүндээ тааруулсан урамшуулал авдаг болсон байна.
undefined
Тэгвэл Монголд “Экобин” ХХК хуванцар хог хаягдлыг зөв боловсруулж хэвших соёлыг дэлгэрүүлэхээр RVM буюу хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг өнгөрсөн долоо хоногоос ажиллуулж эхэллээ. Тодруулбал иргэд дахин боловсруулдаг хог хаягдлаа энэхүү машин тушаагаад QR код хэлбэрээр тасалбараа авч, тус тасалбараа монгол чатын дурангаар уншуулмагц таны виртуал дансанд шимтгэлгүйгээр мөнгө нь шууд орох юм.
Энэхүү RVM буюу хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг Номин Холдинг компанийн дараах салбаруудад байршуулсан бөгөөд одоогийн байдлаар 12 ширхэг машиныг суурилуулаад байгаа аж.
-Номин агуулах худалдаа ХАН-УУЛ
-Номин агуулах худалдаа Чулуун-Овоо,
-Номин хайпермаркет Өнөр
-Номин хайпермаркет-Зүүн 4 зам
-Номин супермаркет 10 - р хороолол
-Номин супермаркет Ривер гарден
-Номин супермаркет-Наадам центр салбар зэрэг нийт 10 салбарт
undefined
Энэхүү RVM буюу хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машины программ хангамж, хөгжүүлэлтэд Нийслэлээс 30 сая төгрөгийн санхүүжилтийг үзүүлсэн аж. Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэлэхдээ “ Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2017 онд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Энэхүү төлөвлөгөөнд хог хаягдлыг их үүсвэр дээр нь ангилан ялгадаг болгоё гэсэн зорилтыг тавьсан. Энэ зорилтын хүрээнд хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ шинэ технологи инновацийг нэвтрүүлэх зорьсон. Ингээд 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Баатархүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн асуудал шийдвэрлэгдэж RVM буюу хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машины программ хангамжийн асуудлыг шийдэхээр 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, эхлэлийг нь тавьж өгч байгаа юм” гэлээ.
Тус машинд  АПУ ХХК, “MCS Coca Cola” компани, GN Beverages, Монос Хүнс, Номин ХХК зэрэг компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хог хаягдлыг тушаах боломжтой юм.  Мөн  1.2 литрээс том хэмжээтэй савыг авах боломжгүй аж.

Хог хаягдал тушаах машиныг цаашдаа эмнэлэг, сургуулиудад байршуулна

undefined
Уг машины үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг “Экобин” ХХК –ийн захирал П.Очирпүрэвээс тодрууллаа.
-Машинаас гарч ирсэн QR код бүхий тасалбараар хаана, хаана үйлчлүүлэх боломжтой вэ?
-Тасалбарын QR кодыг “Mongol chat” аппликейшнаар уншуулж бэлэн мөнгө болгоод өөрсдийн дансандаа авч байна. Одоогоор ямар нэгэн үйлчилгээний байгууллага гэхээсээ илүүтэй шууд бэлэн мөнгө хэлбэрээр өгвөл илүү амар байгаа.
-Гурван төрлийн хуванцар, лааз, цаасан хайрцаг гэсэн хаягдал авч байгаа. Тус бүр хэдэн төгрөгөөр үнэлж байгаа вэ?
-Туршилтын явцад бүгд адил 20 төгрөгөөр үнэлэгдэж байгаа.
-Зарим хуванцар савыг авахгүй байна гэсэн иргэдийн гомдол гараад байгаа. Ямар савыг авахгүй байгаа юм вэ?
-Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа Үндэсний үйлдвэрлэгч  байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хог хаягдлыг хийх боломжтой байгаа. Гадаадад үйлдвэрлэсэн удаа, усны савыг төхөөрөмж маань уншихгүй. Харин АПУ ХХК, “MCS Coca Cola” компани, GN Beverages, Монос Хүнс, Номин ХХК зэрэг компаниудын бүтээгдэхүүний хог хаягдлыг тушаах боломжтой.  Мөн тушааж байгаа хуванцар сав хэлбэрээ алдаагүй байх шаардлагатай. Иргэд хэлбэрээ алдсан хуванцар сав хийснээс болоод тийм асуудлууд гарч байгаа.  
-Машин хаягдлаар дүүрэхэд хэрхэн буцаан авдаг юм бол?
-Машин өөрөө хэт ягаан туяаны мэдрэгчтэй. Хог хаягдал 90 хувь дүүрээд ирэхээрээ төв сервертээ мэдээллээ дамжуулдаг. Мэдээлэл авсан даруйдаа очиж сулладаг.
-Энэ ондоо багтаан ахин хэдэн машин хаана суурилуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид энэ ажил дээр нэлээд том амбицтай явж байгаа. Цаашдаа эхлээд эмнэлэг, сургуулиудад байршуулна. Байршлын хувьд Нэгдүгээр эмнэлэг болон бусад эмнэлэг, сургууль, албан байгууллага, сүлжээ супермаркетууд, гэр хорооллын бүсүүд болон хөдөө орон нутгуудад ч суурилуулах төлөвлөгөө байна.
-Та бүхнээс шалтгаалахгүйгээр гарч байгаа тулгамдсан асуудал юу байна вэ?
-Хэрэглээний шатанд ямар асуудал гарахыг сайн мэдэхгүй байна. Одоогоор хүндрэлтэй асуудал харьцангуй бага байна. Иргэдийн хэрэглээний соёлоос шалтгаалсан зарим нэг асуудал үүсэж байгаа. Тухайлбал, “Лүүк” нь онгойх үед янз бүрийн хог чихэх, эсвэл нэг дор хоёр, гурваар нь саваа хийчихдэг. Тиймээс бид тун удахгүй хэрэглээний зааварчилгаа бүхий анимейшн хийж, дэлгэцээр нь танилцуулж, тус зааврын дагуу үйлдлээ хийдэг байхаар зохицуулна. Эхний долоо хоногт бид үндсэн механик ажиллагааг шалгаж, хэвийн ажиллагаанд оруулах туршилт явуулж байна.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн