Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Олон улсын байгууллагууд 2023 онд дэлхийн эдийн засаг амаргүй байна гэж дүгнэж байна. Дэлхийн эдийн засгийн хүндрэл Монголд хэрхэн мэдрэгдэх бол. Ер нь 2023 онд манай улсын эдийн засаг ямар байх вэ?
-Манай улсын эдийн засгийн төлөв байдлыг төсөөлөхөд их түвэгтэй болсон. Нийт эдийн засгийн 97 хувь нь түүхий эдээс хамааралтай. Жилд 40-50 сая тонн түүхий, боловсруулаагүй бүтээгдэхүүн экспортолж орлого олж байна. Өнгөрсөн онд 12 тэрбум ам.долларын экспортын орлого олсон. Хэдий орлого олж байгаа ч бидний бүтээдэг орлого бага байна. Үндсэндээ олборлоод л зарж байна. Экспортын орлогоо тогтвортой байлгая гэхээр хэт савлагаатай, түүхий эдийн биет хэмжээ, үнэ, худалдан авагч орны эрэлт хэрэгцээнээс ихээхэн шалтгаална. 2023 онд ОХУ БНХАУ-д нийлүүлэх түүхий эдийн экспортоо улам нэмэх хүлээлттэй байна. Оны эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярихдаа энэ онд хоёр орны худалдааг улам идэвхжүүлнэ гэдгээ онцолсон. Энэ юу хэлж байна гэхээр манай нүүрсний зах зээл улам л хумигдах эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс бид маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа одоо явж байгаа түүхий эдийн худалдаагаа хэвийн явуулах нь чухал байна. Гэтэл эсрэгээрээ нэлээд бужигнах шинжтэй. Биржийн үнээр, хилийн үнээр зарна гээд яриад байна. Гэхдээ бодит хөрсөн дээрээ буухгүй, “гоё” юм ярьж байгаад зах зээлээ алдах вий. Өнгөрсөн жил 30 орчим сая тонн нүүрс гаргалаа. Энэ биет хэмжээ улам багасаж, зах зээлээс шахагдах эрсдэл байгааг байнга санах хэрэгтэй. Дээр нь, БНХАУ-ын эдийн засаг саарч байна. Сая 2022 оны эцсийн байдлаар юаниар илэрхийлэгдсэн ДНБ 4.5-5 орчим хувьтай гарлаа. Ийм нөхцөлд манай улсын түүхий нүүрсний зах зээл яг хэвээрээ байна гэдэг эргэлзээтэй. Хятадын гол худалдан авагч Америк, Хойд Америк, Европын зах зээл 2023 онд нэгхэн хувийн өсөлттэй байхаар байна. Их Британи мөн эдийн засгийн хувьд зогсонги байдалд орно гэж мэдэгдэж байна. Дэлхийн нийт худалдааны эргэлт удааширч байгаа учраас тэндээс хүртэх бидний өгөөж маш бага болно. Мөн АНУ-ын ам.долларын ханш чангарсан хэвээр байгаа учраас 2022 оны ханшийн өсөлт, үнийн өсөлтийг дагасан амаргүй нөхцөл байдал энэ онд хэвээр үргэлжилнэ.
Монгол Улсын хувьд 2023 онд нэлээд хэдэн бондын эргэн төлөлтийг хийх оргил үе шүү дээ. Тиймээс айхтар шинэ зүйл эхлүүлэхийн оронд яаж өнөөгийн хүндрэлийг иргэддээ хохирол багатай даван туулах уу, эрсдэлийг хэрхэн бага байлгах уу гэдэгт анхаарах хэрэгтэй байна.
-Шинэ зүйл гэдэг дээр Та биржээр уул уурхайн бүтээгдэхүүнийг зарахыг хэлж байх шиг байна. Биржээр дамжуулан түүхий эдээ зарснаар харин ч зах зээлд илүү ойртож, орлого өснө гэж хууль санаачлагчид хэлж байсан шүү дээ. Ямар эрсдэл байна гэж Та харж байна вэ?
-УИХ дээр Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэж байгааг үзсэн. Хуулийн төслийг уншиж танилцсан. Засгийн газрын 446-р тогтоолоор баталсан нүүрсийг биржээр дамжуулан экспортлох түр журамтай ч танилцлаа. Харамсалтай нь, маш хийтэй эрх зүйн бичиг баримтууд болсон байна. Хуулийг нэг өөр, тогтоолыг бас нэг өөр хүмүүс боловсруулсан бололтой. Огт хоорондоо уялдахгүй, зөрүүтэй байна. Бид өнөөдөр нүүрсээ хил үнээр буюу тонныг нь 200 ам.доллараар зарна гээд гоё зүйл яриад байгаа юм. Гэтэл хил үнэ рүү ойртох тусам худалдан авагчийн ашиг багасах талтай. Дээр нь худалдан авагч өөрөө тээврээ хариуцна гэж ярьж байна. Ингэх юм бол энэ рүү орж ирэх хүн бараг байхгүй болно. Өнгөрсөн онд нийт 30 худалдан авагч байсан гэж бодъё. Тэгвэл хил үнээ шахаад зардлыг өсгөж, ашгаа нэмэх тусам энэ онд тавхан худалдан авагчтай үлдэж ч магадгүй.
Дээр нь, ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж байгаа нүүрсний үнэ улам хямдарч байна. Тэд дийпинг үнээр нийлүүлж, далайн тээврээр хүргэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар ОХУ-аас Хятад руу нийтдээ 60 сая тонн нүүрс экспортолсноос 20 сая тонн коксжих нүүрс. Өөрөөр хэлбэл, бид өрсөлдөөний хувьд Орост зах зээлээ алдах магадлал маш өндөр байна. Ганц найдах зүйл нь Монголын хилтэй ойрхон Бугатын төмөрлөгийн үйлдвэр л байна. Тэгэхээр энэ боломжоо алдахгүй тулд бирж гэдэг зүйлээ сайтар зохицуулахгүй бол худалдан авагч талаа үндсэндээ үгүй болгох эрсдэлтэй. Биржээр арилжаалах аюултай тал нь бид тонныг нь 200 ам.доллараар зарахад худалдан авагч орж ирэхгүй байх магадлал өндөр. Худалдан авагч орж ирэхгүй бол дараагийн өдөр үнээ унагана. Бид зах зээлийн ойрхон байдал, тээвэрлэлтийн өртөг зардал бага гэдгээрээ л 20-30 сая тонныг зарж байгаа ш дээ. Манай зах зээлийн онцлог, давуу тал ердөө л энэ. Гэтэл биржийн тухай хуулиар үүнийг улам л хатуу, ойлгомжгүй байдал руу оруулах талтай. Богино хугацаанд ашиг олно гээд байхаас илүү Өвөр монголын зах зээлээ алдахгүй байх нь бидний урт хугацааны бодлого, зорилго шүү дээ. Нэн түрүүнд биржийн хууль, зохицуулж байгаа дүрэм журамдаа анхаарахгүй бол ойлгомжгүй маш их зүйл байна. Жишээ нь, журамд нь биржээр арилжаа хийгдсэнээр гэрээ байгуулж, хэлцэл хийгдсэнд тооцно гэж заасан байна. Гэтэл нүүрс чинь үнэт цаас биш, экспортод гаргах биет зүйл шүү дээ. Хууль зүйн хувьд худалдааны гэрээ, арилжааны гэрээ, экспортын гэрээний алинаар нь явах юм бэ. Эцсийн дүндээ Эрдэнэс Тавантолгой ХК экспортын гэрээ хийж байж л нүүрс гарна. Гэтэл хуульдаа тэгж бичээгүй байгаа юм. Бас нэг түвэгтэй асуудал нь арилжаа хийгдсэний дараа арилжааны мэдээг бирж татварын албанд өгнө. Татварын алба нэгдүгээр сарын тэдэнд ЭТТ 400 мянган тонн нүүрс худалдсан байна гэж бүртгэж авна гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр нүүрс нь ачигдаагүй, сарын дараа ачигдана. Одоогийн мөрдөж байгаа татварын хуулиар нүүрсний ачилт хийснээр тайлангаа бүрдүүлдэг. Эндээс юу үүсэх үү гэхээр татварын алба, ЭТТ хоёрын дунд татвараа мэдүүлэхдээ хугацааны зөрүүтэй байдал үүснэ. Татвар дээр ойлгомжгүй байдлууд үүсэхээр байна.
Хуулийн төсөл, тогтоол боловсруулахдаа олон талын хүмүүсийг оролцуулаагүй, Засгийн газар болон чуулганаар хэлэлцэхдээ маш хөнгөн хандсан байна. Сангийн яам, Хууль зүй яамны оролцоо маш бага байна. Гэрээ гэдгийг 3-4 янзаар бичсэн байна шүү дээ. Гэрээ гэдэг зүйл Иргэний хуулиар зохицуулагддаг. Тэгвэл Биржийн хууль батлагдсанаар экспортын гэрээ гэдгийг бас Иргэний хуулиар зохицуулах гээд байна. Энэ хооронд асар том ялгаа үүснэ. Наад зах нь үүнийг ХЗДХ-ийн яам сайтар анхаарч, аль гэрээгээр үндэслэхээ тодорхой болгохгүй бол худалдан авагч, нийлүүлэгч хоёрын дунд маргаан үүснэ. Уг нь нэг цонхоор харж, нэгдсэн гольдролоор явах ёстой. Гэтэл нэлээд харанхуй юм руу орчихлоо. Энэ ойлгомжгүй юмнаасаа болоод худалдан авагчаа үргээчих вий. Бид нэг улирал алдчихвал нөгөө 36 сая тонныг экспортлох зорилтдоо хүрэхгүй. Нөгөө талд хоосон орон зайг нөхөх тоглогчид хангалттай байна.
-2023 оны сүүлээр Хөгжлийн банкны бондууд төлөгдөнө. Түүнээс гадна Засгийн газар гадаад бондын зээлийн хүүгийн төлбөрт багагүй зардал гаргана. Дээр нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр татаж таарах байх. Ер нь энэ оны гадаад өрийн эрсдэлийг Та хэрхэн харж байгаа вэ?
-Монгол Улс зөв бодлоготой явж байгаа эсэхийг эрдэмтэн судлаачид ойрын өдрүүдэд ярьж байна. Уг нь Монгол Улс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гаргаад урт хугацааны бодлого гаргасан. 2050 гэдэг бичиг баримтад ирэх жилүүдэд хийх ажлын зардлын тооцоог хийгээд гаргасан. Засгийн газрын баталсан Монгол Улсын Хөгжлийн таван жилийн төлөвлөгөө бий. Тэнд хаана, хаана цахилгаан станц барихыг бүгдийг нь тооцоод урьдчилсан байдлаар төсөвт өртгийг гаргасан. 2023, 2024 онд ямар төслүүд хэрэгжүүлж, хэдийг зарлагадах уу гэдэг тооцоолол ч бий. Гэтэл эрх баригчид тэнд төлөвлөснөөс илүү ажил амлаад байна. Шинэ хот байгуулна гэдэг ч юм уу. Засгийн газрын таван жилийн төлөвлөгөөнд шинэ хот байгуулах асуудал огт байхгүй. 2023 онд хийх гол бүтээн байгуулалт бол цахилгаан станц. ТЭЦ-III-ыг өргөжүүлэх ажил уг нь 2022 онд хийгдэх байсан өнөөдрийг хүртэл хийгдээгүй явна. Тооцоонд орсон төслөө хэрэгжүүлэхгүй, тооцоонд ороогүй төсөл зүтгүүлээд байгаа нь эцэстээ өр л үүсгэнэ. Өнөөдөр Сангийн яам мөчлөгийн эсрэг бодлого барьж байна гэж байгаа ч тийм биш. Зүгээр л төсвөө тэлснээ тайлбарлаж байгаа шалтаг төдий. 2017 онд есөн их наядын зарлагатай байсан улсын төсөв өнөөдөр 20 их наяд төгрөгийн зарлагатай болсон. Үр дүнд нь улсын гадаад өр л нэмэгдэж байна. Өр үүсгэх шалтгаан нөхцөл улам л нэмэгдэж байна.
Энэ жил гадаад өр талдаа Монголбанкны Хятадын ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл эрсдэлтэй. Өмнө нь хоёр удаа сунгасан. Одоо гурав дахь удаагаа сунгах асуудлыг ярьж байна. Тийм ч амар шийдэгдэхгүй болов уу. Хамгийн гол нь эдийн засгийн биш улс төрийн үр дагавар өндөртэй шийдэл. Үүний ард арилжааны банк биш улсын Төв банк, дээр нь маш өндөр дүнтэй зээл учраас эрсдэл өндөр. Сунгах тусам манай улс өрөнд орно. Монгол Улс нэг зах зээлээс түүхий эдийн хэт өндөр хамаарлаас гадна санхүүгийн хамааралтай болох асуудал яригдана. Өнөөдөртөө өр сунгаж байгаа мэт боловч урт хугацаанд тун аюултай юм. Өнөөдөртэй өвдөхгүй шүү гээд өвчин намдаагч тариа хийж байгаатай л адил. Урт хугацаанд ингэж явж болохгүй.
-Энэ оны ганц найдвар нь Оюу толгой гүний уурхайн олборлолт эхэлнэ. Өөр итгэж найдах төслүүд байна уу?
-Тантай санал нийлнэ. Оюу толгой төслийн хувьд гүний уурхайн олборлолтоо хугацаандаа эхлүүлэх байх. Энэ оны ганц гэрэл гэгээтэй үйл явдал болно. Гэхдээ олборлолт олон сая тонноор нэмэгдэхгүй. Монгол Улс жилдээ дунджаар сая тонн зэсийн баяжмал экспортолж буй. Гүний уурхайн олборлолт эхэлснээр бага багаар хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байна.
Бусад төслүүдийн хувьд амжилттай явж байгаа нь тун ховор. Эрчим хүч талдаа бас л бүрхэг байна. Бүх үйлдвэрлэлийн суурь нь эрчим хүч. Одоо баригдаагүй ТЭЦ-V хэзээ баригдах вэ. Монгол Улсын жишгээр өнөөдрөөс ТЭЗҮ-ээ ярьж эхэлбэл бараг л найман жилийн асуудал шүү дээ. 2030 он хүртэл томоохон эрчим хүчний төсөл ашиглалтад орохгүй нь. Тэр болтол бүх төслүүд эрчим хүчний хувьд хязгаарлагдмал байна гэсэн үг. Энэ чинь өөрөө хөгжлийн асар том гацаа түгжээ юм. Гол аюул үүн дээр л байна.