Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Керамик урлаг нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг

Керамик урлаг нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 17
Интернэт, компьютер, соронзон орчноосоо түр ч болов холдож, хотын чимээ шуугиантай, стресстэй байдлаасаа ангижирч өөрийн гараар ваар, аяга таваг гээд хүссэн бүхнээ урлах боломжийг хүн бүрийн өмнө нээж өгсөн “Керамик арт студи”-ээр зочиллоо.
“Керамик арт студи” нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд  эхэн үедээ зөвхөн урт хугацааны сургалтыг хийдэг байжээ. Харин хүмүүсийн санал хүсэлтийн дагуу нэг удаагийн сургалтыг явуулах болсноор олон хүний  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар болжээ. 
undefined
Тус студийн үүсгэн байгуулагч А.Наранбаатар хэлэхдээ “Бид энэхүү студиэр дамжуулан гэр бүл, найз нөхдөөрөө цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломжийг бий болгох зорилготой. Тийм ч учраас манай студи бүх насныханд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр ч утгаараа янз бүрийн мэргэжилтэй хүмүүс ирдэг. Манай студийг зориод ирсэн хүүхэд залуус өөрийн гараар аяга, таваг, ваар, баримал бүтээлүүдийг  хийгээд аз жаргалаар дүүрэн гараад явахыг харах маш сайхан байдаг. Керамик урлаг нь хүүхдийн төлөвшилтөд маш эерэг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, анхаарал төвлөрөлтийг сайжруулж, сууж сургах гээд маш олон зүйлд нөлөө үзүүлдэг. Түүнээс гадна хүний булчингийн хөгжлийг дэмжиж, стресс, ядаргааг тайлж, тайвшруулдаг урлаг юм. Тийм  учраас сүүлийн үед хүүхэд, залуус, ахмадууд маань хүртэл маш ихээр ирэх болсон. Дэлгэцээс хамааралтай болсон энэ нийгэмд хүүхдүүдийг дэлгэцээс салгах үйл ажиллагаа явуулдаг хэдэн байгууллага байдаг. Тэдгээр байгууллагуудын нэг нь манай студи” гэлээ.
“Керамик арт студи” нь шаазан эдлэлийн нээлттэй урлан болон “Jumping day” баримлын шаврын сургалт, уран зургийн сургалт, кофе шоп зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс керамик урлалын заал нь хамгийн том нь юм.
“Jumping day” хатдаг баримлын шаврын сургалт нь таваас доош насныханд зориулсан сургалт юм байна. Тус сургалт нь Солонгос улсаас албан ёсны эрхтэйгээр орж ирсэн сургалтын стандартын дагуу заадаг байна. Тэдний ашигладаг хатдаг баримлын шавар нь Солонгосын “Арт” брэндийн хүний биед сөрөг нөлөөгүй сайн чанарын баримлын шавар учраас хүүхэд санамсаргүй байдлаар долоож идсэн ч сөрөг нөлөөгүй гэнэ.  Мөн хатдаг баримлын шаврын сургалт нь таваас дээш насныханд зориулан 3D хатдаг баримлын шаврын сургалтыг ордог байна. Ихэвчлэн хүүхдүүд суудаг бөгөөд хүүхдийн анхаарал төвлөрөх төвшинд тааруулж нэг цаг үргэлжилдэг гэнэ. Хатдаг баримлын шаврын сургалт нь хоёр төрлийн сургалттай. Нэг удаагийн болон сарын гэсэн төрлөөс сонгон суралцах боломжтой. Үнийн хувьд нэг удаагийн сургалт нь 20 мянган төгрөг бөгөөд хийсэн бүтээлээ авч явах боломжтой аж.
Ингээд Керамик урлалын багш Х.Алтантуяатай ярилцаж, урлантай танилцлаа. Тэрээр 2009 оноос хойш керамик урлалаар хичээллэж байгаа ажээ.
undefined
-Керамик арт студи хэдэн төрлийн сургалт явуулдаг вэ. Сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Манайх гурван төрлийн сургалт явуулдаг. Тухайлбал, нэг удаагийн, дөрвөн удаагийн, найман удаагийн гэсэн сонголтуудтай. Эхэндээ анги, хамт олон, найзуудаараа ирдэг залуучууд нэг удаагийн сургалтыг сонгодог. Харин керамик урлалыг илүү сайн мэдэж, энэ урлагаар цаашдаа хичээллэе гэсэн хүмүүс маань дөрөв болон найман удаагийн сургалтуудыг сонгодог байгаа. Техникийн хувьд гар техник болон хүрд гэсэн сонголтуудтай.
-Нэг удаагийн сургалтаар хэр их зүйл сурч болох боломжтой вэ?
-Нэг удаагийн багц буюу “Pottery day” үйл ажиллагаа юм л даа. Керамик маань өөрөө олон шат дамжлагатай учраас эхний шатыг энэ сургалтаар олгож байгаа. Нэг удаагийн сургалт маань ойролцоогоор 2-3 цаг үргэлжилдэг. Энэ хугацаанд тухайн хүн бүх зүйлийг өөрөө бие даан хийнэ. Шавраа зуурахаас эхлээд бүтээгдэхүүнээ шатаалтад оруулах хүртэлх бүх зүйлийг өөрийн гараар хийн багшид үлдээгээд явна. Түүнийг нь багш шатаалтад оруулаад пааландаж эцсийн бүтээгдэхүүн болгоод 14 хоногийн дотор хүлээлгэн өгдөг байгаа.  Бүтээгдэхүүн урлаж байх явцад багш зааварлаж, зөвлөгөө өгөөд явна. Тухайн хүн хэр их сонирхолтой, хичээл зүтгэлтэй байна төдий чинээ их зүйл сурна. Сонирхолтой, хичээл зүтгэл сайтай бол нэг удаагийн сургалтаар анхан шатныхаа мэдлэгийг сураад гардаг.
-Керамик урлал эцсийн бүтээгдэхүүн болж гартлаа маш олон шат дамжлагаар дамждаг гэлээ. Хэчнээн шат дамжлагатай вэ?
-Шат дамжлагын тухайд хийх, хатаах, будах, шатаах, паалантай шатаалтад оруулах гээд дөрвөөс таван шат дамжлагаар дамжиж нэг бүтээгдэхүүн бэлэн болдог. Ингэж гарахдаа байнгын арчилгаа шаарддаг. Өнөө үед дэлхийд керамик урлаг өндрөөр үнэлэгдэж байгаа шалгаан нь ганц бий. Тэр нь гар аргаар хийгддэгт байгаа хэрэг. Гар аргаар хийсэн ямар ч бүтээгдэхүүн дахин давтагдашгүй байдгаараа онцлог байгаа.
-Сүүлийн үед хүмүүс гэр бүл, ажлын хамт олноороо, ангиараа ирж энэ урлагаар хичээллэх нь ихэссэн гэсэн. Танайх нэг дор хэдэн хүн  авах боломжтой байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд иргэд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг эрмэлзэх болсон. Тэр ч утгаараа найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олноороо манай урланг зорин ирж байна. Урланд ирээд бүтээл хийж байгаа ихэнх хүмүүс маш их тайвширлаа, стресс бухимдалгүй болгож, сэтгэл санааг их сайхан болгож өгдөг юм байна гэж хэлдэг. Манай Керамик арт студи маань хамгийн ихдээ 30-35 хүн хүлээн авах боломжтой. Техникийн тухайд найман хүрд байдаг учраас олноороо ирсэн тохиолдолд хоёр юм уу гурван ээлжээр хүрдэн дээрээ суугаад бүтээлээ хийж болно. Нэг хэсэг нь хүрдэн дээр сууж байхад нөгөө хэсэг нь гар техникээр бүтээлээ хийнэ гэсэн үг. Манайх даваа гарагаас бусад өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл ажилладаг. Хүн ихтэй байдаг учир ирэхийг хүссэн хүмүүс маань цагаа захиалах хэрэгтэй.
-Хүрдээр хийсэн гараар хийсэнд ялгаа бий юу?
-Сургалтад хамрагдаж байгаа ихэнх хүмүүс хүрдэн дээр суух их дуртай байдаг. Таны бүтээл ямар болох нь өөрийн тань мэдрэмж гарын ур дүйгээс 100 хувь хамаарна. Тийм болохоор хүрдээр хийсэн гараар хийсэн ялгаа байхгүй гэж боддог.
undefined
-Танайхаас гарч байгаа шаазан эдлэлээ ахуйн хэрэгцээнд хэрэглэж болох уу. Ямар төрлийн шаврыг ашигладаг вэ?
-Манайх Солонгос улсаас шавраа оруулж ирдэг. Солонгос шавар нь хятад шаврыг бодвол их сайн байдаг. Бидний хэрэглэж байгаа шавар бол хүнсний шавар. Хүнсний шавар нь 1260 C-д шатаж хамгийн бат бөх болдог.Тийм учраас иргэд маань өөрсдийн хийсэн аяга тавгаа ахуй хэрэглээнд ашиглах боломжтой. Эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө учруулахгүй. Харин үүнээс бага буюу 1220С гэх мэт хэмд шатаад ирэхээрээ гоёлын шаазан эдлэл болчихдог. Тиймээс шаазан авахдаа заавал ёроолд нь байгаа зориулалт бичилт тэмдэглэгээг харж байж авж байх хэрэгтэй.
-Керамик урланд хэдээс хэдэн насныхан ирж болох вэ?
-Таваас дээш бүх насныхан керамикийн сургалтад сууж болно. Таваас доош насны хүүхдүүдийн гарны хүч шавраар юм хийж дийлэхгүй. Тэгэхдээ таваас доош насныханд зориулсан “Jumping day” буюу хатдаг баримлын шаврын сургалтыг явуулдаг. Тиймээс хүмүүс хүүхдээ тэр сургалтад суулгаад өөрсдөө наанаа керамикийн сургалтандаа суугаад явж болно.
-Сургалт тус бүр өөр өөр үнэтэй байх. Үнийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Төлбөрийн хувьд хүүхэд, том хүн гэдгээсээ шалтгаалан өөр байдаг. Нэг удаагийн сургалт хүүхэд 30000 төгрөг, том хүн 40000 байдаг. Дөрвөн удаагийн сургалт 100-125 мянга харин найман удаагийн сургалт 200-250 мянган төгрөгийн төлбөртэй байгаа.
-Танайх өөрсдөө шаазан эдлэл хийж борлуулдаг уу?
-Жижиглэнгээр зарж борлуулсан зүйл байхгүй. Зарим тохиолдолд олон тооны захиалга авдаг. Цөөн тооны захиалга авлаа гэж бодоход нэг захиалга гаргахын тулд гурвыг хийж сайн ганц болсноо өгдөг. Иймээс материал ч тэр, цаг хугацаа ч тэр их ордог болохоор аль болох авдаггүй. Гэхдээ хүмүүс өөрийн гараараа хийж өгсөн цор ганц зүйл дурсгалтай учир өөрсдөө ирээд хийдэг.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
undefined
undefined
undefined
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн