Англи хэлийг хэрхэн үр дүнтэй суралцах талаар “Bilgunns” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш О.Билгүүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө ярилцлагаа таны хэл сурсан түүх, арга барилаар эхэлцгээе. Та хамгийн анх ямар орны хэлийг сурч байсан бэ. Одоо хэдэн хэлээр ярьдаг вэ?
-Монгол хэлнээс гадна англи, орос, солонгос, япон хэлтэй. Өмнө Францад багшилж байхдаа франц хэлээр ярьдаг байсан боловч олон жил ашиглаагүй болохоор мартжээ.
Би арван жилээ Монголд орос хэлний сургуульд суралцаж, төгссөн. Хамгийн анх орос хэл сурсан юм. Дараа нь өөрийн хүсэл, сонирхлын дагуу англи хэл сурч байлаа. Анх 11 настай байхдаа тухайн үед Америкийн “Disney Channel”-ийн жүжигчин байсан Селена Гомез, Деми Ловато нарын зургийг интернетээс харж ямар хөөрхөн бүжиглэдэг, дуулдаг юм бэ гээд л фен нь болж байлаа. Ингээд тэр хоёрын талаар бүхий л мэдээллийг хайж эхэлсэн юм.
Би нэг зүйлийг зорилгоо болговол бүхнээ зориулж хийдэг төрлийн хүн. Тодруулбал, дэмждэг оддынхоо талаар мэдээллийг оруулахын тулд вебсайт хэрхэн хийх талаар хүртэл сурч байлаа. Ингээд оддынхоо талаарх мэдээллийг өдөр бүр орчуулж, дуу клип, кино бүрийг алгасахгүй үзэж, дагаж хэлж цээжилдэг байв. Магадгүй энэ өдрөөс эхэлж миний англи хэл сайжирсан болов уу. Үүндээ би маш дуртай байсан учир өдрийн бүхий л цагаа зарцуулдаг байлаа. Харин есдүгээр ангидаа IELTS-ийн шалгалт өгч 7.5 оноо авч байсан юм.
Дараа нь солонгос хэлийг мөн адил өөрийн сонирхол, хоббигоо түшиглэж сурсан. Солонгос хамтлагуудын дууг сонсож, киног нь шимтэж үзэж байсан юм. Англид ирсний дараа ч солонгос хүүхдүүдтэй найзалж, нөхөрлөдөг байсан. Хамгийн гол нь хүмүүст би кино үзэж, дуу сонсоод сурсан гэхэд “Би ч мөн адил ингэсэн ч сурахгүй байна шүү дээ” гэж хэлдэг. Гэхдээ энэ нь 2-3 удаа эсвэл арван удаа давтах зүйл биш шүү дээ. Нэг дууг олон удаа сонсох, дараа нь давтаж хэлэх хэрэгтэй. Жишээлбэл, би нэг дууг бараг 100 удаа цээжилж, давтдаг. Үүнийг хүмүүс сайн ойлгодоггүй. Солонгос драма үзэхдээ өдөрт 3-4 анги л үзэж, тэр зүйлдээ улам дурладаг байсан. Ингэх явцад нэг л өдөр түвшин чинь сайжирч ахисан байх болно. Хийж байгаа зүйлдээ олон цаг гаргаж, тууштай байх хэрэгтэй.
Зарим хүмүүс надаас “Би англи хэл сурах урам зориг, сэдлээ хэрхэн олох вэ” гэж асуудаг. Үүнийг би үнэхээр мэдэхгүй шүү дээ. Тухайн хүн өөрөө л хайж, дуртай зүйлээ олох ёстой. Ер нь гадаад хэлийг дуртай сэдэв, хоббигоо даган хөгжүүлвэл сурахад амар.
-Цахим орчинд таны бичлэгүүд их хандалттай, хүртээмжтэй байдаг. Та фейсбүүк хуудсаа анх хэзээ нээж байсан бэ?
-Би Английн “University of Birmingham” сургуулийг хэл, уран зохиолын багш мэргэжлээр 2016 онд төгссөн. Төгссөний дараа Лондонгийн “Cambridge Celta” гэдэг багш мэргэшүүлэх сургалтад суралцсан юм. Анх англи хэл яаж заахаа мэддэггүй багш болж чадах эсэхэд эргэлзэж, хэцүү байдаг байлаа. Гэвч энэ сургалтад сууснаар өөрийн гэсэн арга барилыг эзэмшсэн юм. Улмаар үүний дараа сургуульд англи хэлний багш мэргэжлээр ажилласан.
Би багаасаа л нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан. Тиймээс өөрийн фейсбүүк хуудас, “youtube” сувгаа анх 2018 онд нээж байсан. Анхны бичлэгээ хийсний дараахан олон хүнд хүрч эхэлсэн. Үүний дараа та сургалтаа хэзээ хийх вэ, сургалт хийх үү гэж хүмүүс их асуудаг болсон юм. Тиймээс сургуульд хичээл заахаа больж, цахим сургалт хийж эхлэхээр болсон.
-Таны анзаарснаар хүмүүс хэл сурахдаа ямар түгээмэл алдаа гаргадаг вэ?
-Хүмүүс хэл сурахыг маш амархан, хурдан хугацаанд болох зүйл гэж андуурдаг. Гэхдээ энэ бол өрөөсгөл ойлголт юм. Хүн анх эхээс төрөөд хэлд орох гэж хэдэн жил болдог билээ дээ. Яг үүнтэй адил англи хэлийг ч 2-3 жил сайн сурч байж эзэмших болно. Амархан, хурдан сурна гэж боддог хүмүүс маш хурдан шантардаг. Хүмүүс анх сургалт эхлэхэд “Би чадна аа” гэж хэлж, мөнгөө төлчихөөд замын дундаас шантарчихдаг. Тэгэхээр сургалт эхлэхийн өмнө “Би тууштай чадна” гэх зорилго тавиад зүтгэх хэрэгтэй. Жишээлбэл, би одоо япон хэлийг сураад нэг жил болж байна. Өдөрт 6-7 цагийг хэл сурахдаа зарцуулдаг. Гэсэн хэдий ч гүнзгий түвшинд хүртлээ болоогүй байна. Тэгэхээр хүмүүс долоо хоногт 2-3 удаа 2-3 цаг англи хэлийг давтах явцаар хурдан сурна гэж ойлгож болохгүй. Хэл сурна гэдэг нэлээд урт хугацааны процесс юм. Сурсан мэдлэг өөрт, тархинд нь шингэх гэж мөн нэлээд удна. Заримдаа надаас “Би хэдэн сарын дотор англиар ярьж чадах вэ” гэж асуудаг. Гэхдээ би үүнийг хэлж мэдэхгүй шүү дээ. Англиар ярьж чадах эсэх зөвхөн өөрөөс чинь л шалтгаална. Өдөр бүр өөртөө, англи хэлдээ зориулж тогтмол цаг гаргаж чадах уу гэдгээс хамаарна. Хамгийн гол нь англи хэлээ өдөр бүр бага багаар зуршил болгон давтаж байгаарай. Гол нь зуршил болгож чадах нь чухал.
Мөн өөрийн хэл сурах арга барилаа олох хэрэгтэй. Хүн бүхэнд өөр өөр арга барил байдаг. Зарим хүн зураг харж, сонсож цээжилдэг бол зарим нь бичиж цээжилдэг. Энэ нь нэлээд хугацаа шаардах ч цаашид аливаа хэлийг сурах явцыг түргэсгэх юм.
-Хэлний авьяастай, авьяасгүй хүн гэж байдаг болов уу. Англи хэлийг зорилгоо болгож сурах ч замын дундаас шантрах хүмүүс цөөнгүй байдаг шүү дээ?
-Хэлний авьяас гэх зүйл байдаггүй. Энэ зөвхөн хувь хүний хичээл зүтгэл, өөрөө өөрийгөө ялан дийлэх зүйл юм. Амьдралын хамгийн чухал зүйл нь хүн өөрөө өөрийгөө ялан дийлэх, өөртэйгөө тэмцэх байдаг. Хэрвээ залхуу байдлаа ялж чадахгүй бол авьяастай байсан ч тэр хүн юу ч сурахгүй. Тэгэхээр би авьяасгүй, чадахгүй юм байна гэдэг бол зүгээр шалтаг. Гол нь зорилготой байж, түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй.
Зарим хүн хэл сурахдаа богино хугацаанд сураад болиод, сураад болиод байдаг. Үүний оронд нэг мөр би энэ хэлийг сурахад тэдэн жил зарцуулна гэж зориод тууштай сурах хэрэгтэй. Хэл сурах гэдэг богино цаг хугацаанд болчих зүйл биш. Тиймээс анхнаасаа бэлтгэлтэй орж ирэх хэрэгтэй. Гадаад хэл сурсан, сураагүй хүн хоёрын хооронд том ялгаа бий. Ирээдүйд гаргах амжилт болон боломжууд ч ихэснэ. Хүнд ямар ч зүйлийг хийхэд цаг хугацаа, бартаа саад гарах болно. Тэгэхээр үүнд шантрахгүй өөрийн зорилгын төлөө явбал сайн байх.
Мөн ихэнх суралцагч багшид хэт их найддаг. Гэхдээ хэл сурахад багшийн оролцоо 20 хувь бол үлдсэн 80 хувь тухайн суралцагчаас хамаарах болно. Багш материал, зааварчилгааг өгөх болно. Харин үлдсэн нь сурагчийн тууштай байдал хүсэл сонирхлоос шалтгаална. Ирээдүйд юу хүсэж, юуг зорьж байгаа үүний төлөө хувь хүн өөрөө л хичээх хэрэгтэй.
-Англи хэлийг хэрхэн зөв дарааллаар суралцах хэрэгтэй вэ. Таны сургалтын давуу тал юу бол?
-Хамгийн түрүүнд багшаа сайн судалж сайн багш сонгох хэрэгтэй. Би анх япон хэл сурахдаа мөн адил багш хайж байлаа. Ингэхэд багш нэртэй мөртлөө мэдлэг хомс, сайн мэддэггүй хүмүүс бас байдаг юм билээ. Тэгэхээр сайн багшийг сонгон сууриа сайн тавиулаарай. Тэгэхгүй бие даан сурна гэвэл чиглүүлэх хүнгүй, хаанаас ямар мэдээллээр цэгцтэй сурахаа мэддэггүй.
Дүрэм, сонсгол, яриа гээд олон чадварууд бий. Энэ бүгдийг хослуулан, цэгцтэй сурах нь чухал. Түүнээс ганц үг цээжлээд хэлтэй болно гэж байхгүй. Үг биш өгүүлбэр цээжилж, ярьж чаддаг байх хэрэгтэй.
Миний сургалтын давуу тал нь цэгцтэй, суурь сайтай болгоно гэж боддог. Би анх өөрийн сургалтын хөтөлбөрөө хийж байх явцдаа мэдэхгүй зүйлсээ ч мэдэж, суралцаж явсан. Сургалтад суусан хүмүүс ч мөн “Багшаа мэдэхгүй зүйлээ мэддэг боллоо. Жижиг, сажиг мэдэхгүй эрээн, цоохор байсан зүйлсээ ч хүртэл бүрэн мэдэж авлаа” гэж хэлдэг. Мөн хичээлээ бичлэг болон лайваар заах нь давуу тал байх. Манай сургалтад анхан шатнаас яван IELTS шалгалтаа өгсөн хүн ч байдаг.