"Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болсон билээ. ТЕГ-ын дэд дарга Н.Бат-Эрдэнийн Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлыг танилцуулсан юм.
Тэрээр “Улс үндэстний аюулгүй байдал, язгуур, ашиг сонирхлыг хангах нь төрийн нууцыг чандлан хамгаалах асуудалтай шууд холбогдох бөгөөд үүнийг сахин хамгаалах нь төрийн албан хаагч бүрийн үүрэг. Төрийн болон албаны нууц хадгалах, ашиглах, дамжуулахтай холбоотой зөрчил цөөнгүй гарч байна. ТЕГ-аас төрийн байгууллагуудад төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтад төлөвлөгөөт бус шалгалт хийхэд дараах нийтлэг зөрчил дутагдал гарч байна. Үүнд:
-Нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөх болон өөр албан тушаалд шилжихдээ хариуцаж байсан төрийн нууцад хамаарах бичиг баримтад нууц тээгчийн хууль тогтоомжийн дагуу хүлээцдэггүй.
-Нууцад хамаарах баримт бичгийг төрийн нууцтай танилцах эрхгүй албан тушаалтнаар хүргүүлдэг зэрэг нийтлэг зөрчил байна.
Төрийн болон албаны нууцын хууль тогтоомж зөрчсөн төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулсан, үрэгдүүлсэн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийн дийлэнх албан тушаалтан ажилтны болгоомжгүйн улмаас үйлдэгдсэн нь шалгалтын явцад тогтоогддог.
Мөн төрийн байгууллагуудын мэдээлэл хадгалах дамжуулах систем шаардлага хангадаггүй, нууцын биет хамгаалалт түүнд тавих хяналт хангалтгүй байгаа нь төрийн нууц алдагдах задрах эрсдэлийг үүсгэж байна. Иймд төрийн байгууллагууд аюулгүй байдлыг бүрэн хангасан, тагнуулын байгууллагаар баталгаажуулсан мэдээллийн систем сүлжээ, програм хангамж техник, хэрэгслийг ашиглах мөн холбогдох хэв журмыг мөрдөж ажиллах нь чухал байна.
Албаны нууцад хамаарах мэдээлэл
-2017 оноос өмнө төрийн байгууллагын албаны нууцыг төрийн нууцын тухай хуулиар бус байгууллагын нууцын тухай хуулиар зохицуулж байсан нь албаны нууцын тухай ойлголтыг тодорхой бус болгосон. Төрийн байгууллагын албаны нууцыг хуулийн этгээдийн нууцаас ялгаагүй зэрэг албаны нууцыг нэгдсэн удирдлага хяналтгүй болгож хамгаалалтыг сулруулсан юм. Иймд олон улсын нийтлэг жишгийн дагуу албаны нууцыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг төрийн нууцын тухай хууль тогтоомжид тусган оруулсан.
Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн салбарын сайд эсвэл бие даасан агентлагийн хувьд дарга нь заавал тагнуулын ерөнхий байгууллагад хянуулж саналыг нь авч батлуулах зохицуулалттай. Гэтэл зарим яамны харьяа агентлагууд өөрсдийн салбарын сайдаар бус даргаар батлуулах тагнуулын байгууллагын саналыг авалгүй батлах нь цөөнгүй байна.
Төрийн болон албаны нууцтай гадаадын иргэн танилцах шаардлага үүсэж байна
-Зарим яам, агентлаг байгууллага болон төрийн өмчит үйлдвэрлэлийн газруудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт гадаад улсын байгууллага иргэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр сонгогдож ажил хэргээ биелүүлэхийн тулд нууц мэдээлэлтэй танилцах хэрэгцээ бий болсон. Төрийн болон албаны тухай нууцын хуульд төрийн нууцыг хамгаалах нийтлэг журамд гадаад улсын Засгийн газар болон улсын байгууллагад төрийн нууцад хамаарах мэдээллийг гэрээ байгуулан шилжүүлэхийг зөвшөөрдөг, харин гадаадын иргэнд төрийн нууцыг танилцуулах талаар зохицуулалт байдаггүй. Үүнээс үүдэн төрийн ажил удаашрах тасалдах эрсдэл үүсэж болзошгүй тул уг асуудлаар тодорхой зохицуулалтыг хууль журамд тусгах.
Хугацаа дууссан баримтыг ил болгох асуудал хангалтгүй байна
-Зарим төрийн байгууллагад 1911, 1921 оноос хойш боловсруулсан одоо 100 жил болсон төрийн нууцад хамаарах мэдээ баримт бичиг ил болох бүрэн боломжтой, цаашид нууцлах шаардлагагүй материалуудыг их хэмжээгээр хадгалсан байна. Эдгээр нууцлах шаардлагагүй, хугацаа дууссан ач холбогдолгүй цаасан суурьт баримт бичгүүдийг урт хугацаанд хадгалах нь байгууллагын төсөв санхүү, болон хяналт тавих албан хаагчдад хүндрэл бэрхшээл үүсгэх юм.
Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн зөрчил нэмэгдсээр байна
-Тодруулбал, 2017-2020 оны хугацаанд тагнуулын байгууллагаас төрийн нууцтай холбоотой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 38 эрүүгийн хэрэг үүсгэж 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэлээ.