Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Банкинд хадгалах уу, банкны хувьцаа авах уу

Банкинд хадгалах уу, банкны хувьцаа авах уу
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 10
Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монголын топ таван банк нээлтэй хувьцаат компани болж, олон нийтэд хувьцаагаа санал болгохоор болсон. Банкуудын нээлттэй хувьцаат компани болох хуулийн хугацааг 2023 оны зургадугаар сарын 30 хүртэл сунгаад буй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан банкуудын IPO гаргах ажил удаашраад байсан ч саяхнаас эрчимжиж эхэллээ. Өнгөрсөн сард Төрийн банк нийт хувьцааны таван хувийг олон нийтэд санал болгож, зах зээлээс 20 гаруй тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Тэгвэл оноос өмнө Монголын хамгийн том банк болох Хаан, Голомт банк нийт хувьцааныхаа 10 хувьд IPO гаргах гэж байна. Өчигдөр /2022.11.09/ Санхүүгийн зохицуулах хорооноос Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрч үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэв. Удахгүй Голомт банкны хувьцааны арилжаа болох нь тодорхой болж байна. Нэгж хувьцаагаа хэдээр үнэлж, хэдийг татан төвлөрүүлэхээ удахгүй зарлах байх. Голомт нь Монголын банкны салбарын 20 хувийг дангаараа бүрдүүлдэг том банк юм.
Банкны хувьцаа авах нь ашигтай юу
Өнгөрсөн гучин жилд Монгол Улсад банкны систем хамгийн сайн хөгжсөн. Нийт санхүүгийн зах зээлийн 90 гаруй  хувь банкны системд түшиглэж байна. Энэ хэрээр иргэдийн банкинд итгэл өндөр байдаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд иргэд банкийг мөнгөө хадгалах, өсгөх хамгийн сайн “сейф”, яаралтай үед зээл хүсч болох итгэлт түнш гэдгээр харж ирсэн. Тэгвэл банкууд нээлттэй хувьцаат компани болсноор иргэд, харилцагчид мөнгөө хадгалдаг, зээл хүсдэг банкныхаа хувьцаа эзэмшигч болох боломж ирж байна. 
Хэдий өнөөдөр Монголын эдийн засаг удаашралтай, хүндхэн байгаа ч банкууд л хамгийн өндөр ашигтай ажиллаж буй. Жишээ нь, 2022 оны гуравдугаар улиралд топ таван банкны нийт ашиг 681 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь банкуудын цэвэр хүүгийн орлогоос олж буй ашиг юм. Тэгэхээр иргэд өөрсдөө банкны хувьцаа эзэмшигч болбол хадгаламжийн хүүгийн орлогоосоо ч илүү ашиг хүртэх боломж нээгдэж байна гэсэн үг.
Нөгөө талд, ам.долларын ханшийн чангаралтаас болж төгрөг сульдаж байна. Үүнийг дагаж мөнгөн хадгаламжийн үнэ цэн буурах хандлага бий. Он гарснаас хойш төгрөгийн ханш 18 хувиар суларч, иргэд илүү үнэ цэнтэй, өндөр ашигтай үл хөдлөх, хувьцаа, бондын хөрөнгө оруулалтыг хамгийн сонирхох болсон. Үүнтэй зэрэгцэн банкууд IPO гаргаж байгаа нь иргэдэд хөрөнгийн үнэлгээгээ өсгөх таатай боломж  юм. Монголд хамгийн өндөр ашгийг банкууд хийж байгаа тул банкны IPO хамгийн сайн, оновчтой хөрөнгө оруулалт болох нь тодорхой юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн