Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Ху Жинтао болон Ху Хайфэн нарыг Хятадын интернэт хайлтын системд хоригложээ

Ху Жинтао болон Ху Хайфэн нарыг Хятадын интернэт хайлтын системд хоригложээ
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 27
Хятадын Коммунист намын ХХ Их хурлаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхээ баталгаажуулж, Улс төрийн товчооны Байнгын хороог өөрийн ойрын хүрээллээр бүрдүүлсэн. Мөн тэрээр Шанхай хотын намын дарга Ли Цяныг хоёрдугаар хүн болгон дэвшүүлж, дараагийн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд болгох замаар гүйцэтгэх эрх мэдлийг мөн өөрт төвлөрүүлэх замаа заслаа. Ингэснээр Ши Жиньпин Мао Зедунаас хойших Хятадын хамгийн их эрх мэдэлтэй удирдагч болсон.
Тэгвэл Коммунист намын Их хуралд Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн асан, өдгөө 105 настай Сүн Пин тэргүүтэй намын үе үеийн удирдлагууд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн. Гэхдээ БНХАУ-ын дарга асан, 96 настай Жиан Зэмин болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан, 94 настай Жу Рүнжи нар хуралд оролцоогүй.  Мөн хурлын үеэр БНХАУ-ын дарга асан Ху Жинтаог албадан гаргасан нь ажиглагчдын анхаарлыг хамгийн ихээр татсан.
Жиан Зэмин болон Жу Рүнжи нарын биеийн байдал муу байгаа гэх мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Түүнчлэн, Ши Жиньпин “барын ав” буюу төрийн өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх нэрийдлээр Жиан Зэминий хоёр хүү болон Жу Рүнжи тэргүүтэй түүний ойрын хүрээллийн хүмүүсийг баривчилж, боломжит өрсөлдөгчдөө намнасан гэх цуурхал нэг бус удаа гарч байв.
Харин Хятадын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг Ху Жинтао даргын биеийн байдал тавгүйрхсэн тул хурлыг орхисон гэж мэдээлсэн.

Гэвч Сингапурын “CNA” агентлагийн 3 орчим минутын дүрс бичлэгт үлдсэнээр 79 настай Ху Жинтао ХАТИХБХ-ны дарга Ли Жаншу нарын дунд үл ойлголцол үүссэн дүр зураг ажиглагддаг. Улмаар Ли Жаншу Ху Жинтаогийн гараас албан бичгийг авч, буцааж өгөхгүйн тулд гараараа дарж байгаа нь харагдана. Тэдний энэ байдалд нэгэн цагт Ху Жинтаогийн хамгийн ойрын зөвлөх явсан Байнгын хорооны гишүүн Ван Хунин хөндлөнгөөс оролцохыг оролддог.
Үүнтэй зэрэгцээд намын дарга Ши Жиньпин хөндлөнгийн албан тушаалтныг дуудаж ямар нэгэн заавар, чиглэл өгч байгаа нь анзаарагдана. Ингээд тухайн залуу төрийн албан хаагч арай ахмад өөр нэг албан тушаалтны хамт Ху Жинтао даргыг авч гарахыг оролдоно. Энэ үед Ху Жинтао дарга эсэргүүцэл үзүүлж, суудалдаа эргээд суухыг оролдож байгаа нь анзаарагдана. Улмаар Ху Жинтао хоёр залууд түшүүлэн гарахдаа Ши Жиньпинд ямар нэгэн зүйл хэлээд, өөрийн ойрын хүрээллийн хүн болох Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны мөрөн дээр алгадаад гарч явдаг.
Английн “Guardian” сонинд мэдээлснээр Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд Ху Жинтао даргыг Их хурлаас авч гарсан дүрс бичлэгийг олон нийтэд огт мэдээлээгүй аж. Мөн Ху Жинтао болон түүний төрсөн хүү болох Ху Хайфэн нарын нэрийг интернэтийн хайлтын системд хориглосон байна.
Тиймээс ажиглагчид БНХАУ-ын дарга асан Ху Жинтаод тохиолдсон үйл явдал нь биеийн байдалтай холбоогүй. Өнөөгийн эрх баригчдийн цэвэр улс төрийн байр суурь. Ши Жиньпин өөрийн хүч чадлыг намын гишүүддээ нотлон анхааруулсан үйлдэл гэж дүгнэж буй.
Хамгийн чухал нь, ХХ Их хурлаар Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ху Чунхуаг Улс төрийн товчооны 25 гишүүнээс хассан нь уг таамаглалыг шууд баталж байгаа юм. Ху Чунхуа нь Ху Жинтао болон Ли Көчян нарын адил Хятадын Коммунист залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас улс төрийн карьерээ эхэлсэн, тэдний хамгийн ойрын хүн, Шанхайн бүлэглэлийг ирээдүйд төлөөлөх гол улстөрч гэж нэрлэгддэг нэгэн юм.
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн