"Чингис хаан" хаад, язгууртны музейг Засгийн газрын 280 дугаар тогтоолоор байгуулахаар болж байсан. Тэгвэл өдгөө тус музейн нээлт маргааш /2022.10.11/ болохоор болжээ. Иймд музейг нээх гэж буйтай холбогдуулан албаныхан мэдээлэл өглөө.Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Я.Содбаатар “Чингис хаан хаад, язгууртны музейн нээлтийн ёслол Чингис хааны мэндэлсний 860 жил буюу тэгш ойгоор болж байгаагаараа онцлог гэж үзэж байна. Нээлтийн арга хэмжээний үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг залахаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч байгаа” хэмээсэн юм.Музейн барилга угсралтын ажлыг 1.6 жилийн хугацаанд хийж 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр улсын комисс ажилласнаар байнгын ашиглалтад хүлээж авсан аж.Түүнчлэн "Чингис хаан" музейн захирал, академич С.Чулуун “Чингис хаан музейн гол онцлог нь Монгол нутаг дахь анхны төрт улс байгуулагдсан Хүннүгийн үеэс Их Монгол Улс, Их Юань улс, Чингис хааны угсааны хаад язгууртны түүхийг харуулна. Мөн ХХ зууны эхэн 1911 онд Чингисийн угсааны Алтан ургийн ноёдууд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээсэн тухай түүхийг бүрэн цогцоор харуулсан музей юм. Чингис хаан музейд нийт 11 мянга гаруй үзмэр, дурсгал тавигдаж байгаа. Үзмэр бүрдүүлэлтийн асуудал бол Улаанбаатар хотод байгаа музей, шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэнгүүд, соёлын өв зэрэг бусад байгууллагын сан хөмрөгт хадгалагдаж байгаа нийт дурсгалын найман хувь тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, Чингис хаан музейд юу тавих талаар санаа зовох шаардлага байхгүй” гэлээ.