Open iToim app
Улс төр | 6 мин уншина

Э.Гэрэлт-Од: 50+26 хувилбар бол олон мандаттай үндэсний хэмжээний мажоритар тогтолцоо

Э.Гэрэлт-Од: 50+26 хувилбар бол олон мандаттай үндэсний хэмжээний мажоритар тогтолцоо
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 5
МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцооны талаар ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Хуулийн төсөлд 50+26 гэсэн хувилбараар УИХ-ын сонгуулийг явуулахаар тусгасан байна. 50+26 мажоритар тогтолцоо юу хувь тэнцүүлсэн үү?
-Эхлээд сонгуулийн тогтолцооны ямар хэлбэрүүд байдаг талаар ярьсан нь зөв болов уу. Суурь зарчмын ялгаа нь мажоритар, пропорционал гэсэн хоёр л тогтолцоо байдаг. Нэг үгээр тайлбарлавал, ялагч бүхнийг авах тогтолцоо нөгөө нь авсан саналаар нь хувь тэнцүүлж парламентад суудал өгдөг хоёр янзын л тогтолцоо бий. Үүнийгээ хэрхэн хэрэглэж байгаагаас шалтгаалаад холимог гэх мэт гурав дахь хувилбарыг  гаргаж ирж байгаа. 50+26-г зарим судлаачид пропорционал энэ тэр гэж тайлбарлаж байх шиг байна. Хуулийн төсөл дээр бол хувь тэнцүүлж гаргана гэсэн үг, өгүүлбэр байна. 75-ын 2.3 дээр тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 26-д хувааж нэг суудалд оногдох саналын тоо хувийг тооцож гаргана гэж байна. Би үүнийг олон мандаттай гэхдээ сонгогч нэг саналыг сонгодог үндэсний хэмжээний мажоритар тогтолцоо гэж хараад байгаа. Одоогоор Үндсэн хуульд пропорционал тогтолцоог хаасан хаалтыг хэрхэн тойрч  гарах вэ гэдэг л тайлбар хууль зүйн хүрээнд яригдаж байх шиг байна. Гэхдээ үүний цаана сонгуулийн хоёр тогтолцооны хамгийн гол мөн чанар нь сонгуулийн саналыг хуваахаас гадна сонгуулийн компанит ажил, нэр дэвшигч гээд тогтолцооны суурь асуудлыг хөнддөг. Гэтэл манайд зөвхөн суудал хуваарилахдаа л хувь тэнцүүлэхийг хэрэглэх юм байна. Бусад бүх элементүүд нь мажоритар тогтолцоогоор явах гээд байгаа юм байна. Тэгэхээр 50+25 гэдэг хувилбарыг пропорционал гэж хэлж чадахгүй. Сонгуулийн санал цуглуулж байгаа, компанит ажилд оролцож байгаа, нэр дэвшигчийг нь бодохоор энэ бол  мажоритар тогтолцоо.
-Эрх баригч намын бүлэг ч энэ хувилбарыг дэмжсэн. Энэ тогтолцооны эерэг болон сөрөг тал юу вэ?
-Манай улс 1992 оноос хойш явуулсан долоо удаагийн сонгуулиас юу суралцах ёстой вэ гэхээр нэгд, сонгогчдын боловсрол, хоёрт, сонгуулийн зардлыг бууруулах, гуравт, улс төрийн намуудыг  төлөвшүүлэх, дөрөвт, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх юм. Энэ сургамжуудаа бодохоор энэ тогтолцооноос эерэг зүйл ерөөсөө харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, яг энэ хувилбарыг хэрэглэвэл түүхэндээ байгаагүй, их өвөрмөц хэлбэрийн сонгууль болох юм байна. Сонгогч хоёр төрлийн санал өгнө. Нэг нь уламжлалт маягаар жижгэрүүлсэн тойрогтоо 5-10 нэр дэвшигч дотроос нэгийг сонгоно. Нөгөө нь үндэсний хэмжээнд нам бүрээс гарсан хүмүүсээс нэгийг сонгоно. 10 нам сонгуульд орлоо гэж бодоход 260 нэр дэвшигчээс нэгийг сонгоно. Энэ нь сонгуулийн зардлыг бууруулж чадахгүйгээс гадна сонгогчдыг улам төөрөгдүүлнэ. Бид жижгэрүүлсэн мажоритар тогтолцоондоо өөрсдөө төөрөлддөг. Дээр нь миний харж байгаагаар 50+26 бол маш их зардалтай мөн эмэгтэйчүүдэд хаалттай тогтолцоо. Бид түүхэн сургамжаасаа суралцахгүй, алдаагаа засахгүй байна. Улстөрчид дахин яаж сонгогдох вэ гэдгээ л бодож байна. АН төөрөлдөөд байгаа юм шиг харагдаад байх юм.
-Жагсаалтаар оруулж ирж байгаа бол пропорционал тогтолцоо. Хэрвээ энэ хэлбэрээр сонгууль явуулбал Үндсэн хууль зөрчиж Цэц дээр очооод энэ сонгууль бүхэлдээ хүчингүй болох эрсдэлтэй гэж зарим улстөрч тайлбарлаад байгаа. Судлаачид үүнийг хэрхэн харж байна вэ?
-Яг энэ хувилбараар сонгууль явбал Үндсэн хуулийн Цэц дээр очиж унахгүй. Эд Үндсэн хуулийн заалтыг зөрчихгүйн тулд хүнээ хэрхэн шууд сонгох вэ гэдгээ тооцож байгаа. Би бол үүнийг Үндсэн хуулийн Цэц дээр очиж унахгүй гэж бодож байна. Харин өөр нэг асуудал үүсч болзошгүй. Тодруулбал, аль нэг нам сонгогчдын 20 хувийн санал авлаа гэж бодъё. Сонгогчдын 20 хувийн саналыг авсан улс төрийн намын дарга бүх саналыг өөрийнхөө нэр хүнд, ритенгээр татсан байж болно. Жагсаалтад орж ирсэн 25 хүн нь санал аваагүй гэж бодъё. Энэ тохиолдолд намд таван суудал хуваарилагдана. Таван суудлын нэг нь намын дарга авах бол үлдсэн дөрөв нь тодорхойгүй намдаа хадгалагдаж байгаа гэж үзвэл дөрвөн хүнээ намын дарга нь чирээд ороод ирнэ. Үндсэн хуулийн заалтаас тойрох гээд байгаа нь заавал хүнээ шууд сонгоно.  Гэтэл нэг ч хүний санал аваагүй хүмүүсийг намын даргын араас яаж дагуулах юм. Энэ мэтчилэн энэ сонгуулийн тогтолцоонд ойлгомжгүй зүйл их байна гэж судлаачийнхаа хувьд харж байна.
-УИХ-ын долоо удаагийн сонгуулийг долоон өөрөөр явуулсан байна. Аль ч хувилбарыг нь улстөрчид болон судлаачид шүүмжилдэг. Манай улсад тохирох хувилбар байхгүй гэж үү?
-Би хувьдаа 2012 оны сонгуулийн тогтолцоог зөв гэж боддог. Бага зэрэг жорыг нь багадуулчихсан юм. 50:50 хувь буюу 38:38-аар мажоритар, пропорционал хоёрыг хэрэглэсэн бол үр дүн нь мэдрэгдэх байсан. Бид порпорциналийн сайн үр дагаврыг мэдрэх байсан. Харамсалтай нь мэдрэх боломж олдоогүй. Жагсаалтыг 30 хувиар оруулж ирсэн. Сонгогчид жагсаалтын 28 гишүүн юу юм, хэнд ашигтай юм гэдэг асуудлыг ярьж байсан. Дэлхий даяар сонгуулийн тогтолцооны шинэчлэл хийсэн улс орнууд бүхэлдээ холимог тогтолцоо буюу пропорционал хэлбэрийг хэрэглэж эхэлж байгаа. Мөн жагсаалтад орсон хүмүүсээ эрэмбэлэхдээ мөнгөөр эрэмбэлсэн. Энэ нь хамгийн том алдаа. Сонгуулийн уламжлалт тогтолцоог АНУ, Австрали, Их Британи л хэрэглэж байна. Консортив улс төрийн уламжлалтай  улсууд хэрэглэж байгаа юм. Харин бусад бүх улс орнууд шинэчлэл хийгээд яваад байна. Манайх яагаад үүнийг хийж болохгүй байгаа юм бэ. Шалтгаан нь миний харж байгаагаар улс төрийн намууд өөртөө ашигтай сонгуулийн тогтолцоог хэрэглэх сонирхолтой байна. Манай улс Сонгуулийн хуулиа гурав, дөрвөн удаа өөрчилсөн. Одоо дахиад өөрчлөх гэж байна. Энэ тоолондоо сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх гэж байна. Сонгууль бүрийн өмнө тогтолцоогоо өөрчилж байгаа нь эцсийн дүндээ сонгогчдод халгаатай. Аль болох сонгогчдод ойлгомжтой, энгийн, үр дүнг нь тооцоход хялбар байх ёстой. Энэ зарчмыг бид ерөөсөө баримтлахгүй байна. Хуулийн төсөл дээр их үлдэгдлийн зарчмаар тооцож үзнэ гэж байгаа. Ингэж тооцож үзвэл намын авсан нийт мандатын саналуудыг 76-даа хуваагаад их үлдэгдлийн зарчимд хүрэхгүй байгаа саналуудыг үлдээгээд хэн нь илүү олон санал авсан бэ гээд хуваарилаад явчихна. Дээр нь намууд таван хувийн босго давах ёстой гэж хуулийн төсөлд тусгасан байна. Таван хувийн босгыг давах улс төрийн нам хэд байх вэ. Таван хувийн босго даваагүй бол тэр суудал хасагдаж үлдэнэ. Тэгэхээр хүмүүст ойлгомжгүй нөхцөл байдал нэлээд үүснэ. Гэхдээ өчигдрийн улс төрийн нөхцөл байдлыг харахад энэ төсөл явах уу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй байна.
-Сонгуулийн зардлыг бууруулах нь бүү хэл зардал нэмэгдэнэ гэж та хэллээ. Яагаад ингэж харж байна вэ?
-Сонгуулийн зардлыг бууруулна гэж бид олон жил ярьж байна. Энэ хувилбарыг хэрэглэвэл сонгуулийн зардлыг бууруулж чадахгүй. Жижгэрүүлсэн мажоритар тогтолцоон дээрээ нэмээд үндэсний хэмжээний 200,300 хүн өөр дээрээ санал цуглуулах гэж оролдоно. Ах дүү, хамаатан садан, найз нөхдөө бүгдийг нь “миний төлөө саналаа өгөөрэй” гэж хэлж эхэлнэ. Мөн популист лидерүүд нь үндэсний хэмжээнд сонгогдоно. Энэ хувилбарыг зөвтгөж ярьж байгаа хүмүүс “жинхэнэ улс төрчдийг эрэмбэлж  гаргаж ирнэ” гэж байна. Тийм байж болно. Гэхдээ нийгмийн, ирээдүйн, шударга ёсны ашиг тусаа бодохгүй бол цэвэр улс төрийн сонирхлоор явж болохгүй.
-Хуулийн төсөлд өөр ямар анхаарал татахаар заалтууд байна вэ?
-Нэг анхаарал татсан зүйл хуулийн төслийн 26 дугаар зүйл дээр байгаа. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өмнө нь 14 хоногоор хязгаарладаг байсан бол энэ хуулийн төсөл дээр 10 хоногоор хязгаарлах юм байна. Дээр нь хэн хэн шилжих вэ гэсэн дээр сонгуулийн байгууллага дээр ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан даамлууд, улс төрийн нам эвсэл, сонгуулийн эрхэлсэн байдлын бүрэлдэхүүн түүний менежер туслахууд буюу сонгуулийн компанит ажилд ажиллаж байгаа хүмүүс нь шилжих эрхтэй юм байна. Жирийн сонгогч шилжих эрхийг хаасан юм уу яасан юм хайгаад олдохгүй байна. Ер нь сонгогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр Сонгуулийн хуулийг батлах ёстой. Хуулийн зорилго дээрээ тэгж бичсэн боловч хуулийн агуулга нь улс төрийн намууд, нэр дэвшигчдэд зориулсан байна. Ер нь сонгуулийн тогтолцоогоо аль болох тогтвортой байлгах нь сонгогчдод ашигтай.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн