Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Сурвалжлага: Наадам, Төв цэнгэлдэх хоёроор юу болж байна вэ

Сурвалжлага: Наадам, Төв цэнгэлдэх хоёроор юу болж байна вэ
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 29
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг энэ жил хамтатган тэмдэглэх гэж байна. Удаан хугацааны дараа өргөнөөр тэмдэглэх гэж байгаа Үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлджээ. Иргэдийн хувьд наадмын бэлтгэл ажил хэрхэж байгаа нь анхаарал татдаг. Мөн хүлээлттэй байдаг нь илт. Иймд наадмын эргэн тойрны сонин хачныг хүргэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнгээс сурвалжлагаа бэлтгэлээ.
Будаг ханхалсан Төв цэнгэлдэхийн гадна талбай. Цэнгэлдэх рүү орох хэсгийн төмөр хашлагыг будаж байгаа нь энэ. Будагчдыг ундууцуулан миксерийн машинууд шороо, тоос бужигнуулан холхилдоно. Тэд цэнгэлдэхийг тойрсон асфальтан замыг бетоноор хучиж байгаа бөгөөд ажлынхаа талд оржээ. Өнөөдөр /2022.06.28/ зүүн болон урд хэсгийг хучих төлөвтэй. Ингэснээр хагарч, цуурсан, өнгө үзэмж тааруу зам, замын бордюр хоорондын зайг нөхөж наадамчдад тааламжтай байдлыг бий болгох юм. Мөн автомашины зорчих болон зогсоолын хэсгийг ч шинээр барьсан нь гадна орчмын эхний сонин хачин. 
undefined
Цэнгэлдэх рүү орох хаалгыг хайн тойрч алхах зуур засварын ажил хийгдэж байгаа тул зав муутай, яарсан хүмүүс л харагдана. Ийн явахдаа онгорхой хаалга олсон ч ажилтан “Засварын ажил хийж байгаа тул 16 дугаар хаалгаар ороорой” хэмээв. Тус хаалгаар ороход наадмын нээлтийн бэлтгэл болон засварын ажил зэрэгцэн оволзож байлаа. Наадмын нээлтийн үйл ажиллагаа бол эрийн гурван наадамтайгаа дүйцэх чухал зүйл. Наадмын эхний өдөр иргэдийн дийлэнх нь бөхөөс гадна зөвхөн нээлтийг үзэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих нь ч бий. Харин тэдний хүлээлтийг бий болгох нээлтийн үйл ажиллагаанаас сонордуулбал, зүүн жигүүрт жил бүр наадмын нээлтэд дайчлагдах цэрэг, цагдаагийн алба хаагчид ид бэлтгэл ажилдаа орсон байв. 70-80 хүдэр залуусын дунд “нэг, хоёр, гурав, нэг, хоёр гурав. Аанхан, дахиад нэг” хэмээн зааварчлах шавилхан бүсгүй байх аж. Тэрээр залууст идэвхтэй гэгч нь заана. Залуус ч хичээнгүйлэн цэргийн команд авсан шиг түүний үгээр гүйцэтгэнэ. Хөдөлгөөнөөс хоцорч, эв хавгүйхэн хийж байгаагаа анзаарсан нь завсарлах хугацаанд ганцаар бэлдэцгээнэ. Харин төв хэсэгт зассан тайз нь дээр бүжигчид, жүжигчид нааш цааш гүйлдэнэ. Тэднийг цэнгэлдэхийн хүндэтгэлийн хэсгээс найруулагч “балетчид нуруу цэх, ихэмсэг алхана шүү” гэж зааварчлана. Гуч гаруй хэмийн халуунд хүн байтугай зам хайлахаар үед бэлдэх наадмын нээлтийнхэн. Мөн тэдний хийж буй хөдөлгөөн, бэлтгэлийн үйл явцыг харвал хайнга, хойрго, жигдрээгүй байдал ч ажиглагдана. Энэ нь нарны халууных байх гэж найдъя. Хайр нь дотроо хал нь гадна гэдэгтэй адил найруулагчид зандрах үе байх ч “Ахиж толгой нүцгэн явмааргүй байна залуусаа. Эрүүл мэндээ бод. Хажуудаа устайгаа явж бай. Наршихгүйхэн баймаар байна” хэмээн нээлтэд оролцогчдод анхаарал тавьж байгаа нь нээлтийн ажлын хоёр дахь сонин сайхан.
undefined
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар наадмын бэлтгэлтэй холбогдуулан цэнгэлдэхийн үзэгчдийн 10500 ширхэг сандлыг шинээр сольж байгааг мэдээлсэн. Энэ хүрээнд сандлуудыг гурав дахь өдрөө сольж байгаа аж. Одоогоор/2022.06.28/ дийлэнх суудлыг байршуулсан ч 3/2-ыг нь боож, бэхлэх ажил хийгдэж байв. Тэд хэт халуунаас болж саравчтай хэсгээс илүүтэй саравчгүй хэсгийг яах талаар ярилцана. Гэхдээ энэ нь зөвхөн ажилчдад бус наадамчид, үзэгчдэд тулгарах томоохон асуудлуудын нэг.  Төв цэнгэлдэхийн урд хэсгийн хэд хэдэн жигүүрт саравч үгүй. Үүнээс болж наадмын билетийн үнэ хүртэл өөр өөр. Мөн наадмын нээлтээс эхэлж, бөхийн барилдаан дуусах хугацаа 19:00, 20:00 байдаг. Гэвч гучин хэм хүрч буй эдгээр өдрүүдэд тус хугацаанд наранд сууна гэдэг жин ихтэй, анхаарал хандуулах асуудал. Нарнаас гадна ширүүн бороо орох ч магадлал өндөр. Үүний тод жишээ энэ сард зохион байгуулагдсан IСE TOP хамтлагийн тоглолт юм. Тэдний тоглолтын үеэр ширүүн, борооноос гадна мөндөр хүртэл ороод амжсан. Тэгвэл наадмын үеэр энэ байдал давтагдвал бага насны хүүхэд, хөгшин настай иргэд хаачих вэ, яах вэ гэх гурав дахь сонин сайхан.
undefined
Уг асуудал болон бусад бэлтгэл ажлын талаар Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваагаас тодрууллаа. Тэрээр, Цэнгэлдэх хүрээлэнг тойруулан автозамыг бүрэн шинэчилж, есөн хөлт цагаан туг хийж орж ирэх орц гарцыг нэмж байгаа. Мөн дотор талын суудал солигдож, нийтийн бие засах газар 60 ширхгийг байгуулж, цэнгэлдэх хүрээлэн байнгын гадаа байдаг болохоор будгийн ажил их байна. Эдгээр зардлыг нийслэлийн төсөв, наадмын комисс, Цэнгэлдэх хүрээлэн ХХК-аас гарч байна. Манай компаниас одоогоор 180 гаруй сая төгрөг гарсан. Үүнээс цэнгэлдэх хүрээлэнг тойруулсан бетон дээр 150 сая гаргасан. Манай компанийн хувьд сүүлийн хоёр жил бүх урлаг, соёлын тоглолтыг зогсоосон болохоор ямар ч орлогогүй байсан. Мөн холимог өмч гэдэг утгаараа нийгмийн даатгал, дулаан, цахилгаан зэрэг улсаас хөнгөлсөн хөнгөлөлтүүдэд хамрагдаагүй учраас сүүлийн хоёр жил маш хүнд байсан. Наадмын бэлтгэлийн хувьд манайх 15,16 ажилтантай. Гэхдээ наадам болох үеэр ажилчин нэмж авна, барилгын бригадуудтай гэрээгээр ажиллаж, хийх юмнуудаа хийж гүйцэтгэж байна. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн ногоон байгууламж, зам талбай нэлээд ажил хийж байгаа. Ард түмэн төрөөс өндөр төсөв гаргаж засвар хийдэг гэж ойлгодог. Гэхдээ тийм зүйл байхгүй. Өмнөх жилүүдэд 40-50 сая төгрөгийн зардал гаргадаг байсан шүү дээ. Иргэд улс дандаа засвар хийдэг гэдэг. Гэхдээ энэ чинь нэг л юм давтагдаад байгаа хэрэг. Жишээлбэл, гадаа орчинд байгаа учраас будаг муудаж, ирэх жил нь дахиад л сэргээдэг. Битүү орчинд байсан бол нэг удаа хийгээд болчихно. Харин Төв цэнгэлдэх ХХК нь 2015-2019 онд 3.5 тэрбум төгрөгийн засварыг хийсэн. Тухайлбал, тартаанан зам, ногоон зүлэг, сүүдрэвчтэй хэсгийн төмөр дээврийг сольсон. Энэхүү саравчны асуудлын хувьд саравчтай болчихвол сайхан шүү дээ. Би саравчтай болгоно гэдэг дээр санал нийлдэг. Аргаа барсандаа өөрийнхөө хөрөнгөөр гурван секц дээр саравч хийсэн. Цааш нь үргэлжлүүлээд явчихмаар л байна. Хөрөнгө мөнгөний асуудал л байна. Мөн нэг юмыг хэлэхэд төв цэнгэлдэхийн зарагдсан билет цэнгэлдэхийн орлого болдоггүй. Наадмын комиссын орлого болдог гэдгийг анхаарах хэрэгтэй" гэлээ.  
Ийн наадмын чухал хэсэг болох Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээ жигдэрч, нээлтийн арга хэмжээний бэлтгэл ажил ид үедээ байна. Хэдий бүрэн хангагдаагүй ч Үндэсний их баяр наадам болоход үлдсэн цөөн хоногт засвар шинэчлэлийн бүх ажлаа гүйцэтгэж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн