Open iToim app
Үйл явдал | 5 мин уншина

Тэд цусаа өгч 160 гаруй хүний амь аварчээ

Тэд цусаа өгч 160 гаруй хүний амь аварчээ
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 3
“Цусны донорын үндэсний өдөр”-ийг доноруудыг алдаршуулах, урамшуулах, тэдний үйл хэргийг олон нийтэд таниулан сурталчлах үйл ажиллагааг өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-д зохион байгуулсан бөгөөд Мөнгө, Хүрэл болон Хүндэт доноруудыг шалгаруулан энгэрийн тэмдгээр шагналаа. Өнгөрөгч онд ЦССҮТ-д 26500 хүн цус, цусан бүтээгдэхүүн өгсөн байна. Энэ үеэр цусаа өгч,  бусдад амьдрал бэлэглэж яваа ахмад болон залуучуудын төлөөлөлтэй ярилцсан юм. 
 
undefined
Д.Ган-Очир: Цусаа өгч хүний амь аврах нь хамгийн том буян гэж тодорхойлогдоно
Монголын хамгийн анхны “Хүндэт донор” буюу Монгол зурхай “Түвдэнпэлжээлин” хийдийн лам Д.Ган-Очиртой ярилцлаа. 
-Та хэзээнээс, хэчнээн удаа цус болон сийвэнгээ өгсөн бэ? 
-2010 оноос хойш 50 гаруй удаа цус өгсөн бөгөөд 150 гаруй хүний амийг аварчээ. Жилд хоёроос гурван удаа цус өгдөг бол, сийвэнг дөрвөн удаа өгдөг. Тодруулбал, 14 хоногийн болоод нэг удаа сийвэн өгдөг юм. Өнгөрсөн жил гурван удаа цус, найман удаа сийвэн өгсөн. Ер нь нэг жилд 30 орчим хүний амь авардаг гэсэн үг. Олон хүний амь насыг аварч, амьдрал бэлэглэсэн байгаагаа харахад сайхан байдаг юм. Бид өөрсдөө маханд их дурлаж, амьтны амь бүрэлгэж хоол, хүнсээ олж иддэг хэрнээ, яаж амьтан, хүний амь аврах бэ гэдгийг боддоггүй юм шиг санагддаг. 
-Ер нь хэн таныг цусаа өгөх энэхүү сайн үйлсэд нэгдэхийг уриалав? 
-Хэн нэгэн зөвлөөгүй ээ. Лам нар ямарваа нэгэн буян үйлдэж, хүмүүнлэгийн үйлс хийж, хүн, амьтны амийг аврах үйлсэд идэвхтэй хамрагдах хэрэгтэй шүү дээ. Тэгээд хүмүүнлэгийн үйлс хамтран хийж байсан хүмүүстэйгээ ярилцаад сууж байхад, нэг удаа цус өгөхөд гурван хүний амь авардаг юм билээ гэж хэлэхийг сонссон юм. Тэгээд би цусны төв дээр ирж цусаа өгөхөд цаашид цусаа өгч, донор болох боломжтой гэсэн. Түүнээс хойш цусаа цаг тухай бүрт нь тогтмол өгөх болсон. 
-Таны энэ үйлсэд бусад лам нар хэр идэвхтэй хамрагддаг бэ? 
-Би цус өгөхдөө бусад лам, хийдийн ажилчдаа дагуулан ирж буян үйлдэхэд нь тусалж байгаа. Зарим нэг нь тогтмол цусаа хандивлаж, донор болсон. Харин Монгол Улсад байгаа лам нараас хамгийн эхний хүндэт донор нь би юм билээ. Лам нар бүгдээрээ хүний төлөө зүтгэж, амьтан, хүний амийг аварч, буян үйлдэх ёстой учраас буяны үйл хийхэд нь өөрийнхөө хэмжээнд уриалж, тусалж байна даа. 
-Цус өгөх тухайд хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг. Биед сөрөг өөрчлөлт гардаг гэж хэлэх хүмүүс ч бий. Ер нь хүмүүст  хэрхэн, яаж тайлбарлаж өгдөг вэ?  
-Би нэг жишээ дурдая, худгийн ус хэмжээндээ очоод л зогсчихдог. Тэгвэл тэрхүү ундаргыг доошлуулах юм бол дахин шинэ ус гарч ирнэ. Түүнтэй адилхан хүний цус байгаа хэмжээнээсээ багасаж байж шинээр сэлбэгдэнэ. Тэр хэвээрээ л байгаад байвал шинээр сэлбэгдэх зүйлгүй, эргэлдээд л байгаад байна. Зарим хүмүүст цус өгдөг гэж хэлэхээр цус багадалттай болно, төмрийн алдагдлаа яаж нөхөх үү гэж асуудаг. Ингэж хэлэхээр нь би цусаа өгөөд байхаар яваандаа сурчихдаг юм аа. Надад ямар ч асуудал байдаггүй. Хамгийн гол нь зохих журмын дагуу өгөх хэрэгтэй гэж хэлдэг. Эрэгтэй хүний цус хоёр сард, эмэгтэй хүний цус гурван сард төлжинө. Харин сийвэн 5-7 хоногт төлждөг. Цус, сийвэн төлжсөний дараа өгөөд байх юм бол харин ч хүний биед эерэг нөлөө их гарна. 
-Эерэг өөрчлөлт их гардаг гэлээ. Таны биед яг ямар өөрчлөлтүүд илэрсэн бэ? 
-Анх цусаа өгч байхад миний цус өтгөн, хүрэн өнгөтэй гарч байсан. Мөн сийвэн өгч байхад холестирин их байсан бөгөөд шөлтэй хоолны дээр тунадаг тос шиг, царцчихсан харагдаж билээ. Харин одоо цус маана улаан өнгөтэй шингэн болсон. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө сийвэнгээ өгөхөд эмч “таны цус 18-25 настай хүний цусны эргэлт шиг л маш сайн байна” гэж хэлж байсан. Одоо миний цусанд ямар ч холестирин байхгүй. Мөн цусаа өгөөд сурчихаар хүзүү, толгой хөших, даралт ихсэх гэх мэт нас тогтоод ирэхээр илэрдэг шинж тэмдэг гардаггүй юм. 
-Бурхны шашны номлолоор цус өгөхийг ямар буянтай зүйрлэж болох вэ? 
-Арван хар нүгэл гэж байдаг шүү дээ. Тэдгээр нүглийн хамгийн эхнийх нь амьтны амь таслах. Тэрхүү гэмийг цайруулахын тулд арван цагаан буяны нэг болох амьтны амь аврах гэсэн буяныг үйлдэх ёстой. Ингэхдээ гурван төрлийн өглөг өгдөг. Амины өглөг, номын өглөг, аюулгүй өглөг гэж бий. Эдгээрээс амины өглөг өгөх нь хамгийн том буян болно. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний амийг цусаа өгснөөр аварч байгаа энэхүү үйл нь цус бэлэглэж буй хүнд маш том буяны үйл, өглөг юм. Нэг ёсондоо шашны сургаалаар цус өгч хүний амь аврах нь хамгийн том буян гэж тодорхойлогдоно.  
-Цаашдаа цусаа хэр удаан өгөх вэ. Хэдэн нас хүртлээ цус өгч болдог юм бол? 
-Би одоо 45 настай. Насны хязгаар нь 60 нас хүртэл юм билээ. Өөрийнхээ биеийг эрүүл байлгах юм бол цусаа өгөөд байж болно. Би 60 хүртэл л цусаа өгнө гэж бодож байгаа.  
 
undefined
Д.Маргадгоо: Цусаа өгснөөс хойш 12 хүний амь аварчээ
МУИС-ийн дэргэдэх “Клуб-25”-ын гишүүн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Д.Маргадгоотой ярилцлаа. 
-Клубт элсэн орсноосоо хойш цусаа өгч эхэлсэн үү? 
-Би улаан загалмайн клубт элсээд таван жил болж байгаа. 17 нас хүрч байж цусаа өгөх ёстой учраас нийгэмлэгт сайн дурын идэвхтнээр ажиллаж байх үедээ ах, эгч нараа цус өгөх үйлсэд татан оруулахад тусалж байсан. Харин 17 нас хүрснээсээ хойш дөрвөн удаа цусаа өгсөн.  
-Залуучууд цус өгөх тал дээр ямар  хандлагатай гаргадаг вэ? 
-Нэг үеийг бодоход цус өгөх нь авч байгаа биш өгч байгаа хүндээ сөргөөр нөлөөлдөг гэсэн хандлага өөрчлөгдсөн. Би явуулын донор болон сургуулийнхаа цус цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулахад залуучууд хүний амь аврахаас гадна, цус өгч буй хүний эрүүл мэнд сайжирна гэдгийг мэддэг болсон харагддаг. Тиймээс залуучууд цусаа өгөх эсэхт эргэлздэггүй. Оюутнууд цус өгөх өдрөө хүлээж, өмнөх өдөр нь сайн унтаж амарч, тостой хоол хүнс хэрэглэхгүй гэх мэтчилэн цус өгөхөөс өмнө анхаарах, шаардлагуудыг асууж байгаад ирж, өгдөгт нь баярладаг шүү. Нэг удаа цус өгөхөд л гурван хүний амь авардаг гэж бодоход сэтгэлд өег байдаг юм. Би 17 настайдаа 12 хүний амь аварчихсан байна гэсэн үг. 
-Сургууль дээрээ зохион байгуулдаг үйл ажиллагааныхаа тухай дэлгэрэнгүй тайлбарлаач? 
-Цус цуглуулах үйл ажиллагааг нэг семистрт гурван өдөр дараалан 09:00-13:00 цагийн хооронд өдөрт 100-150 оюутныг хамруулан зохион байгуулдаг. Манай сургууль таван салбар сургуультай учраас тус тусад нь үйл ажиллагаагаа өрнүүлнэ. Мөн жилийн нэг өдөр улаан загалмайн нийгэмлэгээс доноруудыг алдаршуулах өнөөдрийн үйл ажиллагаатай төстэй арга хэмжээг сургууль дээрээ явуулдаг. 
-Ер нь оюутан хүндэт донор байдаг уу? 
-Манай сургуулиас одоохондоо байхгүй ээ. АШУҮИС-иас нэг оюутныг алдаршуулах аянаар “Хүндэт донор” болж байсан. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн