Олон улсын “Al Jazeera” сувгийн алдарт дайны сэтгүүлч Ширин Абу Аклех ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ бууны суманд өртөж, харамсалтайгаар амь насаа алджээ.
Тэрээр лхагва гаригт Палестины Баруун эрэг дэх Женин хот дахь дайны нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилж байхдаа Израилийн цэргүүдийн буудсан суманд өртсөн байна. Улмаар түүнийг эмнэлэгт хүргэж, яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй аж.
“Al Jazeera” сувгийн сэтгүүлч Нида Ибрахим сурвалжлагын дүрс бичлэгт үлдсэнээр Ширин Абу Аклех толгой тус газраа оногдсон гэж мэдээлжээ. Тэрээр “Al Jazeera суваг төдийгүй, дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт нөхөж баршгүй том гарз тохиолоо” гэсэн юм.
Ширин Абу Аклех нь 2000 оноос хойш Израиль-Палестин дайн болон болон Ойрхи Дорнод дахь дайнуудыг газар дээрээс нь сурвалжилж, дэлхий нийтэд бодит мэдээллийг хүргэж байв.
Мөн лхагва гаригт Женин хот дахь дайны нөхцөл байдлыг сурвалжилж байсан Израилийн “Quds” сонины Палестин сэтгүүлч Али Самуди нуруу тус газраа бууны суманд оногдож, шархадсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр түүний биеийн байдал хэвийн, харьцангуй тогтвортой байгаа аж.
Дэлхийн дахинд жил бүр 20-150 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа, эсвэл бусдын гарт амь насаа алддаг. Сэтгүүлчдийн амь насанд санаатай халдсан үйлдлийн дийлэнх нь улс төр, авлигал, томоохон бизнесийн эрх ашигтай холбогддог.
Тэгвэл 2022 он гарснаас хойш нийт 29 сэтгүүлч, зураглаач, хэвлэл мэдээллийн ажилтан бусдын гарт амь насаа алдсан байна. Тэдгээрийн долоо нь Украин дахь дайныг сурвалжлах үедээ нас барсан бол зургаан сэтгүүлчийн амь насыг санаатайгаар хөнөөсөн болох нь тогтоогджээ.