Open iToim app
Анализ | 4 мин уншина

Монгол Улс Хятадын өрийн хавханд орох хамгийн өндөр эрсдэлтэй орон

Монгол Улс Хятадын өрийн хавханд орох хамгийн өндөр эрсдэлтэй орон
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 25
Монгол Улс Хятадын “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн идэвхтэй оруудын нэг. 2013 онд Хятадын удирдагч Си Жиньпин “Бүс ба зам” санаачилгын төсөлд гарын үсэг зурж, тус улсын гадаад бодлогын голлох төсөл болгон зарлаж байжээ. Уг санаачилгад 130 гаруй орон, 30 гаруй олон улсын байгууллага нэгдэж, Ази, Африк, Европыг холбосон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх 13 их наяд долларыг баталсан.
"Бүс ба зам" санаачилгын хүрээнд олон орон БНХАУ-аас зээл тусламж авч, дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулж буй. Үүнд Монгол Улс ч багтаж, Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Гэхдээ Хятадын Засгийн газрын хөнгөлөлтэй зээл нэрийн дор зарим улс орон Хятадаас хэт хамааралтай болж байгаад АНУ тэргүүтэй барууны орнууд шүүмжлэлтэй ханддаг.
Өнгөрсөн жил гэхэд Вашингтонд төвтэй Глобал  хөгжлийн төвөөс “Бүс ба зам” санаачилгын төслийн хүрээнд хөрөнгө оруулалт авч буй 68 орны 23 нь өрийн дарамтад орох эрсдэл өндөр гэдгийг анхааруулж байв. Ялангуяа Жибути, Киргизстан, Лаос, Монгол, Монтенегро, Мальдив, Пакистан, Тажикистан зэрэг улс Хятадаас хамааралтай өрийн дарамтад орох эрсдэлтэй орноор нэрлэсэн юм.
Саяхан Их Британийн “Сhatham house” судалгааны байгууллагаас “Өрийн хавхаар дамжуулсан Хятадын дипломат бодлого” гэсэн судалгааны өгүүллийг гаргажээ.
Тус байгууллага нь  Хятадыг “Бүс ба зам” санаачилга төслөөр дамжуулан улс орнуудыг их хэмжээний өр төлбөрт нь унагах дипломат бодлого баримталж байгааг хэд хэдэн улсын жишээгээр тайлбарлажээ. Хятад улс ядуу, хөгжиж буй орнуудын дэд бүтцийн төслүүдэд маш бага хүүтэй, урт хугацаатай их хэмжээний зээл олгодог ч эргээд тухайн улсуудыг дааж давшгүй өрөнд унагаж, зээлээ төлж чадахгүй тохиолдолд газар, байгалийн баялаг, хилийн боомт зэрэг стратегийн ач холбогдолтой салбарыг хэдэн зуун жилээр эзэмших эрхийг өөртөө шилжүүлж байгааг дурдсан байна. Ядуу, хөгжиж буй улс орнуудад зээл олгохдоо өрийн тогтвортой байдал, зээлээ эргэн төлөх чадвар, эдийн засгийнх нь шингээх чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг нь харгалзахгүйгээр шууд зээл олгож буй нь өр төлбөрт унагах гэсэн Хятадын дипломат бодлогын нэг хэсэг гэжээ.
Монгол Улсын хувьд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Орос-Монгол-Хятадыг холбосон ч эдийн засгийн коридор байгуулах асуудлыг үе үеийн төр засгийн өндөрлөгүүд байнга ярьсаар ирсэн. Гэхдээ энэ нь яриа хэлцлийн төвшинд буй. Харин Хятадын Засгийн газраас Монголд нэн хөнгөлөлтэй нөхцөлтэй нэг тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдэж, тухайн эх үүсвэрээс жил бүр хөнгөлөлттэй зээл олгож, төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Улаанбаатар болон орон нутаг барьж байгаа томоохон дэд бүтцийн ажлууд бүгд Хятадын хөрөнгө оруулалтаар, хятад компаниуд гүйцэтгэдэг. Зөвхөн Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл тусламжаар 2019 онд 500, 2020 онд 200 тэрбум гаруй  төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.
Үүнээс гадна Монгол Улсын хувьд Хятадаас хамааралтай хамгийн том зээл бол Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл юм. Сая долдугаар дугаар сарын 31-ний өдөр хоёр тал гэрээгээ шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаатайгаар сунгасан. Энэ хэлцэл манай улсыг Хятадаас хараат байх, өрийн хавханд оруулахад голлон нөлөөлж буй. Ирэх 2023 онд энэ зээлийг хэрхэн төлж барагдуулах нь бүрхэг байсаар байгаа юм.
Хятадын Засгийн газраас олгож байгаа зээл тусламжаа төлж чадахгүйгээс болж Шри Ланк, Индонез, Тажикистан улсууд нь Хятадтай хилийн боомт, газар нутгийн маргаан үүсгээд байгаа юм.
Танилц, Монгол Улсад Хятадын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжиж буй төслүүд:
-Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл
 -Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын төсөл
 -Туул гол дээгүүр төмөр бетон гүүр барих төсөл
-Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын авто зам барих төсөл-140.3 сая доллар.
-Ерөнхий боловсролын сургууль барих төсөл
-УБ хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл (хоногт 250,000 м3 бохир ус цэвэрлэх)
-Нүхэн гарц төсөл, төмөр зам дагуу 6 байршилд нүхэн гарц байгуулах төсөл
- Буянт-ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх төсөл
 -1008 айлын түр суурьшуулах орон сууцын төсөл
 -Туул, сэлбэ голын орчныг сайжруулах дэд бүтцийг хөгжүүлэх төсөл Инженерийн дэд бүтцийг сайжруулах төсөл
 -Өрсөлдөх чадвартай дээд боловсрол төсөл (МУИС-ын 6-р байрны өргөтгөл)
-Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл хийх төсөл-5 аймагт
-Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам төсөл
-Хилийн боомтын дэд бүтэц төсөл-2 аймагт /Дорноговь, Өмнөговь/
-УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл
-Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114.0 км хатуу хучилттай авто зам барих төсөл Улиастай - Загастайн даваа чиглэлийн 67 км автозам барих төсөл
-Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөл
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн