Open iToim app
Бүтээгч | 3 мин уншина

Францын Элчин сайд: Агаарын дүүжин тээвэр барих чиглэлийг өөрчлөх нь цаг үрсэн хэрэг

Францын Элчин сайд: Агаарын дүүжин тээвэр барих чиглэлийг өөрчлөх нь цаг үрсэн хэрэг
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 24
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Себастиан Сүрүн томилогдон ирсэн билээ.  Шинэ Элчин сайд Монголын өдөр тутмын "Өнөөдөр" сонинд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаар ярилцлага өгчээ. 
Ноён Элчин сайд хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төслөөс хотын захиргаатай хамтран түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй дүүжин тээврийн төслийг онцолсон байна. Дүүжин тээврийн төслийг Монголын Засгийн газар, Хотын удирдлагын түвшинд дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхээр тохиролцож, баталчихсан боловч одоо чиглэлийг нь өөрчлөх гэж байгаа нь цаг үрсэн хэрэг гэдгийг дурджээ. 
Энэ талаар Элчин сайд Себастиан Сүрүн "Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх хүрээнд Монголын талаас тавьсан хүсэлтийн дагуу Францын талаас агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийг санал болгосон. Хотын төвөөс алслагдсан, гэр хорооллын иргэд замын түгжрэлд цаг алдахгүй байх цоо шинэ шийдэл юм. Уг төслийг УИХ, Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагын түвшинд баталчихсан боловч одоо чиглэлийг нь дахин ярилцах хэрэгтэй гэж бидэнд мэдэгдсэн. Талууд бүгдээрээ аль хэдийн хүч хөдөлмөр зарцуулаад хийчихсэн ажлыг дахиад ярилцана гэхээр цаг үрнэ. 2024 он гэхэд эхний шугамынх нь нээлтэд Элчин сайдын хувиар оролцоно гэж итгэж байна" гэжээ.
Уг төслийг агаарын дүүжин тээврийн технологиор дэлхийд тэргүүлдэг Францын ПОМА компани гүйцэтгэх бөгөөд хоёр чиглэлд барихаар анх тохиролцсон. Тодруулбал, Зайсангийн Миний дэлгүүрээс Хүүхдийн ордон хүртэл,  Баянхошуунаас III, IV-р хорооллын эцэс хүртэл агаарын дүүжин тээвэр барихаар талууд баталсан байна. 
Гэтэл агаарын дүүжин тээврийн төсөл дотоодод нэлээд шүүмжлэл дагуулж, хотын захиргаанаас чиглэлийг өөрчлөхөөр ажиллаж байгаа юм байна. Ингэхдээ Сентралаас тауэраас ШангриЛа, Хан-Уулын Имарт худалдааны төвөөс Ривер гарден хотхон хүртэл агаарын дүүжин тээвэр тавихаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ чиглэл өөрчлөхийг Францын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хугацаа алдана, мөн  түгжрэл бууруулах үндсэн зорилготой нийцэхгүй гэж үзэж байгаа бололтой. 
Энэ талаар Элчин сайд хэлэхдээ "Дүүжин тээвэр бол ямар тохиолдолд түгжрэл үүсгэхгүй, газрын хөрсөн дээр зай эзлэхгүй байхаар бүтээгдсэн технологитой. Хотын захаас төв рүү ирэхэд дунжаар 60 минут зарцуулдаг бол агаарын дүүжин тээврээр 17 минут болж богиносно. Дүүжин тээвэр байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгч ялгаруулахгүй, агаарын бохирдол огт үүсгэхгүй гэдгээрээ олон хот нийтийн тээвэртээ нэвтрүүлсэн.
Энэ төсөл зөвхөн Франц, Монголын хоёр талт хамтын ажиллагаанд хамаарч байгаа ажил биш. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс хотын алслагдсан бүс, Баянхошуу орчимд хэрэгжүүлж буй, илүү том цар хүрээтэй төсөлтэй уялдаа холбоотой" гэдгийг онцолжээ. 
Эргэн сануулахад, хоёр чиглэлд агаарын зам тавих нийт өртөг зардал нь 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Энэхүү төслийг дэмжиж Францын Засгийн газраас маш бага хүүтэй, үндсэн зээлийн төлөлтөөс 12 жил чөлөөлөх нөхцөлтэйгөөр 60.7 сая еврогийн зээлийг олгохоор болсон. Монголын Засгийн газар ч зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан. Уг хөнгөлөлттэй зээл нь жилийн 0.07 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай байх юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн