Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Гэр бүл салалт 10 орчим хувиар өсчээ

Гэр бүл салалт 10 орчим хувиар өсчээ
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 22
Манай улсын гэр бүлийн харилцаа яг л шүдэнз шиг богино бөгөөд хэврэг болж байгааг судлаачид анхааруулах боллоо. Учир нь, жилээс жилд гэр бүл салалт нэмэгдэж, нийгэмд өрх толгойлсон эцэг, эхийн тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн сард улсын хэмжээнд 1393 гэрлэлт бүртгүүлсэн бол 322 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэр бүл салалт өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.6 хувиар өсчээ. Салалтын цаана хүүхэд өнчрөх, үрчлэх асуудал ихээр гарч буй.  
Сүүлийн таван жилийн хугацаанд  гэр бүл цуцлалт тогтмол нэмэгдсээр байна. Жилдээ 14-21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлэх боловч тэдгээрээс 3-4 мянга нь салдаг байна.  2021 онд гэхэд л нийтдээ 16118 хос гэрлэсэн ч 3391 нь салсан аж. Үүнээс харвал, манай улсад өдөрт 44 хос гэрлэж, 9 нь салж байна. Гэхдээ энэ нь хууль ёсны буюу шүүхээр салж байгаа тоо юм. Үүнээс гадна албан бусаар хэдэн мянгаар салж байгааг таашгүй.
Хосуудын гэр бүл байсан хугацаагаар нь авч үзвэл 65 хувь нь арав болон түүнээс олон жил гэр бүл байсан аж.  Цөөнгүй жилийг өнгөрөөсний дараагаар харцаараа бараг ойлголцох нь бий гэлцдэг ч тэдний эзлэх хувь өндөр байгаа нь харамсалтай. Гэр бүл салалтад нөлөөлж буй хүчин зүйлсэд шилжилт хөдөлгөөн, архидалт, муу зуршил, гэр бүлээс гадуурх харилцаа, хэрүүл маргаан, үл ойлголцол, хүчирхийлэл дарамт, санхүүгийн байдал, амьдралын баталгаа  зэрэг нь голлон нөлөө  үзүүлдгийггэр бүл судлаачид тогтоосон байна. Мөн салалтаас үүсэх хохирлуудыг дурдвал:
-Эдийн засгийн хувьд хүүхэдтэй болон хүүхэдгүй гэр бүлд хөрөнгө хуваах хуваарилах, эзэмших эрх гэх мэт зүйлтэй нүүр тулгардаг. Энэ нь тухайн салж буй хосууд нэг хэсэгтээ хөрөнгө мөнгөний хуваалтаас болж таагүй харилцаа үүсгэдэг байна.
-Хүүхдийн эрүүл мэнд, харилцаа зан үйлд өөрчлөлт эмзэглэл үүсэх, хүүхэд өөртөө итгэлгүй байдалтай өсөх.
-Хүүхэд хариуцах эцэг эхийн аль нэг нь хэт их ачааллыг хүлээдэг.
-Ачаалал стрессээс үүдэлтэйгээр хүүхэдтэй зүй бус харьцах.
-Өсвөр насны хүүхдүүдийн хувьд салалтаас үүдэлтэйгээр эцэг эхийн голд хаягдаж хараа хяналтгүй буруу зан үйлд автах магадлалтай байдаг.
-Тогтвортой бэлгийн амьдралгүй болох. Үүнээс үүдэлтэй өвчлөл, тохиолдлын бэлгийн харилцаа гэх мэт хүчин зүйлтэй тулгарах.
-Гэмт хэрэг гарах магадлалтай. Салагч хосуудын хувьд өс хонзонгийн сэдэл үүсэх магадлалтай.
-Сэтгэл гутрал, хямралтай нүүр тулгарах.
Гэр бүлийн салалтын бууруулахын тулд хуулиар зохицуулах боломжгүй аж. Хуулиар зохицуулах нь хүний эрхийг ноцтой зөрчих аюултай тул бага наснаас нь сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагаар дамжуулан бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн