Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан эмчийн “Ёо Ёог анагаах нь” номондоо иргэдийн хамгийн их асуудаг асуултад хариулт өгчээ. Түүний номоос дараах зөвлөгөө бэлтгэлээ.
-Бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд өтгөн хатах явдал их тохиолддог. Энэ чухам юунаас болдог юм бэ?
-Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь хоёроос дээш хоног өтгөнөө барьдаг гэсэн судалгаа байдаг. Бага насны хүүхдийн хувьд хамгийн ноцтой шалтгаан нь гришпрунгийн өвчин. Энэ нь долоо, түүнээс олон хоног өтгөн нь хатаж хадгалагдах өвчин бөгөөд бүдүүн гэдэсний зарим хэсэг их нарийссан байдаг. Ийм тохиолдолд бүдүүн гэдсийг дурандах, шинжилгээ хийх замаар өвчнийг оношилж, хагалгаа хийх шаардлагатай байдаг. Томчууд, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бүдүүн гэдэсний зарим хэсэг томорсон байх буюу мегаколон болсон байдаг. Үүний улмаас гүрвэлзэх хөдөлгөөн муудаж өтгөн саатах, удвал хордлогод орох хүртэл хүндэрдэг. Ер нь 3-7 хоног өтгөн хадгалагдахад арьс хуурайших, уруул омголтох, нойр муудах, ядарч царай алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Бас нэг шалтгаан нь гэдэс уртасч, гогцоорсон байдаг. Энэ нь ихэвчлэн гарах хэсэгт тохиолдоно. Эмэгтэй хүний гэдэс хэдий хэвийн байсан ч жирэмсэн үед энэ өвчин тохиолдох нь бий. Учир нь, ийм үедээ эмэгтэй хүн сан, ихэс, хүүхэд, шингэн гээд 10-аас доошгүй кг ачааг тээж явдаг учраас бүдүүн гэдэсний гарах хэсэгт даралт үүсдэг. Үүнээс шалтгаалж өтгөн хатах, удаан хадгалагдах явдал байна. Энэ тохиолдолд шингэн юм ихээр ууж, хоолоо зөв зохицуулах шаардлагатай.
-Аспирин С-г өдөр бүр уу гэж зөвлөдөг. Тэгвэл аспирин 100-г уувал яах вэ. Харшил өгнө гэж байх уу. Харшил өглөө гэхэд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Сүүлийн үед манайх аспириныг тав хуваасны нэгтэй тэнцэх аспирин 100-г хийсэн нь сайн. Аспирин хэдхэн жилийн өмнө 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Үүнийг тохиолдуулан том том судалгаануудыг хийсэн. "Аспирин С" судас нарийсах, бүлэн үүсэх, судасны ханан дээр эд хатуурал үүсэх, цус харвахаас сэргийлнэ. Мөн бүдүүн гэдэсний хавдраас тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлнэ гэх мэт сайн нөлөөтэй. Тиймээс 50-иас дээш насны хүмүүс оройн хоолны дараа аспирин 100-г тогтмол ууж сурвал үр дүн нь гарна . С-тэй аспирин бас илүү үр дүнтэй. Ялангуяа ходоод хамгаалах эмийг хавсруулж уувал ходоодоо гэмтээхгүй байх сайн талтай. Аспиринд харшилтай хүмүүс харин ууж болохгүй. Аспирины харшлын үеэр манайхны хэлдгээр их төлөв чонын гөрвөс гардаг. Энд тэнд нь шумуул хазсан мэт хавдаж, ийм гүвдрүү уруул, ам, гар, биен дээр гараад загатнана. Тэгвэл ууж болохгүй. Ходоодны шархтай хүмүүс аспирин-100 уухаас зайлсхийх хэрэгтэй. Түүнээс бусад тохиолдолд харьцангуй гайгүй.
-Амнаас эвгүй үнэр гарах нь ходоод холбоотой гэж үнэн үү, өөр шалтгаан бий юу. Шүднээс гадна өөр шалтгаан байж болох уу?
-Энэ асүүлт энгийн юм шиг мөртлөө зарим үед их чухал ач холбогдолтой байдаг. Яагаад гэвэл үнэр бол хүний хамгийн гүн гүнзгий мэдрэмж сэтгэгдлийг төрүүлдэг онцлогтой. Учир нь хүний тархи таван давхарт байна гэж үзэж болдог. Хорхойн төвшинд байсан тархи одоо бидний тархинд үнэрийн тархинд байр үлдсэн. Тэрний дараагийн төвшингийнх явсаар байгаад хамгийн сүүлийн логик сэтгэлгээнд хүрдэг бор тархи гэж байдаг. Тэгэхээр бид тархиндаа ер нь таван давхар тархитай л гэсэн үг. Гэтэл загас юм уу, хорхой байх үед хүнд үндсэн заагч чиглүүлэгч болж байсан үнэрлэх тархи одоо ч гэсэн бидэнд маш том амьдралын юм уу, хайр сэтгэлийн сонголт хийхэд хүртэл нөлөөлдөг онцлогтой. Тийм болохоор үнэрэн дээр анхаарч байх ёстой. Хоёрдугаарт, үндэстэн болгонд, хүн бүрт өөрийн гэсэн өвөрмөц үнэр байдаг. Азаар монголчуудад амны эвгүй үнэр харьцангуй гайгүй. Гэхдээ өмнө зүгийн ч юм уу, ногоо, сармис их иддэг хүмүүст бидний хувьд тэвчихэд хэцүү үнэр байдгийг мэддэг. Гэхдээ хотын амьдралд амьдраад ийм юм гарч магадгүй. Кимчи, сармис их иддэг болж сурч байгаа. Аманд үнэр гарч байхад заавал ходоод, цөснөөс шалтгааныг нь хайж хэрэггүй. Хамгийн түрүүнд амнаасаа хайх ёстой. Тэгэхээр амны эвгүй үнэр юу юунаас болж гарч болох вэ гэвэл, хамгийн түрүүнд шүд цоорсон, хорхойтсон бол эвгүй үнэр гарч болно. Мөн буйлны үрэвсэлтэй, буйл шүд хоёрын хоорондуур амаа сайн цэвэрлэдэггүй, шүдээ сайн цэвэрлэдэггүй бол тэндээс үнэр гарах магадлал өндөр. Дараагийн нэг шалтгаан гэвэл хоолой өвддөг байгаад хоолой идээлсэн бол яаж ч шүдээ угааж цэвэрлээд тэр идээ бээр, үрэвслийн үнэр заавал байна. Гуравдугаарт, хэлнээс болж болно. Хэлний өнгө бор шар өнгөтэй, зузаан, бохирдуу өнгөртэй бол ямар ч бохь зажлаад амнаас эвгүй үнэр гарна. Тийм ч учраас дээр үеэс монголчууд шүдээ угаахаас гадна монгол эр хүн болгон хэлний хусүүртай байсан. Эр хүний хэт хутган дахь таван саваагүй гэдэгт чих ухагч, чигчлүүр, хэл хусагч байдаг байсан. Өглөө болгон хэлээ хусдаг, өнгөрийг нь арилгадаг. Тэгснээр амнаас үнэр гарахгүй, амандаа бохир нянтай явахгүй ач холбогдолтой байсан. Шүд, хэл, хоолой эрүүл байхад их үнэр гараад байж магадгүй гэвэл өөр шалтгаан хайх хэрэгтэй. Хүний улаан хоолой гурван чангалуур булчинтай байдаг. Ялангуяа хамгийн битүү хаагдаж байх ёстой нь улаан хоолой, ходоод хоёрын уулзвар дээрх чангалуур булчин гэж байдаг. Ходоодноос буцаж шингэн юмны үнэр гарах ёсгүй. Гэтэл тэр булчин суларсан бол цээж хорсон, хоол идсэний дараа гулгидаг болно, мөн идсэн хоолны үнэр амаар гараад байдаг. Чангалуур булчин сайн байлаа ч хэтэрхий их идвэл хоолны үнэр гарч болно. Ходоод бол 600, 700 мм-ээс илүү юм багтаахгүй. Ер нь бол 500-600 мм хоол байхад л хангалттай. Тэрнээс илүү их хоол идвэл чихцэлдсэн юм чинь доошоогоо ч гэдэс рүүгээ явах нь, дээшээгээ ч хийгээ гаргаад эхэлдэг.
-Харшил бүрэн эдгэрдэг үү. Яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Энэ их төвөгтэй асуудал. Орчин үед химийн бодис, нийлэг эдээс гадна байгалийн бодис амьтны үс, агаарын тоос, ургамал гээд олон юмнаас харшдаг болсон. Мөн нэг юманд харшдаг байсан хүмүүс олон юмнаас зэрэг харшдаг болсон. Хүндрээгүй тохиолдолд зөвхөн харшил өгч байгаа антигенийг тодорхойлоод эмчилж болдог. Хүндэрсэн тохиолдолд хэцүү. Хавсарсан харшилд эмчилгээ хийж явахаас өөр аргагүй. Ялангуяа ургамлын харшил тэр үедээ л эм хэрэглээд явна уу гэхээс бүрэн эдгэрнэ гэж байхгүй . Төгс эдгээдэг эм одоогоор гараагүй. Биед хүрдэг хувцас, хэрэглэдэг бодистоо аль болох байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Мөн химийн элдэв бодисгүй, удаан хадгалаагүй бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь зохистой. Ингэж урьдчилан сэргийлж болно.
-Харшил гэж чухам ямар өвчин бэ. Дан харшил байгаад, сүүлдээ олон төрлийн юмнаас харших боллоо гэдэг. Морины харшил гэж яриад байдаг. Үнэхээр байдаг уу?
-Харшил их сонин өвчний нэг. Яагаад гэвэл ихэнх өвчин, хавдар, хорт хавдар хоолой өвдөөд, үе мөч өвдөх өвчин амьтанд ч байдаг. Рахит хүртэл байдаг. Яст мэлхий рахиттай болсон тухай ярьж байсан. Харин харшил бол амьтанд байдаггүй. Гэхдээ сүүлийн үед хүнтэй хамт амьдарч байгаа нохой, муур харшилтай болоод байгаа тухай мэдээлж байсан. Энэ нь юуг хэлэх гээд байна гэхээр, харшлын анхны гарал бол хотжилттой холбоотой. Хүн хотод амьдардаг болоод байгаль дээр байдаггүй бүтээгдэхүүнийг ашиглаж хоол хийх, хувцас хэрэглэх болсон. Хүн байгаль дээр байдаг зүйлтэй эволюцийн хугацаандаа хэдэн сая жилийн турш хамт яваад ирсэн учраас харшил байдаггүй. Нэгдүгээрт, байгаль дээр байдаггүй химийн бүтээгдэхүүнтэй харшилтай болоод, хоёрдугаарт, магадгүй хүний биед харь уургууд орсон байдаг. Жишээлбэл шавьжны уураг юм уу, эволюцийн модны салаан дээр их хол байгаа тэр амьтдын бодис хүний биед орохоор харшил өгч байгаа юм. Харшил гэж чухам юуг хэлж байна вэ гэхээр, хүний биеийн дархлааны систем бие дотор байгаа аюулаас хамгаалах биш, хэвийн юмны эсрэг тэмцдэг болчихож байгаа юм. Тэгэхдээ өөрийн бие махбодийг хямраагаад, гэмтээгээд байна гэсэн үг. Эхлээд химийн аргаар бүтээсэн бодис, хүнээс хол амьтны уураг, органик бодис хүний биед харшил өгдөг байсан. Энэ харшил нь улмаар өргөжөөд явчихдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеийн дархлааны систем нян юм уу, вирусээс гадна энгийн юманд огцом урвал өгдөг байснаа өргөжөөд, олон төрлийн юмнаас харшаад байдаг. Хүний бие эм, тоосонцор, үүнээсээ дамжуулаад ургамлын тоос, амьтан муур, тэр байтугай нарны туяанд хүртэл харшдаг болчихсон. Харшлын үед хүний дархлаанд оролцдог эсүүд, уургийн бодисууд ялгаагүй цочролын байдалд ордог . Тэрэн дотор базофил гэж хүний цагаан цогцосны нэг эс байдаг. Тэр эсүүд маш мэдрэмтгий болж, хамгийн их урвал өгдөг. Хоёрдугаарт, хүний дархлааны бодисууд дотор иммуноглобулин гэж таван бүлэгтэй дархлааны үндсэн бодисууд байдаг. Иммуноглобулин гэж бодис нь маш их болж эхэлдэг. Гаднын ямар ч бодис хүний биед орсон тэрний эсрэг наалдаад, тэрийгээ эргэн тойронд байгаа эд эс дээрээ наагаад, тэр эд эсүүдээ цочроон, үрэвсүүлээд байдаг. Иммуноглобулин эд эс дотор наалдахаар эсийн дотор нь байгаа уг химийн үйлдвэрүүд задарч, үрэвслийн бодисууд гарч эхэлдэг. Саяын ярьснаас ойлгоход, харшлын шалтгаан нь олон төрөл байдаг шиг хүний биед гарах илрэл нь маш олон янз байдаг . Арьсан дээр ч байж болдог, хамрын нус гоождог, нүд улайдаг, ханиадаг, хүндэрвэл амыгаа бачуурдаг, бүр хүндэрвэл хоромхон зуур шооконд ороод үхэх хүртэл бүх шинж тэмдэг гарч ирдэг. Шарилжнаас харшил болоод шумуул хазсан мэт гөвдрүүнүүд гарч ирдэг. Хоолны харшил бол харьцангуй сүүлд гарч ирж байгаа. Удаан хугацаанд нь хадгалдаг хиам, консерв ч гэдэг юм уу, сүүлийн үеийн бүтээгдэхүүнээс харшдаг. Сүү жишээ нь хоногтоо гашилдаг. Тэгэхээр тэрийг гашилгахгүй удаан барина гэдэг нь нэлээд хүчтэй бодис хэрэглэнэ дээ. Ийм бодис хиам, консервонд байдаг. Тэр бодисуудад хамгийн түрүүнд харшил үүсээд дараа нь тэр бодистой хамт байсан хоолонд харшил өгдөг. Ингээд өргөжөөд явчихдаг тал бий. Оношлогооны хувьд юуны харшил вэ гэдгийг олоход хэцүү. Шалтгааныг тодруулахад хэцүү байдгийн учир нь тэр хүнийг ажил амьдрал дээр нь хүрээлж байдаг маш олон бодис байдаг. Тэрийг тодруулахын тулд арьсан дээр сорил явуулж болдог. 3өгий, муур, тоосных байна уу, шарилжных байна уу гэдгийг тодруулах сорил тавьдаг. Тэдгээр сорилыг гар юм уу, нуруун дээр тавьж болдог. Энэ тестийг болгоомжтой хийхгүй бол дархлааны систем их цочирсон үед, оношлогоо хийж байх үед хүртэл хүндрэл гардаг аюултай. Хүн байтугай хүнтэй ойр байгаа амьтан хүртэл харшдаг болсон байгаа . Хэрвээ бид эргэн тойрноосоо харшаад байх юм бол хүрээлэн буй орчноосоо тусгаарлагдсан шилэн саванд байх ёстой болж байх шиг байна. Харшлын эсрэг эмчилгээ маш төвөгтэй. Яг харшлыг зугээр болгочихдог эмчилгээ гэж байхгүй. Дархлааны системийг дарчихаар гаднаас нян вирус орж ирэхээр жинхэнэ дайснаа дарж чадахгүй болчихно. Тэгэхээр одоо хүртэл харшлын эсрэг сайн эмчилгээ олоогүй байгаа. Гэхдээ хэд хэдэн бүлгийн эм хэрэглэж байгаа. Нэгдүгээрт, үрэвслийн эсрэг эм. Манайхны сайн мэддэг кетотифен үрэвсэл дардаг, гэхдээ дархлааны системийг яльгүйй дарамталж өгдөг. Хүндэрсэн тохиолдолд гормонууд хэрэглэдэг. Кортизолын бүлгийн юмуу, преднизолон хэрэглэдэг. Жишээ нь, зөгийнд хатгуулснаас болоод бүх бие хавдаад, амьсгал боогдон шооконд орсон тохиолдолд иммуноглобулинийг дардаг, тэр бодисын эсрэг эм хэрэглэдэг. Гэхдээ энэ өөрөө маш аюултай. Учир нь, өөрийн хамгаалалтын системийн эсрэг эмчилгээ хийж байна гэсэн үг. Хамгийн энгийн арга бол юунаас болж харшилтай болсноо мэдэх хэрэгтэй. Дараа нь тэрнээсээ хамгаалж байх хэрэгтэй. Шарилжны харшилтай бол жишээ нь хөдөө явахдаа маск зүүх юм уу, угтуулаад харшлын эсрэг эм ууж байж болно. Их хүндэрдэг хүний бүх бие нь хавагнан, амьсгал нь боогдоод, даралт нь ихэсч шууд унаад өгдөг. Тийм хүмүүст зөвлөхөд, насан туршдаа цүнхэндээ адреналин, преднизолоны тариаг шприцтэй нь авч явж байхаас аргагүй. Хэзээ юу идээд, ямар юмтай хүрэлцээд харшил нь хөдлөхийг хэлж мэдэхгүй. Манайханд гэхдээ ийм хүн олон биш. Монголчууд харьцангуй сүүлд хотжиж, харьцангуй сүүлд химийн бодистой хувцас хунар, хоол хэрэглэдэг болсон. Хөгжилтэй орнуудад харин өөр. Жишээлбэл, АНУ-д харшил хүн амын 30 хувьд байна гэж үздэг. Гурван хүний нэг нь харшилтай. Тэгэхээр харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд хувцсандаа аль болох байгалийн гаралтай хөвөн, торгон, ноос, ноолуур, арьсан бүтээгдэхүүн хэрэглэж, уламжлалт хоол идээ, химийн бодисгүй хүнс хэрэглэж байх нь зүйтэй. Манайд олон төрлийн тараг худалдаалдаг. Манайхан өөрсдөө савласан тараг гаргадаг боллоо. Гадаадаас олон хоног тээвэрлэж, контейнерт хөлдөж, гэсээд удаан хугацаагаар хадгалсан таргийг хэрэглэхийн оронд өөрсдийнхийгөө хэрэглэж байх хэрэгтэй. Хайхрамжгүйгээсээ болж зовж олсон хэдэн төгрөгөөрөө өөрийнхөө эрүүл мэндийн эсрэг юм хийж, зөвхөн өөрийгөө гэлтгүй хүүхдүүдээ хордуулж байна. Үүнээсээ шалтгаалж харшилтай болж байна.
-Хэн нэгэн, ямар нэгэн хөндлөнгийн нөлөөллөөс болж стресст орж байна гэдэг. Энэ үнэн үү?
-Хүний биеийн ч юм уу, сэтгэлийн аль ч эрхтэн систем хэвийн үед байгаагаасаа 6-8 дахин илүү ачаалал, цочролыг гаднаас өгөхөд давах чадвартай байдаг. Үүнийг хүний дасан зохицох чадварын босго гэж нэрлэдэг. Энэ босгоноос хэрэв хэт их давсан сэтгэхүйн, биеийн, хими, физикийн цочрол гаднаас орвол хүний бие организм шокоор хариу өгдөг. Энэ босгоноос доош цочрол гаднаас олон удаа ирвэл хүн стрессээр хариу өгдөг. Өөрөөр хэлбэл, байгаль нийгэмд тохиолдож болох хэдэн арван сая янзын цочролд хүн үндсэндээ шок, стресс гэсэн хоёр янзаар хариу өгдөг байх нь. Хүний биед стрессийн үед катехоламин гэж мэдрэлийг хурдан ажиллуулах, булчинг хүчтэй чанга ажиллуулах,зүрхийг хүчтэй цохилуулах, даралтыг өндөр байлгах энэ бүгдийг хариуцсан бодисууд гарч ирдэг. Дээр хэлснээр амьтдад ч ялгаагүй гарч ирдэг. Би өмнөх асуултад амьтад зугтаж юм уу, ноцолдоод үүнийгээ устгаж алга болгочихдог гэж хариулсан. Тийм болохоор амьтанд даралт ихдэх, судас нарийсах, хатуурах өвчин гайгүй байдаг юм шиг байгаа юм. Гэтэл хүн бол нийгмийн юм уу, сэтгэлзүйн, магадгүй биеийн хүчний цочрол ирэхэд тэрийгээ байгалийн жамаар нь арилгаж чаддаггүй. Яг миний өмнөх асуултад хариулсан шиг. Нөгөө мэдрэлийг нь цочроодог, судсыг, булчингуудыг агшаадаг, зүрхийг хурдан цохилуулдаг тэр бодисууд нь хүний биед эргэлдэж байхад бие тайван амгалан дуртай даргынхаа юм уу доромжилсон хүний өөдөөс хараад инээж бүр сайхан үг хэлэх ёстой болж байдаг. Гэтэл бидний нийгмийн сэтгэхүйгээс бие махбодь нь зөрөөд байна. Тэрнээс болоод судас агшдаг. Ялангуяа орчин үед Улаанбаатарт бид өдөр тутам ийм амьдралд орж байна. Өглөө босохоос авахуулаад орой орондоо ортлоо, телевизийн суваг жирэлзэж харагдах хүртэл үргэлж стресст орж байдаг. Тэрнээс болоод хүн үргэлж стресстэй, судсууд агшаастай, даралт ихэддэг, тэрийгээ зөв тайлж чадаагүйгээс болоод зүрх судаснаас авахуулаад бүх эрхтэн, ялангуяа зүрх судас, мэдрэлд нөлөөлдөг нөлөө их гардаг болсон. Үүнийг л хүмүүс стресст орох гэж байгаа. Манайхан ч ойлгож байгаа нь энэ. Зарим хүн стресс гэдгийг ядаргаа гэж ойлгодог. Ядаргаа гэдэг нь анагаах ухааны нэр томъёогоор тайлбарлая. Олон удаа стресст ороод, тэрийгээ тайлж чадахгүй, тэрнийхээ эсрэг зөв арга хэмжээ авч чадахгүй бол бие организм, мэдрэл нь ч бай, булчин ч бай, зүрх нь ч бай бүгдээрээ өөрийнхөө нөөц хүч тамирыг барж эхэлдэг. Жишээлбэл, мэдрэлийн хувьд хэлбэл, анхаарал төвлөрөхөө больдог. Юм санах, унтахдаа ч муу болно. Ууртай уцаартай, зүрхний хувьд их амархан дэлсдэг, даралт ихэсдэг болно. Үүнийг ядаргаа гэдэг.
-Нэгэнт стресс туссан хүн үүнээс хэрхэн ангижрах вэ?
-Стрессийн үр дүнд үдээс хойш, орой гэхэд хүний биед гарч ирдэг даралтыг ихэсгэдэг, судас булчинг агшаадаг, зүрхний цохилтыг хурдасгадаг, мэдрэлийг хурдан ажиллуулдаг бодисууд байдаг. Тэр бодисуудын илүүдэл хүний биеэр шуурч байдаг. Хүн удаан хугацаагаар ингэж явбал өвчин тусдаг. Тиймээс болж өгвөл байгалийн амьтан шиг тэрийгээ хэрэглэж устгах ёстой. Хүний биед энэ бодисоос салах ганцхан л арга бий. Тэр нь ерөөсөө биеийн хүчний дасгал хийж буга чоно хоёрын ноцолддог, зугтдаг, хөөдөг тэр үйлдлийг л ямар нэгэн байдлаар хийх ёстой. Үдээс хойш ажлаа тарсны дараа дасгал сайн хийж байх хэрэгтэй. Америкийн кинонууд дээр гардаг даа. Брокерууд юм уу, оюуны ачаалал ихтэй хүмүүс ажлаа тарсны дараа хоорондоо теннис тоглодог. Эсвэл сквош гээд жижигхэн резинэн бөмбөг тоглодог. Их гүйдэг, хөлөрдөг тоглоом байдаг. Тэгэхээр өдрийн турш хуримлагдсан бодисоо тэгж л зарцуулахаас өөр арга байхгүй. Өөр нэг сайн арга нь саунд орох. Саунд орвол хүний бие хүчний дасгал хийж байгаатай адил маш их хэмжээний энерги зарцуулж эхэлдэг. Тийм ч учраас саунд орсны дараа бие их амарч, булчин тавирч, арьс хүртэл амраад сайхан болдог. Түрүүний хэлж байсан бодисуудыг бүгдийг устгаад, хэрэглээд, бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргачихаж байна гэсэн үг л дээ. Гэхдээ хүн өдөр бур саунд орно гэж байхгуй. Гурав дахь их сайн арга бол секс хийх. Энэ бол магадгүй хамгийн сайн арга байж магадгүй. Гэхдээ байгалийнх нь өөрийнх нь жам ёсны арга биш. Яагаад гэвэл байгаль дээр амьтан жилд нэгээс хоёр удаа л ороо ордог. Ихэвчлэн нэг удаа. Тэр үедээ л сексийн идэвхтэй үйл ажиллагаа явагддаг. Гэтэл хүн, сармагчин, дельфин гээд оюун ухаан нэлээд хөгжсөн амьтад бол сексийн үед хүний тархинд, биед таатай мэдрэмж төрүүлдэг эндорфин зэрэг бодисыг дахин дахин үүсгэх гээд жилийн турш хэрэглэдэг болчихсон. Тэгэхээр үүнийг зөв хэрэглэж болох юм. Хэрвээ унтахынхаа өмнө секс хийвэл таны өдөржингөө хуримтлагдсан бодисуудыг хамгийн үр дүнтэй зарцуулж алга болгоно, хамгийн сайн амраана, хамгийн сайн унтах бололцоо өгнө. Хүн ер нь бие махбодь, сэтгэл санаа, тэр байтугай оюун ухаанаа ч гэсэн дасгалжсан чадавхитай байлгаж чадах юм бол стресстэх нь арай гайгүй байдаг. Хүний дасан зохицох чадварын босготой, 6-8 дахин их ачаалал авдаг гэж түрүүн хэлсэн дээ. Хэрвээ хүн таргалаад, хөдөлгөөнгүй, ууртай байх юм бол энэ босго нам л байна гэсэн үг. Бага хэмжээний цочрол үзүүлэхэд л улам их стресст ордог. Үргэлж дасгал хийж, бясалгаж оюун ухаанаа дасгалжуулбал энэ босго өндөрсдөг. Өөрөөр хэлбэл стресст орох гайгүй, стресст орсон байсан ч даван туулах чадвартай болдог. Мөн йогийн дасгал хийж болно. Үүний механизмыг Европын анагаах ухаанд үздэггүй. Ямар ч байсан тэр үлдэгдэл бодисуудыг биеэс зайлуулах хэрэгтэй юм шиг байгаа юм. Үүнээс өөр арга байхгүй. Шинжлэх ухаанд арын хаалга, хааны зам байхгүй гэдэг шиг стресс тайлах өөр арга байхгүй. Ядаргааг байгалийн жамаар нь л гаргах хэрэгтэй.