Open iToim app
Анализ | 3 мин уншина

Казах иргэддээ барих Засгийн газрын бэлэг буюу Казахстаны иргэн болоход илүү амар болох нь ээ

Казах иргэддээ барих Засгийн газрын бэлэг буюу Казахстаны иргэн болоход илүү амар болох нь ээ
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 4
Монгол Улс хоёрдмол буюу давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй хуультай. Харин сүүлийн 20 жилд Монгол Улсын харьяатаас гаралгүйгээр Бүгд Найрамдах Казахстан улсын “иргэн болж” амьдрах иргэдийн тоо жил ирэх тусам өсчээ.
Казахстанын хувьд 1990 оноос үндэстнээ нэгтгэх төрийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, гаднын улсаас шилжин ирэгсэд нь Казахстан улсын харьяат болоход өмнөх улсынхаа иргэний харьяаллаас гарахыг шаардахгүйгээр иргэнээ болгож, мөн тус улсад суурьших казах иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохих хэмжээний мөнгөн олговор олгож эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор, илүү сайхан орчинд амьдрах гэсэн, тэтгэмжийн бэлэн мөнгийг нь авах гэсэн  олон тооны казах иргэд Монголоос “дүрвэх” болжээ.
1990 оноос хойш Монгол Улсын 50 мянга орчим иргэн Казахстан улсын харъяат болсон албан бус тоо бий. Энэ бол  Монголын Улсын нэг аймаг буюу Дундговь аймгийн хүн амтай тэнцэнэ гэсэн үг.
Мөн Монгол Улсын иргэний харьяаллаа цуцлаагүй хэрнээ Казахстаны иргэн болж, давхар харьяалалтай болсон олон мянган иргэн байгаа ажээ.
Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар хоёрдмол харьяалалтай иргэдийн харьяаллын асуудлыг цэгцлэх ажлын хэсгийг 2010 онд байгуулж, нэрсийн жагсаалт, өргөдөл, материал зэрэг нийтдээ 154385 барим бичгийг хянан, шалгаж үзсэн байна. Ингэхэд Монгол Улсын иргэний бүртгэлийн мэдээллийн санд байхгүй, мэдээллийг нь шалгах боломжгүй 53765 иргэн байгааг тогтоожээ. 53 мянга гэдэг бол 2018 оны статистикийн дүнгээр үзвэл нийслэлийн Налайх, Багануур дүүргийн хүн амтай дүйцэж байна.
Өнгөрсөн жилийн бүртгэлийн мэдээллээр гэхэд 3000 гаруй иргэд Монгол, Казахстаны давхар харьяалалтай байгааг тогтоожээ. Мөн олон зуун Е серийн гадаад паспортыг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон байна.
Хамгийн гол нь, Казахстаны талаас шилжин суурьшигчдаас тус улсын харьяат болох хүсэлт гаргах үед тухайн иргэнийг Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан байхыг шаарддаггүйгээс болж иргэд хоёрдмол буюу Монгол Улсын харьяатаас гаралгүйгээр Казахстаны иргэн болох тохиолдол эрс нэмэгддэг байна.
Гэхдээ ингэж Казахстаны иргэн болсон монгол иргэд тус улсын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, жишээ нь цэргийн насны залуус Казахстаны армид алба хаахаас зайлсхийх зорилгоор хоёрдмол харьяалалтай байх сонирхолтой байгаа зэрэг сул тал нь Казахстаны талд хүндрэл болж эхэлжээ.
Иймд цаашид хоёрдмол харьяалал үүсгэхгүй байх, үүсэхээс сэргийлэхийн тулд хоёр улсын Засгийн газар холбогдох гэрээ хэлэлцээр байгуулахаар тогтсон байна. Энэ нь хоёр улсын иргэд “хялбаршуулсан журмаар харьяат болох, харьяатаас гарах болон иргэний харьяалалгүй болох, хоёрдмол харьяалалтай болох тохиолдлоос урьдчилсан сэргийлэх тухай” гэсэн нэртэй юм байна.
Гэрээний төсөлд “иргэн нь нөгөө талын харьяат болохыг зорьж байгаа тохиолдолд тухайн тал нь өөрийн улсын иргэдэд хялбаршуулсан журмаар харьяатаас гарах нөхцөлийг хангана...” гэх зэргээр нэлээд олон сонирхолттой заалт буй. Миний ойлгосноор, Монгол Улсын иргэд Казахстаны иргэн болохыг хүсвэл, мөн Казахстаны иргэн Монголын иргэн болохыг хүсвэл талууд хялбаршуулсан журмаар, 10-30 хоногийн дотор шийдэхээр гэрээний төсөлд тусгасан байна.
Энэхүү гэрээний төслийн санаа анх Казахстаны талаас 2008 оны үеэс гарч хоёр улсын Гадаад харилцааны яамд ажиллан, 2014 онд Ерөнхийлөгч Назарбаев дэмжин зарлиг гарган гарын зсэг зуржээ. Одоо уг төслийг Монгол Улс батламжлах ёстой бөгөөд саяхан Засгийн газар дэмжиж Засгийн газрын тогтоол гарган холбогдох байнгын хороонд уламжилсан байна. Хамгийн сонирхолтой нь, уг төслийг хоёр тал дипломат шугамаар нэгэнт тохирсон, мөн Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев зарлигаа гаргасан тул манай талаас одоо ямар нэгэн нэмэлт өөрчлөлт, засвар оруулах боломжгүйг эх сурвалж хэллээ.
Ямартай ч энэ гэрээ батлагдсанаар  Монголын иргэн Казахстаны иргэн болоход илүү амар, илүү хялбар болж байгаа хэрэг. Харин Казахстанаас Монголын иргэн болохыг хүсдэг иргэдийн тоо хэр олон байдаг юм бол?  Энэ нь нэг иргэнд ашигтай ч, нийт Монгол Улсад хэр ашигтай вэ. Энэ нь “Монгол Улсын харьяат иргэн нь нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хуулийн заалттай хэрхэн нийцэж байгаа вэ. Мөн Монгол Улс нэг улстай онцгойлон давхар иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрч болох уу, болдог бол ийм гэрээг Англи, Америк, Канад, Австрали гээд монголчуудын хамгийн их асуудаг, иргэн нь болохыг хүсдэг улс орнуудтай хийж болох уу зэрэг олон асуулт гарч байна.   
 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн