Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатар: Бид Их тэнгэрийн ханан дээрээс зураг хулгайлах, аваад гарах хүмүүс биш

Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатар: Бид  Их тэнгэрийн ханан дээрээс зураг хулгайлах, аваад гарах хүмүүс биш
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 22
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар эзэмшлийн уран зургийн галерейд өнгөрсөн гуравдугаар сарын 19-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж, есөн ширхэг уран зургийг хураан авсан талаар мэдээлсэн. Хуулийнхны хураан авсан зурагт Их тэнгэрээс алга болсон уран зургууд байсан гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ асуудлаар иргэн Х.Болдбаатар хэвлэлийнхэнд тайлбар өглөө. Түүний тайлбараас  онцлох10 эшлэлийг хүргэж байна.
1. Миний бие 1984 онд аравдугаар анги төгссөн. Тэр жил би Юндэн, Насалмаа хоёрыг хар даалимба дээр зурсан зургийг худалдан авч байлаа. Тухайн үед таван төгрөгөөр худалдан авч байсан. Тэр үеэс хойш манай гэрт олон зураг өлгөөстэй байдаг байсан. Үүнээс хойш ажил хийгээд анхны цалингаасаа л зураг цуглуулж эхэлсэн.
2. Надад олон зургийн цуглуулга бий.  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй хувь заяаны тохиолоор учирсан. Би 1988 онд Зүүн баянгийн цэргийн ангид албаж, халагдаж ирсэн. Би дээрээ ганц эгчтэй. Цэргээс ирэхэд эгчтэй минь хань болох хүн Ц.Элбэгдорж гуай болж таарсан. Тэр үед ах Орост төгсөөд ачаа нь байгаа гэсэн. Ачаа нь ирэхэд мотоцикл, орос цэргийн  ном, Оросын зураач нарийн сувнерүүд гарч ирж байсан. Тэр үеэс нь бид хоёрын сонирхол нэг юм гэдгийг мэдсэн. Ингээд 1980-иад оноос зураг цуглуулж эхэлсэн.
3. 1990 оноос хойш бизнес хийж байна. Энэ хугацаанд маш олон зүйл хийсэн. Сүүлийн 10 гаруй жил барилгын салбарт ажиллаж байгаа. Энэ хугацаанд 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулсан байна. Энэ ярилцлага авч байгаа байшин нь миний дөрөв дэх төсөл. Энд спорт цогцолбор, уран зургийн үзэсгэлэн гаргадаг заал барьж байгаа. Үүнийг галерей гэж яриад байгаа юм. Энэ бол галерей биш, спорт цогцолбор. Харин уран зураачид үзэсгэлэнгээ гаргах заал гаргаж өгч байгаа юм. Үүнээс өөр энд тэнд барьсан галерей байхгүй.
4. 1997 онд наймаа хийж байгаад бүтэлгүйтэж явж байхдаа одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч болсон. Х.Баттулга гуайн оймсыг нь угааж, гутлыг нь ч тосолж явлаа. Гурван жил гаруй  жолоочийг нь хийсэн. 1999 оны наймдугаар сард 200 таксины нээлт хийж, “Сити такси” компани байгуулж, 1000 такситай болтол нь захирлаар нь ажилласан. Би Х.Баттулга гэдэг хүнтэй ажиллаж байснаараа бахархаж явдаг. Олон ч юм сурсан. Энэ хүнтэй ойр ажиллаад зураг цуглуулах, сонирхох хүсэл улам нэмэгдсэн. Х.Баттулга гуай бол зураач хүн шүү дээ. Тэдний ангийнхантай сонирхлынхоо үүднээс их ойр байдаг. Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй ийм л байдлаар ойр байдаг. Миний зураг цуглуулах сонирхол ч үүнтэй холбоотой.
5. Орон сууц барьсан, хувийн байр байгаа, такси компани байгаа. Энэ бүгдийг тоолоод олон үл хөдлөх хөрөнгөтэй гэж ярьдаг. Би найман компани, 260 гаруй ажилтантай ажиллаж байгаа. Гэхдээ энэ бүгдэд манай хүргэн ахын нөлөөлөл байхгүй. Яалт ч үгүй л миний төрсөн эгч энэ хүнтэй гэр бүл болсон. Эгчтэй минь гэр бүл болсон учраас ойр амьдарч байгаа. Энэ ч утгаараа сайн явах, муу явахыг дандаа энэ хүнтэй холбодог.
6. Таван төгрөгөөс эхлээд худалдан авсан зургийн цуглуулгууд бий. Энэ хугацаанд зураачид гадаад, дотоодод сурах, гэнэтийн асуудал гарахдаа зургаа зардаг тохиолдол байнга л гардаг. Миний зургийг хадгалж өгөөч гэж хүмүүс ханддаг. Монголд 1000 гаруй зураач идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ зураач нар чинь бүтээлээ зарж л амьдарч байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн зургийг худалдан авч, өгч, солилцоо хийдэг нь үнэн. Зургийг чийгшил сайтай, модон зориулалтын байранд хадгалах ёстой байдаг. Зураг хадгалах зориулалтын байрыг Дүрслэх урлагийн нийгэмлэгтэй хамтран барьсан. Тэнд олон зураачийн бүтээл хадгалагдсан байдаг. Зарим зураач нар нэг зургийг 3-4 янзаар зурдаг. Тэндээс нь ойролцоо хэдэн зургийг цагдаагийнхан хурааж авч явсан нь үнэн.
7. Зарим зураачийн алга болсон зургийн гэрэл зурагтай ирээд төстэй зургуудыг авч явсан. Хэмжээ нь ойролцоо, зураачийн нэр нь таарсан хэдэн зургийг тааруулж авсан. Тэр олон зургаас тийм юм гардаг л юм. Нийт арван зураг хурааж авсан, надаас ямар нэгэн тайлбар аваагүй. Шинжээчээр үнэлүүлэхээр авч явсан.
8. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ 600 зурагтай гэж мэдүүлсэн байдаг.
9. Би 30 гаруй жил бизнес хийж байгаа. Төрд нэг ч өдөр ажиллаагүй. Бусад бизнесмэнтэй л надад гурван хувийн хүүтэй зээл олддоггүй юм. Өнөөдрийг хүртэл би бусадтай л адил 20-30 хувийн хүүтэй зээл авч, төлөөд амьдарч байна.
10. Хүн 1000 гарахаараа малаа тоолдоггүй гэдэг ш дээ. Надад бол уран зургийн цуглуулга байнаа, байна. Гэхдээ бид нар Их тэнгэрийн ханан дээрээс зураг хулгайлах, аваад гарах хүмүүс биш. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн