Иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр огцом нэмэгдсэн нь хэрэглэгчдэд дарамт, нийт эдийн засагт үнэ өсөх сэдэл болов. Өнөөдөр иргэдийн цалин, тэтгэвэр нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Гэтэл бензиний үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Зургадугаар сард улсын дундаж инфляц /хэрэглээний үнийн өсөлт/ 6.6 хувь, нийслэлийн хэмжээнд 7.1 хувьтай гарчээ. Инфляцын өсөлтөд мах махан бүтэгдэхүүн, түлш, тээврийн үнэ өссөн нь голлон нөлөөлөв. Монголд үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг бүтээгдэхүүн бол мах, бензин. Нэгийг нь дотоодоосоо 100 хувь хангадаг, нөгөөг нь 100 хувь импортоор авдаг. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлээс хамааралтай махны үнийг зохицуулах боломж төрд бий. Харин гаднаас 100 хувь импортоор авч буй бензиний үнийг төрөөс удаан хугацаанд барихад бэрхшээлтэй. Монгол Улсын Засгийн газар бараг жил гаруй хугацаанд шатахуун импортлогчдод татаас өгч /онцгой албан татварыг тэглэх/, жижиглэнгийн шатахууны үнийг тогтвортой барьсан. Харин энэ оны хагас жилээс зах зээлийн үнэ рүү шилжүүлэх зам руу орж байгаа бололтой.
Үүнийгээ ч Засгийн газар болон АМГТГ өнгөрсөн хавраас хойш анхааруулж ирсэн. Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтад нийт хүн амын 60 хувь хамрагдах хүртэл АИ-92 автобензиний нөөцийг хадгалах замаар үнийг тогтвортой барина гэдгийг АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдэж байсан билээ. Тиймээс шатахууны үнэ өсөх нь цаг хугацааны л асуудал байв.
Нөгөө талд гадаад зах зээлд газрын тосны үнэ буураагүй, брент төрлийн газрын тос нэг баррель нь 70 орчим ам.долларт хэлбэлзэж байна. Хилийн үнэ энэ он гарсаар байнга өсөлттэй байгаа учраас урт хугацаанд жижиглэнгийн үнийг тогтвортой барих боломжгүй юм.
Цаашид бензиний үнэ өсөх эсэхэд хилийн үнэ хамгийн чухал нөлөөтэй. Жишээ, хамгийн өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн 70 гаруй хувь хилийн үнэ ямар байхаас хамаардаг байна. Сүүлийн нэг жилд нефть бүтээгдэхүүний хилийн 2.4 дахин нэмэгджээ. АМГТГ-ын өнгөрсөн сард танилцуулсан мэдээллээр 2020 оны зургадугаар сард АИ-92 шатахуун тонн нь 292 ам.доллар байсан бол 2021 оны долдугаар сарын байдлаар 695 ам.доллар болж өсчээ. Харин жижиглэнгийн үнэ энэ хугацаанд 1400-1450 төгрөгт хэлбэлзэж байв. Засгийн газар АИ-92 автобензиний онцгой албан татварыг тэглэх, шатахуун импортлогчидтой зөвшилцөх замаар зах зээлд үнийг хянаж байсан гэсэн үг.
Энэ хугацаанд манай улсад шатахуун нийлүүлдэг хоёр хөршийн хэрэглэгчид нэг литр бензинийг 2000-3000 мянган төгрөгтэй дүйх үнээр худалдан авч байна.
GlobalPetrolPrice.com-д мэдээлснээр энэ сарын 12-ны байдлаар өмнөд хөршид автобензиний жижиглэнгийн үнэ литр нь 1187 ам.доллар, ОХУ-д 0.7 ам.доллар байна. Өмнөд хөршид гэхэд энэ он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнийг есөн удаа нэмжээ. Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнгөрсөн сарын 28-нд хийсэн мэдээллээр дотоодын зах зээлд борлуулагдаж буй автобензиний үнийг дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй уялдуулан тонн тутамд нь 225 юань, дизель түлшийг 215 юань болгож нэмэгдүүлснээ мэдээлсэн. Ам.доллараар тооцвол энэ нь автобензиний үнийг тонн тутмыг нь 34.85 ам.доллараар өсгөсөн гэсэн үг.
Харин манай улсын шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг нийлүүлдэг “Роснефть Монголиа” компанийн мэдээлж буйгаар 2020 оны тавдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл шатахууны хил үнэ 2.4-3.8 дахин өсөөд байгаа юм. Үүний нөлөөгөөр шатахуун импортлогчид литр тутамд нь 600 орчим төгрөгийн алдагдал хүлээж буйгаа АМГТГ болон шийдвэр гаргагчдад мэдэгдэж, жижиглэнгийн үнээ өсгөхөөс аргагүй болж буй талаар албан бичиг хүргүүлж буй.
Нөгөө талаар, ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр гадаад зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ өсч байгаа учраас импортлогчид үнээ нэмэхээс өөр гарцгүй. Засгийн газар ч удаан хугацаанд татаас өгч, дахиад үнэ барих боломж тун хомс. Үнэ өсөх тусам татаас нэмэгдэнэ, улам их алдагдал хүлээнэ. Иймд зах зээлд нь даатгах нь хамгийн зөв хувилбар юм.
Нефтийн салбарын зах зээлийн чиг хандлага
Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь импортоос хараат тул дэлхийд үнэ өсвөл үнэтэй бензин хэрэглэх нь тодорхой. Цаашид гадаад зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдөхөөс жижиглэнгийн үнэ хамаарна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Газрын тос экспортлогч орнууд буюу ОПЕК+ бүрэлдэхүүн цахимаар хуралдаж, газрын тосны гарцаа өдөрт 400 мянган баррель болгон нэмэгдүүлэхээр болсон. Нийлүүлэлт нэмэгдсэнээр өсөх эрсдэл буурах сайн талтай. Гэсэн хэдий ч эл шийдвэр зах зээлд жижиглэнгийн үнийг тогтворжуулах хэмжээний шийдвэр болж чадаагүй гэж шинжээчид таамаглаж буй.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдлагын газраас нийтэлсэн төлөвт 2021 онд дэлхийн шингэн түлшний хэрэглээ өдөрт 5.3 сая баррелиар нэмэгдэнэ гэж тооцжээ. Харин 2022 онд дахин 3.2 сая баррелиар өсөж, 101.4 сая баррель болсноор 2019 оны түвшнээс илүүрхэнэ гэсэн тооцоог гаргаад байна. Харин “Financial Times”-д бичсэнээр газрын тосны зах зээл өдөрт 5.8 сая баррелийн дутагдалтай хэвээр байх бөгөөд энэ нь 2022 оны дунд хүртэл үргэлжилнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, ОПЕК+ орнуудын энэ удаагийн шийдвэрийн үр дүнд зах зээлд үнийн тэнцвэр тогтох хугацаа нь дахиад нэг жил гэж тооцжээ. Тиймээс одоогийн өсөлтийн хурд саарч магадгүй ч, өсөлт зогсоно гэж хэлэхэд эрт байгаа аж.
АНУ-ын хөрөнгө оруулалтын тэргүүлэгч банкуудын таамгаар энэ онд нэг баррель газрын тосны дундаж ханш 80-85 ам.долларт хэлбэлзэж, 2022 оны турш хадгалагдана гэх таамаг өрнөж буй.
Түүнчлэн, зах зээлийн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй нь мөн л эрсдэл болсоор байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн долоон тэрбум хүн амын тал нь л вакцинжуулалтад хамрагджээ. Коронавирусийн шинэ хувилбарууд улс орнуудад сорилт авчирч, зах зээлд нөлөөлсөн хэвээр байна.
Ирэх есдүгээр сарын 1-нд болох ОПЕК+ түншлэлийн дараагийн уулзалт болох эсэх, цаашлаад яриа хэлэлцээ хэрхэн өрнөхөөс нефть бүтээгдэхүүний үнэ хамаарах болов уу.