“Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр энэ оны санхүүгийн тайлангийн дүнд үндэслэн санхүүгийн байгууллагын ажилтныг хэрхэн хариуцлагажуулах, алдаа зөрчлийг хэрхэн бууруулах талаар хэлэлцсэн юм.
Энэ жил 209 санхүүгийн тайланд дүгнэлт хийжээ. Үүнээс 145 нь эрсдэлгүй, 60 хязгаарлалттай гэсэн дүгнэлт өгсөн бол дөрвөн тайланд санал дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Энэ жилийн хязгаарлалттай болон дүгнэлт өгөхөөс татгалзах үнэлгээ авсан санхүүгийн тайлангийн тоо 2.5 дахин нэмэгдсэн байна. Санхүүгийн тайлангийн зөрчил нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайланд 80.7 тэрбум төгрөгийн алдаа зөрчил гарсан аж. Үүний 65 хувьд нь санхүүгийн тайлангийн залруулга хийсэн бол 0.6 хувь буюу 486 сая төгрөгийн алдаа зөрчилд акт тавьсан байна. Харин 15.7 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд албан шаардлага өгч, 11.6 тэрбум төгрөгийн алдагдалтай зөрчилд зөвлөмж хүргүүлсэн аж.
Санхүүгийн тайлан дүгнэлтээс санхүүгийн байгууллагын ажилтны хариуцлагыг дээшлүүлэхийн тулд гаргасан алдаа зөрчилд хариуцлага тооцох, хуулийн мэдлэг чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа мэргэжилтнүүд онцоллоо. Мөн санхүүгийн тайланг QR кодтой болгож байгаа юм байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Аудитын байгууллагын дүгнэлт, зөвлөмжүүдийг харахад зөрчил дутагдалтай зүйл их гарч байна. Санхүүгийн хариуцлагыг сайжруулахад санхүүгийн албаны ажилтны мэдлэг боловсролын дээшлүүлэх зайлшгүй шаардлага байна. Хуулийн мэдлэг дутмаг байдлаасаа болж зөрчил дутагдал гарч байна гэж ойлгож байгаа. Өнөөдрийн зөвлөгөөний үр дүнд дээрх зөрчил дутагдал арилна гэж бодож байна” гэж ярьсан. Харин
Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга С.Энхбатар “Өнөөдрийн сургалтын гол нь нийслэл дүүргийн төсвийн захирагчийн санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх явдал юм. Сүүлийн үед гарч байгаа алдаа зөрчлийг мэргэжлийн аудиторууд өөрсдөө хэрхэн дүгнэж байгааг судалж үзсэн. Аудиторууд өөрсдөө мэргэжил, мэдлэг чадвараа дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа” хэмээн ярилаа.