Open iToim app
Анализ | 4 мин уншина

Эрдэнэбилэг ХХБ-ынхаа, Баясгалан “Голомт”-ынхоо 20 хувийг өөртөө үлдээж, үлдсэнийг нь олон нийтэд санал болгож чадах уу

Эрдэнэбилэг ХХБ-ынхаа, Баясгалан “Голомт”-ынхоо 20 хувийг өөртөө үлдээж, үлдсэнийг нь олон нийтэд санал болгож чадах уу
Нийтэлсэн 2021 оны 1 сарын 26
Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдрээс ихээхэн хамааралтай. Тэнд Хятад хилээ хааж, нүүрсний үнэ унахад энд Монголын эдийн засаг доголддог зүй тогтолтой яваад удаж буй. Монголын санхүүгийн зах зээл  яг ийм “цаг агаар”-тай. Нийт зах зээлийн 90 гаруй хувь банкны салбараас хэт хамааралтай. Манай улс 1991 онд хоёр шатлалт тогтолцоо буюу арилжааны банкийг хүлээн зөвшөөрснөөс хойш 30 гаруй банк байгуулагдаж, өнөөдөр 12 банк хэвийн ажиллаж байна. Монгол Улс 3.3 сая хүн амтай, давхардсан тоогоор 3.2 сая иргэн банкинд ямар нэгэн байдлаар хадгаламж эзэмшдэг, гурван иргэн тутмын нэг нь банкны зээлтэй. Банкны нийт эх үүсвэрийн 10 хувь нь эздийнх, 90 хувь харилцагчдын мөнгө байдаг. Банк иргэдийн мөнгийг өндөр хүүгээр хадгалж, эргээд мөнгө хэрэгтэйд нь өндөр хүүтэй зээлдүүлж, энэ хоёрын дундаас нь ашиг олдог л бизнес. Харин манай банкууд бүх бизнесийг хийдэг. Төмөр зам барьдаг, үнэ цэнэтэй улсын үйлдвэрүүд худалдаж авдаг, бараг л ТҮЦ ажиллуулахаас бусдыг хийдэг. Улс төрд нөлөөлдөг, улстөрчдийг худалдаж авдаг. Шүүх, прокурорт төлөөний хүнээ томилуулдаг.
Монголд 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд нийт хадгаламж эзэмшигчдийн 0.03-хан хувь. Тэгсэн хэрнээ тэдний мөнгө нийт хадгаламжийн хэмжээний 90 гаруй хувийг бүрдүүлдэг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, өндөр хадгаламжтай, мөнгөтэй хүмүүсийг татахын тулд банкны эзэд өндөр хүү амлаж, ард түмэнд очдог зээлийн хүү хоёр оронтой тооноос буурахгүй байгаа нь бодит үнэн. Хадгаламжийн хүүг буулгах замаар зээлийн хүүг буулгая, энэ чөтгөрийн тойргоос гаръя гэхээр санхүүгийн зах зээл савлана, банкны үйл ажиллагаа доголдоно, цаашлаад Монгол Улс сөнөчих мэтээр тархи угааж, лоббидсоор энэ хүрлээ.
Цаашдаа ийм замаар явахгүй, банкны салбарт реформ хийнэ гэж өнөөгийн эрх баригчид амласан. Монгол Улс 2016 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа банкны салбарын реформыг эхлүүлсэн ч дуусгаж чадаагүй. Одоо УИХ дээр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж буй. Хууль санаачлагчдын зүгээс энэ хуулийн төсөл батлагдвал банкны салбарт тодорхой хэмжээний шинэчлэл хийнэ гэж тайлбарлаж байгаа.
Төслийн гол өөрчлөлт нь банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах. Энэ нь өнөөгийн банкны эзэд, хувьцаа эзэмшигчдэд толгойны өвчин болж буй. Учир нь, системийн нөлөө бүхий банкны 40-50 хувийг нэг хүн, нэг компани эзэмшиж байгаа. Монголын гурван хүн тутмын нэг нь банкны зээлтэй байхад, нэг хүн гурван банкны хамгийн том хувьцаа эзэмшигч байх жишээтэй.
Хэрвээ энэ хууль батлагдвал томоохон банкны хувьцаа эзэмшигчид өөртөө хамгийн ихдээ 20 хувиа үлдээж, үлдсэн хувиа өөр хөрөнгө оруулагчдад худалдах, эсвэл хөрөнгийн зах зээлд арилжих боломжтой болно. Тодруулбал, банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмших дээд хэмжээг 20 хувиас хэтрэхгүй байх, банк нээлттэй хувьцаат компани хэлбэрээр ажиллаж, олон нийтэд хувьцаагаа санал болгох эрх энэ хуулиар нээгдэхээр төсөлд тусгажээ. Жишээ нь, А банк хамгийн багадаа таван хувьцаа эзэмшигчээс бүрдэх бөгөөд хэрвээ нэг хувьцаа эзэмшигч хувиа зарахаар болбол хөрөнгийн бирж дээр арилжаалж, хүссэн иргэн бүр банкны хувьцаа эзэмшигч болох эрхийг нээж байгаа аж. Ингэхдээ таван хувиас дээш хувь эзэмших бол заавал Монголбанкнаас зөвшөөрөл авч, Банкны тухай хуульд заасан холбогдох этгээд томьёоллоор зохицуулагдах юм. Холбогдох этгээд гэдэг нь тухайн банкны таван хувийг ганцхан Дорж л эзэмших эрхтэй, түүний гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, тэдгээрийн үр хүүхдээр дамжуулж эзэмших боломж хаалттай. Өөрөөр хэлбэл, банкны одоогийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хуульд заасан хувь хэмжээгээр хувьцаагаа хуваах байдлаар хамаарал бүхий этгээдээ дамжуулан эзэмших боломжгүй гэсэн үг. Түүнчлэн, өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуульд нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэжээ. Төсөл батлагдвал 2022 оны оны зургадугаар сарын 30 гэхэд  системийн нөлөө бүхий буюу банкны салбарын 90 хувийг бүрдүүлж буй доорх таван банк олон нийтэд хувьцаагаа санал болгож, бүтцээ нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх учиртай. Ингээд үе шаттайгаар хувь эзэмшлийн төвлөрлөө бууруулж, 2024 он гэхэд нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч хамгийн ихдээ 20 хувийг эзэмшинэ. Одоо үйл ажиллагаа явуулж буй банкуудаас хуулийн шаардлагад нийцэж байгаа нь ганцхан Хас банк. Араас нь Хаан банк дөхнө.  Харин системийн нөлөө бүхий банк буюу Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийнхөө, Баясгалан Голомт банкныхаа, гишүүн ажнай Бат-Эрдэнэ Капитрон банкныхаа 20-иос бусад хувийг өөрийн хамааралгүй хүнд буюу олон нийтэд зарахаар заажээ. Төсөл яг энэ заалтаараа батлагдах, УИХ баталж чадах эсэхийг мэдэхгүй. Монголд мөнгө хүчтэй учраас банк нь төрөөсөө хүчтэй. Тэд хүссэн хуулиа захиалдаг, унагадаг. Одоо энэ төсөл ч ээлжит нэгэн хошгоруулалт, улстөрчдийн хувийн ПиАр байх магадлал нь илүү.  Заримдаа УИХ-ын даргаас эхлээд, УИХ-ын зарим гишүүд хүртэл “Захиргааны арга” хэрэглээд байгаа нь, банкир-гишүүн нь хүртэл банк удирдаж байхдаа олгосон 33 тэрбумын зээлийхээ “но”-г цайруулах, нийгмийн бухимдлыг дарах ПиАр болгож байгаа зэргээс харвал уг төсөл ажил хэрэг болох итгэл үнэмшил төрүүлдэггүй тал бий.  Тэгэхдээ нэг үнэн бий. Монголчуудын олонхи нь аль нэгэн банкны хувь эзэмшье гэж хүсээгүй. Харин банкны зээлийн хүүгээ буруулахыг л 30 жил хүлээж байгаа.  
1. Хаан банк
undefined
2. Худалдаа хөгжлийн банк
undefined
3. Голомт банк
undefined
4. Төрийн банк
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн