Open iToim app
Эрх зүй | 7 мин уншина

​“26 хутгалж хөнөөсөн” хэрэг буюу аргагүй хамгаалалт

​“26 хутгалж хөнөөсөн” хэрэг буюу аргагүй хамгаалалт
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 8
ШУТИС-ийн III дамжааны 19 настай хүүг “26 хутгалж хөнөөсөн” гэх 33 настай залууг Баянгол дүүргийн шүүх “аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэж цагаатгасан нь олны анхаарлыг татаж байна. Шүүхийн практикт гэмт хэргийг аргагүй хамгаалалт гэж үзээд хэрэгсэхгүй болгосон тохиолдол цөөн, дээр нь аргагүй хамгаалалт хийж өөрийгөө аварсан гэж тайлбарладаг хэрэгтэн олон учраас иргэдийн дунд эргэлзээ бий боллоо. Хүнийг тав биш 26 хутгалсан хүнийг шүүх яагаад цагаатгав гэж. Үхсний хохь, амьдын зол боллоо гэж ч зарим нь ярьж байна. Хүүгээ алдсан эхийн сэтгэл мэдээж хэцүү байгаа. Нөгөө талаар хагас жилийн турш “хэрцгий алуурчин”-аараа дуудуулсан залуу, ойр тойрныхонд хүнд байгаа. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа яагаад тэр залууг цагаатгахад хүргэв. Энэ талаар шүүхийн шийдвэрийн албан ёсны www.shuukh.mn цахим хуудаснаас уншиж, дараахь материалыг бичлээ.

Талийгаач П айлын ганц хүү бөгөөд хичээлийн хажуугаар зөөгч хийж ээждээ тусалдаг. Хятад, англи хэлтэй. Хүн хутгалах байтугай модоор хүн цохиж үзээгүй төлөв даруу хүү байсан талаар ээж нь цагдаад мэдүүлжээ. Гэрээсээ гараад 4-5 хоносон бөгөөд нас барахаасаа нэг хоногийн өмнө ээж рүүгээ дугаараа нууцалж залгаад “Миний аксентыг зарсан уу. Мөнгө байна уу, мөнгө хэрэгтэй байна” гэж асуужээ.
Шүүгдэгч Б нь компанийн захирал бөгөөд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Тухайн өдрийн 14.00 цагийн үед хүүгээ ЭХЭМҮТ-д үзүүлэх зорилгоор гэрээсээ эхнэр, хүүхдийн хамт гарч хүргэж өгсөн. Эмнэлэгт улавч өмсөх ёстой тул улавч авахаар гараад талийгаачтай дэлгүүр дотор анх таарчээ. Энэ өдөр 2015 оны арваннэгдүгээр сарын 28 байв.
Талийгаач найзтайгаа хамт 2015 оны арваннэгдүгээр сарын 19, 24-нд өөрсдийн хоёр ширхэг iphone 6 утсыг тус бүр 150 мянган төгрөгөөр ломбарданд тавьжээ. Хэрэг гардаг өдөр ЭХЭМҮТ-ийн дэргэдэх хүнсний мухлагт шүүгдэгч Б-тэй таараад хүүгээс “ломбарданд байгаа утас чөлөөлүүлж авах” санал сонсч тохироод хамт гарчээ. Ингээд ойролцоох ХААН банкнаас 2.1 сая төгрөг аваад Б-ийн машинтай хамт явжээ.
Хүү тэр өдөр юүдэнтэй хар цамц, саравчтай малгай, өмд, пүүзтэй явсан. Бичиг баримтаа халуун усны газарт мартсан учраас очиж авъя гээд Б-ийн машинд сууж хүргүүлээд буусан. Буугаад эмийн сангаас цэнхэр өнгийн маск худалдаж аваад зүүж, саравчтай малгайныхаа гадуур юүдэнгээ өмсөөд толинд хараад гарсан нь камерийн бичлэгт үлджээ. Хүү Б-ийн машинд суугаад “19 дүгээр байрны гадаа очихоор дүү иргэний үнэмлэх авчирна. Тийш явъя” гэжээ. Ингээд хорооллын Бичилд очиж зогссон байна.

Талийгаач П арын суудалд, шүүгдэгч Б жолоочийн суудалд суусан, гадаа бүрэнхий болсон байж. Нэг мэдэх нь, хүү Б-ийн араас хутгалж эхэлжээ. Шүүх эмнэлгийнхэн Б-ийн цээжний зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэртэл хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, арьсан дор хий хуралдалт, зүүн хацар, цээж, баруун, зүүн бугалга, хэвлийн зүсэгдсэн шархны гэмтэлтэйг тогтоосон. Энэ гэмтлийг амь насанд аюултай хүнд гэмтэл гэж тодорхойлжээ.
Хүүг хутгалж эхлэхэд Б арын суудал руу эргэж ноцолдсон. Хутгыг булаан авч эсрэг дайралт хийжээ. Задлан шинжилгээгээр хүүгийн цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт /цээж хөндийд 650 мл/ хэвлийн зүүн хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодыг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт 150 мл, зүүн хацарт амны хөндий рүү нэвт хатгагдсан, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэг, баруун гарын 2,3,4-р хуруу, зүүн гарын бугуй, алга 2,3-р хуруунд зүсэгдсэн шарх, зүүн гуя, шилбэ, баруун гуяны шарх хатгагдсан шарх гэмтэл тогтоогджээ. Тэд ноцолдож байхдаа Б-ийн машины хаалгаар унасан бөгөөд Б хүүг үлдээгээд машинаа унаж эмнэлэг явах замдаа цагдаатай таарч тусламж гуйжээ.
Цагдаа “Бүрэнхийд гэрлээ асаагаагүй машин явж байхаар нь дохиход “Цагдаа надад туслаарай гэж хэлсэн. Жолоочийн хүзүү, нуруунаас цус гоожиж байсан учраас хажуу суудал руу суулгаад өөрөө машиныг нь барьсан. Замдаа юу болсныг яриулсан. “Хулхидуулчихлаа. Яг алах гэж байна. Намайг алах гэж байсан залууг амин бус газар нь би хутгалсан. 28 дугаар сургуулийн хажууд байгаа. Тийшээ цагдаа, түргэн явуулаарай. Би эмнэлэгт очиж чадах болов уу” гэсэн. Ингээд ГССҮТ-д очиход тэр залуу ухаан алдсан” гэж мэдүүлжээ.
Харин хүүг замын хажууд цустай холилдоод нас барсан байхыг насанд хүрээгүй гэрч анх олж харжээ. Тэр гэрч эмнэлэгт хандаж дуудлага өгсөн байна. Цагдаа мөн 102, 103-т дуудлага өгсөн байжээ. Шүүгдэгч Б нь эмнэлэгт ирэхдээ дотоожиндоо өтгөнөө гаргасан байсан бөгөөд хүлээн авахын эмч “Шоконд орсон үедээ хүн өмдөндөө өтгөнөө гаргадаг” гэжээ.
Шүүгдэгчийг ГССҮТ-д 12 хоног эмчлүүлээд байх үед Эрүүгийн хуулийн 93.1 буюу санаа сэтгэл цочрон давчидсан үед бусдыг санаатайгаар алах гэмт хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар тооцож ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт аваачжээ. Тэрээр оршуулгын зардал хэмээн талийгаач хүүгийн ээжид 9.4 сая төгрөгийн хохирол барагдуулсан байна.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ. Хохирогч талын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах, хяналтын шатны шүүхэд хандаж хэргийг дахин хэлэлцүүлэх эрхтэй.
Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд, Хүн бүр аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Өөрийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй тухай заажээ. Энэ зүйлийг шинэ Эрүүгийн хуульд, “Өөрийн, бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан халдлагын эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эсхүл эхлэх гэж байгаа нь тодорхой болсон цаг үед хийнэ” гэж нарийн тусгажээ. Хамгаалагч нийгэмд аюултай халдлагаас зайлсхийх, төрийн байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй юм байна.

Аргагүй хамгаалалт гэдэг ойлголтыг шүүхийн практикт зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүх 2007 онд зөвлөмж гаргаж байжээ. Тодруулбал,
1.Нийгэмд аюултай халдлагаас хамгаалж аргагүй хамгаалалт хийх нь Эрүүгийн хуулиар тогтоож, зөвшөөрсөн хувь хүний эрх юм.
2.Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг тул нийгэмд ашигтай үйлдэл мөн.
3.Аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоон үйлдэж буй этгээдийн эсрэг халдагч этгээдийн эрх чөлөө, эрүүл мэнд, амь биед хохирол учруулах замаар хийдэг бөгөөд гэм хор нь хэлбэрийн хувьд эд хөрөнгийг нь устгасан буюу гэмтээсэн, бие махбодид нь гэмтэл учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан, амь насыг нь хохироосон байж болно.
4.Нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай. Түүнээс довтолгоон төгссөн хойно хийсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж болохгүй. Түүнчлэн хуулийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны /хууль сахиулах байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдолд гэх мэт/ эсрэг үйлдэл хийснийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй.
5.Нийгэмд аюултай халдлага гэдэг нь гэмт этгээдээс төр нийгмийн ашиг сонирхол, хүний амьд явах болон халдашгүй, чөлөөтэй байх түүнчлэн бусад эрх, эрх чөлөөнд хохирол учруулахын тулд хийж байгаа, Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, санаатай үйлдэл байна.
6.Халдлага бодитой хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой болсон тохиолдолд төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг түүнээс хамгаалж хийсэн үйлдлийн улмаас халдагч этгээдэд учирсан хохирлын хэмжээг үл харгалзан хамгаалагч этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байвал зохино.
7.Хэрэв халдлага бодитой хийгдээгүй, эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад аргагүй хамгаалалт хийж, бусдад гэм хор учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд заасан ердийн журмаар шийдвэрлэнэ.
8.Аргагүй хамгаалалт зохих ёсоор хийгдсэн эсэхэд халдлага бий болсон орон цаг, нөхцөл байдал, довтолгооны шинж, халдлагын объект, учирсан буюу учрах байсан хор уршгийн хэр хэмжээ, хэрэглэсэн арга, зэвсэг, хэрэгсэл, хүчний харьцаа зэрэг нь ямар нэгэн ач холбогдолгүй.
9.Нас хүйс, ажил мэргэжил, албан тушаал, албаны болон бусад тусгай бэлтгэлээс үл хамааран хүн бүр нийгэмд аюултай халдлагын эсрэг аргагүй хамгаалалт хийх эрхтэй.
10.Нийгэмд аюултай халдлагаас хамгаалалт хийхээс өөр байдлаар зайлсхийх болон бусдаас тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй.
11.Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй тухай “Шүүхийн тогтоол”-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг удирдлага болгон гаргаж байвал зохино.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн