Монгол хүн та энэ мэдээллийг уншаад шууд гутарна. Гэхдээ монгол хүн болж төрсөн ховорхон заяандаа бус, Монгол Улсыг өнөөдөр ийм байлгаж чадаж байгаа улстөрчдийнхөө хосгүй чадварт гомдох учиртайг ялгаж ойлгохыг хүсье. Сумынхаа наадамд гурав давж үзээгүй залуу улсад түрүүлнэ гэж онгирох нь сайхан мөрөөдөл гэхээсээ сэрүүн зүүдтэй адил. Үүнтэй утга ижил, үүнээс цааш “Дэлхийд” гэж хамжааргатай дуугарч байхыг монголчуудад сануулсан нэгэн судалгаа олон улсад гарчээ. Тэгэхдээ энэ нь “Интернетийн индекс-2018”-аар монголчууд фэйсбүүк хэрэглээгээр Ази тивдээ нэгд, дэлхийд 10-т орж байгаа шиг судалгаа биш шүү. Энэ бол оршин буй тивээ алгасч “дэлхий, дэлхийд” хэмээн цээж дэлддэг монголчууд биднийг Ази тивдээ хэн бэ, ямар эрэмбэтэйг илэрхийлсэн судалгаа юм.
Австралийн Сиднейд төвтэй Лови хүрээлэнгээс “Ази дахь хүчний тэнцвэрийн индекс”-ийг анх удаа судалж, 2018 оны тавдугаар сард нэгтгэн танилцуулжээ. Тус төв нь Ази, Номхон Далайд нэр хүндтэйгээс гадна АНУ, БНХАУ-ын нөлөөг жил бүр судлан олон улсад зарладаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны байгууллага юм байна.
Судалгаанд Ази тивд идэвхтэй бодлого явуулдаг улс орнууд, мөн энэ тивд оршдог 25 улсыг багтаасны нэг нь Монгол Улс юм. Үндсэн найман үзүүлэлтийг гол болгож, тэдгээрийг дэд хэсгүүдэд задлан нийт 110 орчим шалгуураар Ази дахь хүчний тэнцвэрийн индексийг улс орон бүрээр гаргажээ. Нэгтгэсэн эцсийн нийлбэр дүнгээр Монгол Улс маань Ази тивийнхээ 25 улсын 23-т эрэмбэлэгджээ. Сүүлээсээ хоёрт. Монголыг ингэж хойш татахад нөлөөлөсөн муу үзүүлэлт мэдээж олон. Тухайлбал, хүн ам цөөн. Монголчуудын хүн ам нь хөршүүдийнхээ нийт хүн амын 0.2 хувьтай тэнцдэг. Хамгийн муу нь, хүлэмжийн хий буюу нүүрснээс ялгарах хорт утаа хамгийн ихтэй. Монгол Улс нь ДНБ-нийхээ 1 ам.долларыг бүтээхийн тулд 0.45 кг СО2 ялгаруулдаг нь өндөр үзүүлэлт гэжээ. Үүнээс гадна гадаад худалдаа нь хязгаарлагдмал. Нийт гадаад худалдаанд нь БНХАУ 75, ОХУ 15 хувиар, багахан хувиар Япон, БНСУ, АНУ зэрэг тавхан улс нөлөөлдөг зэрэг нь манай улсын хувьд хамгийн сул тал болжээ.
Үзүүлэлт тус бүрээр цааш задалбал, манай улсын батлан хамгаалахын сүлжээ хамгийн өндөр буюу авах ёстой 10 онооноос 9.9 оноо авч, 25 улс дотроо 17-д жагссан байна. Улсаа нүүр тахалсан, 25 улсаас 23-т ороход урагш чирсэн ганц үзүүлэлт нь л энэ. Харин соёлын нөлөө гэх үзүүлэлтээр авах ёстой 10 онооноос 0.2 оноо авч 25 улсынхаа сүүлийг мушгижээ. Нэг хувийн ч нөлөөлөл алга. Монгол Улс судалгаанд оролцсон орнууд дундаа соёлын нөлөөгөөр хамгийн сул хэрнээ бусдын соёлын нөлөөнд өртөхдөө ч хамгийн сул гэж дүгнэжээ. Монгол Улсад соёлын нөлөөгөөр хамгийн их нь БНХАУ, Япон хоёр тус бүр 24, ОХУ 17, АНУ 12, БНСУ 9 хувьтай гэжээ. Үүнээс гадна манай улс:
-Эдийн засгийн нөөц, бололцоогоор 25 орноос 24-т
-Нөөц бололцоог ашиглаж чадахгүй байгаа үзүүүлэлтээр 25-аас 17-д,
-Улс төрийн тогтвортой байдлаар 25 орноос 16-д /гэхдээ энэ үзүүлэлтийн эхний аравт Азид идэвхтэй бодлого явуулдаг өрнөдийн орнууд багтсан/
-Цэргийн чадавхиар 25-аас 21-д,
-Эдийн засгийн түншлэлээр 25 улсаас 22-т
-Дипломат нөлөөллөөр 25 улсаас 23-т тус тус жагсчээ. Жишээ нь, эдийн засгийн нөөц, бололцоогоор гэхэд бид тивдээ Балба, Камбожийн дараа, харин Лаосын өмнө оржээ. Дипломат нөлөөллөөр л гэхэд Монголыг Хойд Солонгос, Балбаас илүү ч, БНХАУ-ын тусгай газар нутаг гэггдэх Тайванаас сул гэжээ.
Иймэрхүү гол чухал гэмээр сайн үзүүүлэлтүүдээр 25 улс дотроо 15-аас урагш огт ороогүй хэрнээ Монгол Улс “Нийгмийн үймээн самуун”, “Дотоодын нийгмийн хямрал” зэрэг нарийвчилсан үзүүлэлтэд хамгийн өндөр оноо авч эхний 1-3 жагссан бусад улс орноо тэргүүлжээ. Сайнаар нь барахгүй бол муугаар нь чадна гэдэг шиг л… Муугаар бол Азидаа гэлтгүй, дэлхийд олон зүйлээр тэргүүлнэ Үнэхээр гутармаар. Гэтэл нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ, байгалийн баялаг, малын тоогоор, мөн нэг хүний эдэлж болох улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөгөөр дэлхийд тэргүүлдэг Монгол Улсад амьдрал яагаад ийм амьд үлдэх, тэсч амьдрах уралдаан байдаг юм бэ гэдэг асуулт хэн бүхнээс гарна. Дэлхийд тэргүүлж байгаа газар нутаг, байгалийн баялаг, мөн нарийн яривал улстөрийн болон эдийн засгийн эрх чөлөө ч манай ахмад үеийнхний үлдээсэн өв. Харин өнөөдрийн буюу энэ цаг үеийнхэн юу бүтээв ээ. Тэдний өнгөн дээр монголчууд элэг, ходоодны хорт хавдар, нас баралтаар, мөн утааны хороор бүр дэлхийд тэргүүлдэг болсон нь л үнэн юмдаг. Сайнаар тивдээ ч байхгүй хэрнээ муугаар дэлхийд тэргүүлж буй хэрэг. Бидний омогшдог Чингис хаан Мянганы хүн байсан, ахмад үеийнхэн маань Монголоо сайнаар дэлхийн улс байлгаж чадсан, харин энэ үеийнхний өнгөн дээр Монгол Улс Азидаа хаахна явна вэ гэдгийг энэ судалгаанаас харж эргэцүүлнэ биз ээ.
Дашрамд дурдахад, 2025 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь, дэлхийн хамгийн том эдийн засгийн гурав нь Ази тивд төвлөрөх олон улсын прогноз байгаа нь судалгааг хийх нэг шалтгаан болсон гэжээ. Тийм учраас судалгааны бүх үзүүлэлтүүдийг үнэлэн Азид идэвхтэй бодлого явуулдаг дэлхийн бусад улсууд болон судалгаанд оролцсон тивийн 25 улсаас АНУ, БНХАУ хоёрыг “Супер гүрэн”, Япон, Энэтхэгийг “томоохон гүрэн”, ОХУ, Австрали зэрэг 13 улсыг “Дундаж улс”, үлдсэн бусад орныг “жижиг улс” улс гэж ангилсны мэдээж сүүлийн хэсэгт нь манай улс багтав. Үүнээс илүү муу мэдээ нь, Монгол Улсыг улс төрийн хувьд тогтвортой ч, геоэдийн засаг, геополитикийн хуьд 2030 он гэхэд өнөөдрийнхөөсөө илүү дордох магадлалтай гэж дүгнэсэн байна. Монгол Улсад нөөц болоцоотой ч, түүнийг ашиглаж чадахгүй байгаа, бүс нутагтаа улс төрийн манлайлал бага, индекст хамрагдсан улс орнууд дундаа соёлын нөлөөгөөр хамгийн сул, бүс нутагтаа дипломат нөлөөлөл багатай зэргийг 2030 онд дордож болзошгүй үзүүлэлтийн суурь шалтгаанаар нэрлэсэн байна.