Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Малын гоц халдварт өвчний дэгдэлт махны үнийн өсөлтийн гол шалтгаан болж байна

Малын гоц халдварт өвчний дэгдэлт махны үнийн өсөлтийн гол шалтгаан болж байна
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 28
Манай улс малын махны хэрэглээнийхээ 99.8 хувийг дотоодоос хангадаг. Харин үлдсэн 0.2 хувийг тусгай соортын, өндөр зэрэглэлийн махны импорт эзэлдэг. Өөрөөр хэлбэл, бидний хувьд нийтийн хэрэглээний эрэлтээ дотоодоос бүрэн хангадаг бараг цорын ганц хүнсний бүтээгдэхүүн нь мах юм.
Монгол Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбараас 2020 онд нядалгааны жингээр 744.5 мянган тонн махыг дотоодын зах зээлд бэлтгэсэн байна. Харин махны нийлүүлэлт 626.4 мянган тонн байжээ. Дотоодын мах бэлтгэлийн хэмжээ өнгөрсөн жил 2019 онтой харьцуулахад 199.5 мянган тонн буюу 26.8 хувь, махны нийлүүлэлт 179.3 мянган тонн буюу 24 хувиар тус тус огцом өссөн байна.  
undefined
Гэвч бид махны хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангаж чадаж байгаа ч нөгөө талдаа энэ нь хүнсний аюулгүй байдал, махны экспортын асуудлуудыг мах бэлтгэлийн гол бүс нутгуудад хайрцаглах сул тал болдог. Товчхондоо аль нэг аймагт малын гоц халдварт өвчний дэгдэлт гарах үед манай улсад, тэр дундаа нийслэлд хүнсний аюулгүй байдал эрсдэл учирч, махны экспорт зогсонги байдалд шилждэг билээ.
Үндэсний статистикийн хорооны тоо баримтаас харахад, манай улсад өвчнөөр хорогдох малын тоо сүүлийн таван жилд 54-81 мянгад хэлбэлзэж байжээ. Бүсчилж харвал, хангай болон төвийн бүсэд өвчнөөр хорогдох малын тоо баруун болон зүүн бүстэй харьцуулахад өндөр байгаа юм.  
undefined
Хамгийн гол нь малын гоц халдварт өвчний дэгдэлт нь дан ганц хүнсний аюулгүй байдал, экспортын асуудал байгаад зогсохгүй инфляцад хамгийн их нөлөөлдөг махны үнэ өсөх гол шалтгаан болдог байна.
Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр сүүлийн таван жилд дотоодын зах зээлд махны үнэ нэгэн жигд циклээр явагдаж иржээ. Ингэхдээ хавар тавдугаар сараас махны үнэ аажмаар буурч, 7-11 сард тогтвортой байдаг бол арванхоёрдугаар сараас ирэх оны хавар хүртэл үнэ өсдөг байна.
Гэвч 2019 оны хавар малын шүлхий өвчин гарсантай холбоотойгоор махны нийлүүлэлт ховордож, тухайн оны 2-7 сард үнэ дунджаар 30 хувь гаруй өсөж, өнөөгийн өндөр үнийн түвшинд хүрчээ. Үндсэндээ энэ хугацаанд үхрийн цул мах дунджаар 10 мянган төгрөгөөс 14 мянга, үхрийн ястай мах 9 мянгаас 12 мянга, хонины мах 7 мянгаас 10 мянга, ямааны мах 6 мянгаас 8.5 мянга, адууны мах 6 мянгаас 9.5 мянга болж огцом өсөж байв.
undefined
Харин махны үнийн өсөлтийн цикл болон мөн шүлхий өвчний дэгдэлт гарсан өнгөрөгч 5-7 сард махны үнэ түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал, 2021 оны зургадугаар сард үхрийн цул мах дунджаар 16.6 мянган төгрөг, хонины мах 12.7 мянган төгрөг 2021 оны долдугаар сард үхрийн ястай мах 14.8 мянган төгрөг, ямааны мах 10.5 мянган төгрөгт хүрч байв.
Өөрөөр хэлбэл махны үнэд хэрэглэгчдийн худалдан авалтын эрэлтээс бус нийлүүлэлтийн шинж чанартай өөрчлөлт бий болж, өсөлт явагдаж байна.
Тэгвэл Мал, эмнэлгийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 аймгийн 69 суманд дөрвөн төрлийн малын гоц халдварт өвчний голомт бүртгэгдэж, 37 мянга гаруй мал өвчилсөн байна. Түүнчлэн мах бэлтгэлийн гол бүс нутаг болох зүүн аймгуудад малын шүлхий болон үхрийн арьс товруутах өвчний дэгдэлт үүсээд байгаа гэх мэдээллийг өглөө.
Үндсэндээ Монгол Улс хүн, малгүй цар тахалд нэрвэгдсэн байдалтай ирэх өвөлтэй золгож байна гэж дүгнэж болох аж.
Гэхдээ Мал, эмнэлгийн ерөнхий газраас махны экспорт зогсох болон дотоодын мах худалдан авалтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсээс улбаалан малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн аймаг, сум болон байршлыг бодлогоор мэдээлэхгүй байхыг зорьдог гэх тайлбарыг өгсөн юм.
Манай улс малын гоц халдварт өвчинтэй тэмцэх бие даасан системтэй улс. Мөн олон хүчин зүйлсээс үүдэн гардаг малын гоц халдварт өвчний тархалтын эсрэг вакцинаас өөр тулалдах хангалттай зэвсэг, хөрөнгө санхүүгүй нь үнэн. Гэхдээ малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн байршлуудыг цаашид олон нийтэд мэдээлэхгүй байх нь иргэдийн хүнсний аюулгүй байдалд аюул учруулаад зогсохгүй тодорхойгүй байдал нь эрүүл бүсээс махны экспорт хийх боломжийг хаах буюу экспортыг бүхэлд нь зогсоох давхар эрсдэлтэй.  
Хамгийн чухал нь, иргэд өвлийн идшээ бэлтгэх оргил үе золгож буй энэ үед 13 аймгийн хэмжээнд малын гоц халдварт өвчний дэгдэлт үүссэн нь хүнсний аюулгүй байдалд аюул учруулаад зогсохгүй циклийн бус үнийн өсөлт явагдах эрсдэлийг үүсгээд байна.
ХХАХҮ-ийн сайд З.Мэндсайхан лхагва гаригт мэдээлэл өгөх үеэрээ малын гол халдварт өвчний дэгдэлт гарч, дотоодын махны нийлүүлэлт, үнийн өсөлтийн эрсдэл тулгарч байгаа талаар ярьсан. Улмаар Засгийн газар он дуустал махны экспортыг зогсоож, дотоодын хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах болсон талаар мэдээлсэн.
Тэгвэл сүүлийн жилүүдэд малын махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн, нийлүүлдэг дотоодын ААН-үүд цөөнгүй бий болжээ. Өөрөөр хэлбэл иргэд зориулалтын сав баглаа, боодолтой, буух эзэн, буцах хаягтай буюу эрсдэл багатай бүтээгдэхүүнийг хялбар байдлаар гэртээ хүргүүлэн авах боломжтой юм.
Гэвч аюулгүй, эко, эрүүл махыг малчны хотоос хэрэглэгчийн гарт шуурхай, найдвартай хүргэх ажил нь үйлдвэрлэл, тээвэр логистикийн өртөг өндөр тул үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах зах зээлд харьцангуй өндөр үнэтэй худалдаалагддаг.
Түүнчлэн 2020 оны байдлаар улсын хэмжээнд нийт бэлтгэсэн махны ердөө 3.4 хувийг дотоодод үйлдвэрийн аргаар боловсруулсан мах эзэлж байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах бэлтгэлийн хэмжээ 2019 онтой харьцуулахад 21.5 хувиар буурсан ч 2015 оноос 49.6 хувь буюу бараг нэг дахин нэмэгдсэн гэх тоо байгаа юм.
undefined
Харин махны экспортын хувьд манай улс сүүлийн таван жилд нийт 99.5 мянган тонн мах гаргасан байна. Монгол Улс өнгөрөгч онд 19.4 мянган тонн мах экспортолж, 37.9 сая ам.долларын орлого олсон. Тэгвэл 2021 оны эхний есөн сарын байдлаар 7.6 мянган тонн мах экспортолж 16 сая ам.долларын орлого ороод байна. 
Энэ хугацаанд адууны мах тодорхой хэмжээнд өсөлт, бууралттай гарч байсан бол сүүлийн гурван жилд үхрийн махны экспорт огт хийгдээгүй байна. 
undefined
Улмаар манай өнгөрсөн таван жилд улс махны экспортоос нийт 188.1 сая ам.долларын орлого олжээ. Хэдий цар тахлаас өмнөх гурван жилд махны экспортын орлого тогтмол өссөн ч сүүлийн хоёр жилд огцом буурсан аж. Тухайлбал, өнгөрсөн жил манай улсын махны экспортоос олох орлого 2018 онтой харьцуулахад 51.25 хувь буюу даруй нэг дахин буурчээ. 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн