Арилжааны банкууд ам.долларын нөөцтэй холбоотойгоор долларын гүйлгээнд тодорхой хэмжээгээр лимит тогтоож байгаа. Өмнө биднийг сурвалжлах үед /2022.03.21/-нд арилжааны банкуудын авах, зарах лимит таван сая төгрөгт хэлбэлзэж байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаас ам.доллар авах өдрийн лимит 1 сая төгрөгт буюу 300 ам.доллар болж буурчээ. Тус мэдээлэлтэй холбоотойгоор бид Монголын голлох банкуудын салбараар зочилж, тодруулга авлаа. Ингэхэд, Төрийн банк / City Tower салбар /: Валютын нөөц бага байна. Иймд ам.долларыг сая төгрөгт авах, зарах лимиттэй байгаа. Гэхдээ одоогоор манай ихэнх салбаруудад бэлэн ам.доллар байхгүй байна. Сая өглөөхөн нэг үйлчлүүлэгч ам.доллар авах гээд бүх салбараас чинь асуугаад явж байна гэж хэлсэн. Монголбанкнаас нэгдсэн журмаар бүх банкууд руу нэг сая төгрөгийн лимит тогтоох чиглэл өгсөн юм билээ. Гэхдээ хэрэв зарим банкны хувьд нөөц мөнгөн дэвсгэрт нь байгаа бол илүүг өгөх боломжтой. Тухайн банкны нөөцөөсөө шалтгаалж яг одоогоор лимит тогтоож өгч байгаа байх.
Хаан банк / Багшийн дээд салбар /: Одоогоор манай энэ салбарт бэлэн ам.доллар байхгүй байгаа. Хүмүүс нэрээ цаасан дээр бичүүлж ам.доллар авах захиалга авч байгаа. Маргааш гэхэд таны захиалга биелэх болно. Гэхдээ хувь хүн нэг сая хүртэлх буюу 300 ам.доллар л авах боломжтой. Ерөнхийдөө одоогоор валютын нөөц бага буюу эрэлт их боловч, нийлүүлэлт бага байгаа учир байдал ийм байна.
Богд Банк / MPM салбар /: Бид зөвхөн өөрсдийн үйлчлүүлэгчдэдээ тодорхой лимитийн дагуу ам.доллар өгч байна. Валютын нөөц бага байгаа учир банк хооронд ам.долларын гүйлгээ хийх боломжгүй.
Худалдаа хөгжлийн банк / Төв оффис / : Одоогоор бэлэн долларын нөөц бага байна. Иймд манайхаас үйлчлүүлэгч ам.доллар авах бол өмнөх өдөр нь эхлээд захиалгаа өгч байж авч байгаа. Одоогоор манай банкнаас ямар нэгэн лимит тогтоогоогүй байгаа. Гэхдээ үйлчлүүлэгч манай банкны ам.доллартай харилцах хэлтсээс авах ам.долларын хэмжээгээ асууж, боломжтой эсэхээ мэдэх хэрэгтэй.
Арилжааны банкууд данснаасаа ам.доллар авахад лимит тогтоох нь иргэдэд нэн хохиролтой байгааг үйлчлүүлэгчид хэлж байв. Жишээлбэл, виз бүрдүүлэлт, олон улсын гүйлгээ, цаг үеийн бусад нэн хэрэгцээт байдлаас шалтгаалан иргэд өөрийн ам.долларын данснаас хэрэгцээндээ тааруулан мөнгөө гаргаж авч чадахгүй болоод байгаа юм. Сурвалжлагын үеэр банкин дах долларын данснаасаа мөнгөө авч чадалгүй, хүнд байдалд орсон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, байр суурийг нь тодруулсан юм.
Иргэн 1. Би ам.долларын дансан дахь мөнгөө төгрөг болгож авах гэтэл лимиттэй, захиалгатай болсон байна. Манай дүү өнөө, маргаашгүй Ирландын хэлний бэлтгэлийн визинд орох юм. Нийт 25 сая төгрөг хэрэгтэй. Би түүнийг нь батлан даахаар болсон. Гэтэл одоо данснаасаа мөнгө авч байршуулах гэтэл дээд тал нь 1 сая төгрөг буюу 300 мянган төгрөг л гарна гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Хаан банк чинь уг нь Монголын хамгийн том банк биз дээ. Бид арай л дэндүү хэцүү нөхцөл байдалтай байна.
Иргэн 2. Худалдаа хөгжлийн банк хамгийн ихдээ нэг сая төгрөгийн лимит тогтоочихсон байна. Манай дүү Турк руу суралцахаар явах гэж байгаа. Тэгээд 400 мянган төгрөгт 100 гаруй ам.доллар болгож авах гэтэл болсонгүй. Бид 100 ам.долларын нэг дэвсгэрт л авлаа. Учир нь, бутархай ам.доллар гарахгүй байгаа юм байна. Тэгвэл оронд нь лир /Турк мөнгөн тэмдэгт / авах гэсэн бас байхгүй байна. Сая 100 ам.доллар л авлаа. Одоо Найман шаргаас үнэтэй ч хамаагүй авах шаардлага үүсээд байна.
Мөн өмнөхөө бодвол ам.доллар авах явц шат дамжлага ихтэй болж. Жишээлбэл, би 100 ам.доллар авах гэж хэдэн цаг хүлээж, банкны ам.доллартай харилцах хэлтсээс зөвшөөрөл авч байж нэг юм мөнгөө авлаа. Мөнгөний авах хэмжээнд хязгаарлалт тавих нь их хэцүү болгож байна. Хаан банкны данснаасаа Худалдаа хөгжил рүү мөнгө шилжүүлье гэсэн ч ам.доллар данс хооронд боломжгүй болсон байна.
Нөгөө талаар энэхүү лимит нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд томоохон хүндрэл болж байна. Учир нь, олон улсын гүйлгээ хийх нэг удаагийн шимтгэл 60 ам.доллар. Тэгвэл нэг байгууллага 10.000 ам.долларын шилжүүлэг хийх болоход 300 ам.долларын лимиттэй гэж үзвэл багадаа 33 өдөр 33 удаагийн гүйлгээ хийж, 1980 төгрөгийн ам.доллар шимтгэлд суутгуулах шаардлага гарах нь. Уг асуудалтай холбоотойгоор Лхамур брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Ам.доллар авах лимит өдрийн 1,000,000 төгрөг боллоо. Ердөө 300-хан доллар гэсэн үг. Би дөнгөж сая 900 ам.долларын шилжүүлэг хийе гэсэн болсонгүй, банкнаасаа лавлаж асуутал энэ мөнгийг гурван өдөр хувааж хийнэ гэнэ. Гэтэл зөвхөн олон улсын гүйлгээний шимтгэл чинь л 60 ам.доллар болно шүү дээ. Хэрэв ингэвэл нэг байгууллага 10,000 ам.долларын шилжүүлэг хийх ёстой болвол яг яах вэ. Үүнд дуугарч байгаа, тоож байгаа, учрыг нь олох гэж байгаа хүн байна уу. Ингэхээр чинь яаж бизнес эрхлэх юм бэ” гэлээ.