Дэлхийн эдийн засгийн форумаас “Ирээдүйн ажил, мэргэжил”-ийн шинэ тайлангаа нийтэлжээ. Энэхүү тайланд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эхэлж байгаа энэ үед ажил горилогчид ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой, их, дээд сургууль болон коллежууд оюутнуудаа ямар чадварт бэлдэх ёстой, ирээдүйд ажлын туршлага хуримтлуулах нь чухал уу, хувийн ур чадвар чухал уу гэдэгт хариу өгчээ. Дэлхийн эдийн засгийн форумын тайланд тэмдэглэснээр одоогоос тав орчим жилийн дараа буюу 2020 он гэхэд аж үйлдвэр одоогоос хэд дахин илүү хөгжих юм. Генетик, хиймэл оюун ухаан, робот, нанотехнологи, 3D хэвлэл, биотехнологийн хөгжил ирэх тав хүрэхгүй жилийн хугацаанд улам хурдацтай хөгжиж, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эхлэх аж. Энэхүү хувьсгалын суурь өдгөө тавигдаад байгааг бид өдөр тутмын амьдралдаа харж, мэдэрч буй. Ухаалаг системтэй орон сууц, үйлдвэр, фермерийн аж ахуй бий болж, дэд бүтцийн асуудлуудыг ч технологийн тусламжтай ухаалгаар шийдсэнээр зарим нэг ажлын байр цомхотголд орж, хэрэгцээгүй болох аж. Тиймээс ирээдүйн ажил горилогчид техник, тоног төхөөрөмжийн хийж чадахгүй ганц зүйл болох харилцааг хөгжүүлэх нь хамгийн чухал аж. Өөрөөр хэлбэл, бусадтай харилцах, асуудлыг шийдвэрлэх гээд оюун ухаанаа “ажиллуулах” чадварууд ирээдүйн ажлын байрны гол үзүүлэлтүүд болох нь. Ажил мэргэжлийн тухайд гэвэл 2020 онд технологийн салбар, тэр дундаа инженер, техникийн ажилчид хамгийн эрэлттэй байх нь ээ. Үүний дараа эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа сувилагч, асрагч, худалдааны салбар, тэр дундаа борлуулагч зэрэг техник, технологийн орлох боломжгүй өдөр тутамдаа бусадтай харилцаж байдаг ажлын байрууд хамгийн эрэлттэй байх аж. Мөн багш, тэр дундаа цэцэрлэг, бага ангийн багш буюу хувь хүний суурь хүмүүжлийг олгогчид өндөр цалинтай, эрэлт ихтэй мэргэжлийн нэг байх юм байна. Үүнээс гадна аж үйлдвэрийн шинэ үед санхүүгийн шинжээч, хуульчид хамгийн өндөр цалинтай хэрнээ хамгийн өндөр шалгууртай ажлууд байх аж. Дээд дурдсан ажлын байрууд бүгд өндөр цалинтай хэрнээ хувь хүнээс өндөр ур чадвар шаардах юм. Тэгвэл аж үйлдвэрийн хөгжлийг дагаад бүх салбарын ажил мэргэжил болон хувь хүнд шаардагдах ур чадваруудыг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар ажил олгогчид ажлын байр горилогчдоос асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бусадтай хэр нийцтэй зөв харилцаатай, асуудалд хэрхэн хандаж, хэр зөв шийдвэр гаргаж байгааг голчлон анхаардаг байна. Харин таван жилийн дараа асуудал шийдвэрлэж, бие даан дүгнэлт хийхээс гадна бүтээлч байдалтай, танин мэдэхүйн өргөн хүрээний мэдлэгтэй байх зэрэг чадварыг шаардах гэнэ. Өөрөөр хэлбэл, ажил олгогчдын өнөөдрийн шаардаж буй судалгаа хийх, асуудлыг судлах чадвар нь танин мэдэхүйн мэдлэгээр солигдож, аливаа зүйлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байхыг шаардах юм байна. Мөн өдгөө ажил олгогчид ажил горилогчдоос идэвхтэй сонсогч байхыг шаардаж байгаа бол 2020 онд өөрөө шийдвэр гаргах чадвартай, бүтээлч сэтгэхүйтэй байхыг чухалчлах аж.