Хотын захиргаа Яармаг руу нүүлгэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргаж, барилгын ажил нь эхэлсэн. Өвлийн улиралд барилгын ажил түр зогсч, саяхнаас барилгын ажил үргэлжилж байгаа юм байна. Хотын шинэ захиргаа 2019 оны эхээр ашиглалтад орох байсан ч барилгын ажил бүрэн дуусаагүй учраас тус ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөснийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга хэллээ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр болсон.
Төлөвлөлтийн бүс нь өөрийн засаг захиргаа, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий хотын чанартай хоёр төв, дүүргийн чанартай зургаан дэд төвтэй байх юм. Тухайлбал, хотын чанартай төвд “Их тойруу” болон Яармагийн шинэ төв байх бол дүүргийн чанартай дэд төвд Баянхошуу, Сэлбэ, Сонсголон, Шинэ хот, Гурвалжин, Амгалан дэд зэрэг төвүүд багтана.
Төлөвлөгөөний дагуу хотын чанартай хоёр төвийн нэг буюу Яармагийн шинэ төвийг байгуулж, хотын захиргаа тус дүүргийн дөрөвдүгээр хороо руу нүүхээр болсон байна. Хотын захиргаа нь A,B,C блоктой байх юм байна. А1 хэсэгт Иргэдийн хурлын дарга, ажлын хэсэг, бүлгийн хурлын танхимууд, хүндэтгэлийн танхим байрлах юм байна.
А2 хэсэгт нь хотын музей, хүндэтгэлийн хурлын танхим, иргэдийн хурлын танхим байх аж. А3 Засаг даргын Тамгын газар байх юм. А4, А5 хэсэгт Захирагчийн ажлын алба байх бол B блокт оффис болон хүлээн авах танхим байна. С блок хурлын заал, спорт заал, нэг цонхны үйлчилгээ байхаар төлөвлөснийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөны газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий Архитектор Э.Анар хэлсэн юм.