Суэцийн сувагт гацсаны улмаас дэлхийн худалдааны урсгалыг зургаан хоногийн турш саатуулсан “Ever Given” хөлөг онгоцыг даваа гаригт хөдөлгөж, сувгийг амжилттай чөлөөллөө.Далайн тээврийн үйлчилгээ үзүүлэгч “Inchcape Shipping Services” компанийн мэдээлснээр орон нутгийн цагаар даваа гаригийн үүрийн 04:30 цагт 220 мянган тонн жинтэй, 400 метр урт хөлөг онгоцыг хөдөлгөж, аюулгүй байдлыг хангах ажлыг эхлүүлсэн байна. Улмаар далайн тээврийн хөлөг онгоцны хяналтын “VesselFinder” вебсайт Тайванийн “Evergreen Marine” компанийн эзэмшлийн “Ever Given” хөлөг онгоцны статусыг “0.1 зангилаа хурдаар Улаан тэнгист "30.01755 N / 32.58047 E" координатад хөвж явна. Роттердамын боомтод 2021 оны гуравдугаар сарын 31-ний 02:00 цагт хүрэлцэн очих төлөвтэй” гэж өөрчилжээ.Харин "Reuters" агентлагийн мэдээлснээр "Ever Given" хөлөг онгоцны хөдөлгүүрийг амжилттай ажиллуулсан бөгөөд аюулгүй байдлын үзлэг шалгалтууд хийгдсэний дараа Суэцийн сувгаас гарахаар зэхэж байгаа аж. Интернэтэд байршуулсан дүрс бичлэгт "Ever Given" хөлөг онгоц сувгийг чөлөөлж, дуут дохио өгөн, хөлгийн болон аврах багийн гишүүд баяр тэмдэглэж байгаа нь бичигдсэн байна. Суэцийн сувгийн удирдах төвийн мэдээлснээр “Ever Given” хөлөг онгоцны бөглөрлийн улмаас сүүлийн зургаан хоногт сувгийн хоёр талд контейнер тээвэрлэгч, задгай тээвэрлэгч, нефтийн цистерн болон шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч 369 хөлөг онгоц саатаад байсан юм. Тэгвэл Египетийн холбогдох агентлаг хөлөг онгоцнуудыг Суэцийн сувгаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлсэн байна.Суэцийн сувагт үүссэн бөглөрлийн улмаас өдөрт 14-15 сая ам.долларын худалдааны алдагдал үүссэн гэх албан бус тооцоо гараад байна.Эх сурвалж: Reuters