Оюу толгой дэлхийн том орд. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд дэлхийд гуравт орох зэсийн том уурхай болно. Нийт ордын нөөцийн 80 хувь нь газрын гадаргаас 1300 метрийн гүнд буй. Уг нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд дэлхийд цөөнд тооцогдох блокчлон олборлох технологийг Монголд нутагшуулж, дэд бүтцийн томоохон ажлууд өмнийн говьд ид өрнөж байна. Үүнийг, дэлхийн хэмжээний ийм бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэгчид нь монголчууд. Монгол залуус өнөөдөр Оюу толгой уурхайн хувьд ч, хөрөнгө оруулагчдын хувьд ч олборлож байгаа байгалийн нөөцөөсөө хавьгүй үнэ цэнэтэй “баялаг”, хүний нөөц болж чадсанд бахархахгүй байхын аргагүй. Тэдний нэгэн бүтээн байгуулалтыг танилцуулъя. Энэ бол Монгол залуусын гар, хөдөлмөрөөр бүтээсэн гүний уурхайн Захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв юм. Нийт 13570 метр квадрат буюу мэргэжлийн хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй дүйцэх багтаамж бүхий хоёр давхар энэхүү нүсэр бүтээн байгуулалтыг хоёр жилийн дотор барьж байгуулжээ. Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 833 монгол залуугийн хүч хөдөлмөрөөр босгосон “Чандмань” төвийг “iToim” агентлаг энэ удаагийн “Монгол хүний гараар бүтээв” буландаа онцолж байна.
“Чандмань” төвийн бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажилласан “Моннис интернешнл” компанийн ахлах мэргэжилтэн Г.Нямсүрэн, мөн Гүний уурхайн төслийн бизнес үйлчилгээний багийн ахлах ажилтан Х.Мөнхзултай нартай ярилцсанаа хүргэе.
-Хоёр жилийн өмнөх үйл явдлаас яриагаа эхэлье. Чандмань төвийн бүтээн байгуулалтад оролцох багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-“Моннис интернешнл” компани анх 2017 оны дөрөвдүгээр сард энэ төслийн гүйцэтгэгчээр шалгарсан. Монголын өнцөг булан бүрээс инженерүүд, ажилчид сэтгэлийн дуудлагаар ирсэн. Бие биеэ бараг танихгүй, ааш авирыг нь мэдэхгүй 400-500 хүн цугласан. Хийх ажил нь тодорхой учир урам зоригтой эхэлцгээсэн. Бид хамгийн түрүүнд маш богино хугацаанд нэг баг болж чадсан. Ур чадвар, уйгагүй хөдөлмөрөөс илүүтэй нэг баг болж чадсан маань өнөөдөр бүтээн байгуулалтынхаа ард гарахад хамгийн их нөлөө үзүүлсэн. Зарим хүн, монголчууд эв нэгдэл муутай л гэдэг. Гэтэл өмнөө зорилго тавиад зөв менежментээр ажиллаж чадвал ид 22-32 насны 800 гаруй монгол залуус атгасан гар шиг нэг баг болж ажиллаж чаддагийг энэ бүтээн байгуулалт дээр бид харуулж чадсан. Нийт 13 мянган метр квадрат том байгууламжийг Монголын залуу инженерүүд барьж, байгуулсан нь мэдээж том амжилт, бас бахархал. Уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт нь бүгд дэлхийн хэмжээнийх учраас “Чандмань” төвийг ч дэлхийн стандартаар барьсан. Бүтээн байгуулалтад оролцсон компаниуд бүгд ISO стандартынхаа гэрчилгээг авч эхэлсэн. Цаашдаа бусад улс оронд ийм хэмжээний бүтээн байгуулалт хийх шаардлагатай бол түүнд бэлтгэгдсэн, мэргэжлийн төвшний үндэсний боловсон хүчнүүд, үндэсний компаниуд бэлтгэгдсэн нь бидэнд хамгийн сайн хөрөнгө оруулалт боллоо.
Энэ нь монгол хүний оюун ухаан, чадвар өөрөө олон улсад үнэлэгдэж байгаа том илэрхийлэл юм. Энэ бүтээн байгуулалтаас, Оюу толгой уурхайгаас олж авсан чадвар, сурсан зүйлээ олон улсын түвшинд үнэлүүлж байна гэдэг бол өөрөө монголчуудын хувьд бахархал. Ганц “Чандмань” төв дээр жишээ авахгүйгээр Оюу толгой уурхай Mонгол залуучуудад ямар үнэ цэнийг бүтээж байгаа нь нэг талаар энэ төслийн үр өгөөж гэж болно. Энэ бол эдийн засгийн агуулга, мөнгөөр үл илэрхийлж болох үнэ цэнэ гэж бодож байна.
-Оюу толгой компани аюулгүй ажиллагааг номер нэгд тавьдаг. Та бүхэн аюулгүй ажиллагааг хэр сайн хангаж ажилласан бэ?
-Бүтээн байгуулалтад оролцсон 800 гаруй хүнээс нэг нь ч хөдөлмөрийн чадвараа бүр болон түр алдах хэмжээнд ямар нэгэн осол аваар гаргаагүй. Залуус маань Оюу толгойн уурхайд баримталдаг аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал баримталж ажилласан. Оюу толгой уурхайд баримталдаг аюулгүй ажиллагааны дүрэм, бодлого нь цаашид Монгол улсын хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд жишиг болж тогтоосой гэж бодож байна. Аюулгүй ажиллагаа, стандарт нь зөвхөн уурхайн талбайд, ажлын цагаар үйлчилдэг албадлагын дүрэм биш. Харин хүн болгон амьдралдаа, өөрийнхөө болон бусдын аюулгүйн төлөө цаг тутамд сайн дураараа мөрдөх, баримтлах ёстой үнэт зүйл гэдгийг Оюу толгойн энэ бүтээн байгуулалтад оролцохдоо бид маш сайн ойлгосон.
-Дэлхийн хэмжээний том бүтээн байгуулалт гэхээр ашиглаж байгаа тоног төхөөрөмж, техникүүд нь бас л ховор биз. Монголд байдаг уу?
-Сүүлийн үеийн гэхээсээ илүүтэй ихэнх нь Монголд байдаг ч, манайхан төдийлөн хэрэглэдэггүй тоног, төхөөрөмж, шийдлүүдийг бүрэн ашигласан гэдгээрээ онцлогтой. Жишээ нь гал, утааны дохиолол, хамгаалалтын системийн бүх шийдлийг иж бүрнээр ашигласан. Барилгын бүх ханыг галын аюулгүй байдал, онцгой байдлын үед тэсвэртэй, барилгын төмөр хийц нь гал гарахад шатахгүй, хайлахгүй, барилга нурахгүй байхаар барьсан. Ямар нэгэн галын аюул гарлаа гэхэд барилга нурахгүй, бүтэн хэвээрээ үлдэнэ. Байгууламжид утаа гарлаа гэхэд энгийн утаа мэдрэгч, лазераар утааны түвшнийг нь сарниулдаг мэдрэгч, өөрөө сордог мэдрэгч, усаар сорох мэдрэгч зэрэг маш олон төрлийн төхөөрөмж автоматаар ажиллана. Байгууламжид гал гарах, цахилгаан, дулаан, агааржуулалтын асуудал үүсэх зэрэг бүх эрсдэлийг барилга өөрөө мэдэрч, ажилчдад сануулах, барилгаас яаралтай гаргах ухаалаг зохицуулалттай. Гал гарлаа гэхэд байгууламжийн бүх хаалга автоматаар онгойж, барилгын цахилгаан тасарна. Хүмүүсийг ослын гарцаар гаргах бүх боломжийг барилга автоматаар зохицуулна. Энэ нь уг байгууламжийн давуу тал, чухал онцлог.
-Гэнэтийн ослын үед байгууламжийн төхөөрөмж нь хүний гар ажиллагаа орохгүйгээр өөрөө ухаалгаар ажиллана гэсэн үг үү ?
-Тэгнэ. Бүх мэдрэгч, автомат системүүд бүрэн программчлагдаж ажиллагаагаа хүлээгээд байж байдаг. Галыг өрдөж өгөхгүйн тулд агааржуулалтын хоолойг хаах, гал хажуу талын өрөө рүү дамжих эрсдэлийг бууруулах, ажилчдад байгууламжаас гарах хугацааг хангалттай гаргаж өгөх зэрэг хамгаалалтууд автоматаар хийгдсэн. Хамгийн сүүлийн үеийн, найдвартай дэвшилтэт технологийг хэрэглэсэн.
“Чандмань” төвийн үйл ажиллагааны талаар Оюу толгойн гүний уурхайн төслийн бизнес үйлчилгээний багийн ахлах ажилтан Х.Мөнхзултай ярилцсан юм.
-Оюу толгой компани газрын гүнд, “Чандмань” төвд ажиллах ажилчдаа яаж бэлтгэсэн бэ?
-“Чандмань” төв хоёр давхар. Энэ төв нь газрын гадарга, гүнийг хооронд нь холбосон гэдгээрээ онцлог. Дээр нь маш олон хүнийг аюул осолгүй ажлаа хийх боломжоор хангаж байгаа. Энэ байгууламжийн хамгийн чухал хэсэг нь гүний уурхайн хяналтын өрөө. Хяналтын өрөөнд нийт найман хүн ажиллана. Тэд бүгд мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, гүний уурхайн нүд, чих, тархи нь болох ёстой. Газрын гадаргаас доош 1300 метрийн гүний бүх л хөдөлгөөнт тоног төхөөрөмж болон уурхайчдын аюулгүй байдлыг хянаж ажиллах баг байрлана. Хяналтын өрөө нь дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон. Хяналтын удирдлагын багийнхан НАСА-д хэрэглэгддэг ширээ, сандал, дуу тусгаарлагч зэрэг сүүлийн үеийн төхөөрөмж дээр ажиллана.
-Хяналтын өрөөнөөс уурхайн гүнд ажиллаж байгаа ажилчид, үйл ажиллагааг удирдлагаар хангах юм байна. Харин ажилчид өөрсдөө аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Хяналтын өрөөтэй залгаа ослын удирдлагын өрөө байрлана. 1300 метрийн гүний алслагдмал орчинд ажиллаж байгаа уурхайчин болон ажилчинд ямар нэгэн асуудал гарлаа гэхэд Ослын удирдлагын төвөөс цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авах, аврах ажиллагааг зохион байгуулах бүрэн боломжтой. Бас хорогдох байруудыг гүний уурхайд байршуулсан. Гүний уурхай руу нэг ээлжид, хамгийн ихдээ 700 ажилтан орохоор тооцож, ажилчдын тоотой тэнцэх хорогдох байрыг байгуулсан. Гүний уурхай руу орж ажиллаж байгаа ажилтан болгон хувийн хамгаалах хэрэгслүүд авч ордог. Хамгаалах хэрэгслүүд нь тухайн ажилтан болгоны нэр дээр оноогдох бөгөөд байршлыг нь тогтоож өгнө. Түүгээр нь дамжуулж хяналтын өрөөнөөс ажилтан бүрийн аюулгүй байдлыг хянана. Энэ бүхэн маань бүгд дэвшилтэт технологид суурилсан.
-“Чандмань” төвд нийтдээ хэдэн хүн ажиллах вэ?
-Захиргаа үйлчилгээний төвд хоногт 1700 хүн ажиллахаар төлөвлөгдсөний 400 орчим нь оффисын ажилтан, 1300 нь гүний уурхайн ажилтан байна. Гүний уурхайд ажиллах 1300 (өдөр болон шөнийн ээлжийн) хүн ажлын бэлтгэлээ хангах ариун цэврийн өрөө, шүршүүр, хувцас солих, угаах өрөө, хувийн хамгаалах хэрэгслээ цуглуулах өрөө байгууламжийн нэг давхарт байрлана. Энэ байгууламж нь газрын гадарга дээр аюул осол тохиолдохоос бүрэн сэргийлэхээс гадна, газрын гүнд осол аваараас сэргийлэх менежменттэйгээр төлөвлөгдсөн гэдгээрээ давуу талтай. Уурхайчдын аюулгүй байдлыг хангах зорилготой хяналтын пайзны самбар гэж бий. Уг самбарт тухайн уурхайчин хувийн хамгаалах хэрэгслээ бүрэн хангасан уу, сургалтдаа бүрэн хамрагдсан уу гээд бүхий л аюулгүй байдлын программуудыг программчлаад өгчихсөн. Хэрвээ тухайн ажилтан сургалтдаа дутуу хамрагдсан, эсвэл байршил тогтоогчоо, хувийн хамгаалах хэрэгслээ аваагүй бол хүрдэн хаалгаар нэвтрэхгүй буюу газрын гүн рүү орж чадахгүй гэсэн үг. Гүний уурхай руу орох ажилтан хоёр төрлийн пайзтай. Нэг пайзаа газрын гадарга дээр байрлах самбарт өлгөнө. Тэр нь ажилтан уурхай руу орсныг дээр байгааг хүмүүст илтгэж мэдээлнэ. Уурхайн гүнд очихоороо нөгөө пайзаа өлгөдөг. Энэ нь ажилтан газрын гүнд ажиллаж байна гэдгийг илтгэдэг. Пайз нь ухаалаг системтэй учраас гүнийн уурхайд хэдэн хүн байгааг бүрэн хянана. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ бүхнийг гараар хийдэг, гараар тоолдог, гараар бүртгэдэг байсан. Одоо бүрэн автоматжуулсан ухаалаг системтэй болсон. Жишээ нь, Мөнхзул хэдэн цагт хувийн хамгаалах хэрэгслээ авч, хэдэн цаг, хэдэн минутад эхний хаалгаар орж, хэдэн цаг хэдэн минутад нэвтэрсэн бэ гэдгийг ухаалаг пайзны тусламжтайгаар хяналтын самбарт мэдээллээ дамжуулна. Ер нь бүх зүйлийг автоматжуулсан, тухайн ажилтан гүний уурхайд нэг секунд ч хараа хяналтгүй байх боломжгүй болсон гэсэн үг. Хүн бүр аюул осолгүй ажиллаж гэртээ эрүүл саруул харих нь чухал тул энд бид аюулгүй ажиллахыг байнга санаж алхам бүртээ хэрэгжүүлж бас суралцаж байна.
-Оффисын барилгыг НАСА-д ашигладаг сүүлийн үеийн сандал ширээ, тоног төхөөрөмжтэй тоноглосон гэсэн. Тэдгээр нь юу байх вэ?
-Хяналтын өрөөнд ажиллах хүмүүсийн онцлог нь 24 цагийн турш хяналтын дэлгэцээс хараагаа салгаж болохгүй буюу байнга ажлын ширээнийхээ ард сууна гэсэн үг. Тиймээс ажилтны эргономик хэрэгцээг хангасан ажлын орчин гэж ойлгож болно. Ширээ нь сууж ажиллахаас гадна босоо ажиллахад зориулсан тохируулгатай.
Байгууламжийн хоёрдугаар давхарт байрлах оффисын орчинд 400 орчим хүн ажиллана. Тэдний суух ажлыг ширээ болон хурлын өрөөнүүд маань сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хурлын өрөөнүүд нь дүрсээ харж ярилцана. Камерын дүрс, дууны өгөлт нь ямар нэгэн зөрөөгүйгээр мэдээлэл солилцох тул орон зайнаас үл хамаарч уулзалт хийх боломжтой.
-Өөр аль улсын ямар гүнийн уурхайд ийм төв, ухаалаг систем байдаг вэ?
-Ухаалаг пайзны самбарыг хэрэглэдэг өөр орны уурхай мэдээж байгаа. Оюу толгой төсөл ажиллаж байгаа монгол инженерүүд маань энэ самбарыг аюулгүй байдлын бусад системүүдтэй уялдуулж илүү боловсронгуй болгон ашиглаж байгаагаараа бусад орны гүний уурхайгаас онцлог гэж ойлгож болно.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.