Тамхины хор уршгийн талаар УНТЭ-ийн Уушги харшлын төвийн эрхлэгч Б.Одончимэгтэй ярилцлаа.
-Монгол Eлсад тамхины хэрэглээ ямар төвшинд байна вэ?
-Тамхи бол зажлах, үнэрлэх, татах гэсэн үйлдлүүдээр хэрэглэгддэг сэтгэцэд нөлөөтэй хор. Тамхи нь 1950-1960 онуудад дэлхий нийтэд хурдацтай тархаж, хүмүүс маш ихээр хэрэглэх болсон. Тухайн үед судлаачид уушгины хорт хавдар болон бусад хорт хавдар нь тамхитай холбоотой гэдгийг судлан тогтоож, тамхины хор уршгийн талаарх мэдээллийг цацсан. Гэтэл үүнтэй холбоотойгоор тамхины үйлдвэрлэгчид болон худалдаалагчид өөрсдийн эрх ашгийн төлөө тухайн мэдээллийн эсрэг арга хэмжээ авч тамхийг шүүлтүүртэй, зөөлөн, никотины хэмжээг бага гэх мэт мэдээллийг тарааж иргэдийг залилдаг. Иргэд үйлдвэрлэгчийн худлаа үгэнд итгэж тамхийг өдөр тутамдаа хэрэглэсээр байна. Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын дунд тамхидалт 50 хувьтай байна. Эрэгтэйчүүдийн 67 хувь, эмэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь тамхи татдаг.
-Анагаах талаасаа мамхи нь хүний биед ямар хор уршигтай вэ. Сүүлийн үед эмэгтэйчүүд илүү тамхи татах болсон харагддаг. Тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэр хор нөлөө учруулдаг бол?
-Тамхи татсанаар хамгийн эхлээд эмэгтэйчүүдийн арьс хөгширдөг. Яагаад арьс хөгширч эхэлдэг вэ гэхээр тамхи нь витамин С-гийн дутагдалд оруулдаг. Витамин С-гийн дутагдалд орсноор арьсны коллаген буурч эхэлдэг учраас арьс маш хурдан хөгширнө. Хоёрдугаарт бэлгийн дур хүсэл буурна, эрэгтэй, эмэгтэй аль алинд нь нөлөөлдөг. Гуравдугаарт эмэгтэйчүүдиэд умайн хүзүү болон хөхний хавдар үүсэх нэг шалтгаан болж байдаг. Ер нь тамхи татаж байгаа хүмүүсийн 38 хувь хорт хавдраар, 34 хувь нь зүрх судасны өвчнөөр, 38 хувь нь уушгины өвчлөлөөр өвддөг. Эдгээр өвчлөлүүдийн үндэс суурийг тамхи бий болгосон байдаг.
-Тамхинаас үүдэлтэй өвчлөлүүдийн талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
-Тамхинаас үүдэлтэй өвчлөлүүд хязгаар их байдаг. Тамхинд 4000 гаруй төрлийн хорт бодисууд агуулагддаг. Тэдгээр бодисуудын 43-63 нь хорт хавдар үүсгэдэг гэж үздэг. Тамхи татдаг 10 хүний 9 нь хорт хавдраар нас бардаг. Энэ бол маш аймшигтай тоон үзүүлэлт. Бидний ирээдүй болсон өсвөр насны хүүхдүүдийн 80 хувь нь 13-17 насанд тамхи татаж үзсэн байдаг. Үүний 50 хувь нь тамхинд орсон байдаг нь харамсалтай. Тамхинаас үүдэлтэй нас баралт ихсэж байна. Тамхи татдаг хүний дундаж наслалтыг 52 гэж үздэг. Нэг ширхэг тамхи татахад хүний нас 7 минутаар богиносдог. Тэгэхээр амьдралынхаа хамгийн чухал үе болох гэр бүл, хайртай хүмүүстэйгээ байх хугацаагаа богиносгож байна гэдгээ ойлгодоггүй. Тамхинд хулганыг хордуулж алдаг хорт бодис, хархны хор буюу камерт ашигладаг цианет гэх хортой бодисууд агуулагддаг гэдийг хүмүүс мэддэг, уншдаг боловч тоодоггүй. Хэдийгээр өнөөдөр таны биед ямар нэгэн өвчлөл учруулахгүй байгаа ч таны ирээдүйг үгүй хийж байгааг та ойлгох хэрэгтэй.
Ер нь дэлхийн хөгжилтэй улс орнууд тамхийг хязгаарлаж эхэлж байгаа. Гэтэл ядуу буурай улс орнуудад тамхины хэрэглээ маш их байгаад байдаг. Дэлхийн улс орнууд тамхины хор хөнөөл ийм аюултай гэдгийг мэдээд хязгаарлалт хийж байхад манай улсад тийм зүйл огт алга. Тамхины эсрэг нэг хууль баталсан ч нөгөө хуулийн хэрэгжилт нь маш муу байна. Нийт хүн амын тал нь тамхинаас хараат байна гэдэг нь маш аюултай. Тийм болохоор энэ тамхины эсрэг яг одооноос ажлуудыг хийж эхлэх хэрэгтэй.
-Тамхи татсанаар хүний биед яг ямар процесс явагддаг вэ?
-Тамхи татсанаар төв мэдрэлийн системд хамгийн хурдан үйлчилдэг. Ингээд тухайн хүний сэргээж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж, дараа нь биеийг сулруулдаг. Мөн амьсгалын замаар орон уушгины саласт бүрхэвчид нөлөөлж амек гэх бодис нь спирт болон задарч тухайн хүнийг маш амархан өвчинд өртөмтгий болгодог. Түүнчлэн, тамхи татдаг хүмүүсээс маш их шүлс ялгардаг учир байнга шүлсээ хаяж орчныг бохирдуулдаг. Тамхи нь хүчил төрөгчийг бууруулдаг учир эд эрхтэн хүчилтөрөгчийн дутагдал оруулдаг. Мөн судсыг хатууруулдаг, судас хатуурснаар тархи болон зүрхний шигдээс болох магадлал маш өндөр төвшинд очдог. Маш олон төрлийн хавдрыг үүсгэдэг. Сүүлийн үед уушгины хавдар маш их гарах болсон нь ганцхан тамхитай холбоотой. Ингээд бодохоор эцсийн эцэст та мөнгөөр хорт хавдрыг худалдан авч, үйлдвэрлэгчдийн золиос болж байна.
-Ярианы эхэнд тамхийг шүүлтүүртэй гэж хэлэн иргэдийг мэхэлдэг гэж хэлсэн. Шүүлтүүр ер нь тамхины хорт бодисыг шүүдэггүй гэж ойлгож болох уу?
-Тамхи бол хор гэдгийг ярианы эхэнд хэлсэн. Тэгэхээр шүүлтүүртэй, шүүлтүүргүй, зөөлөн, үнэтэй чанартай гэдэг нь энд ямар ч хамаагүй. Тамхи л бол тамхи, хортой гэсэн л бол хортой. Тиймээс бидний тамхи үйлдвэрлэгчид хуурч байгаа юм шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тамхи шүүлтүүртэй байна уу, нэг ширхгийг татна уу тэр тамхи хор нөлөөгөө хүний биед үзүүлж л байгаа.
-Тамхи татдаг хүмүүс өглөө өлөн дээрээ шууд татаад байдаг. Тэгэхээр энэ нь энгийн үеэс илүү хор нөлөө үзүүлэх үү?
-Тамхи татдаг хүмүүсийн ихэнх нь ходоодны хорт хавдраар өвчлөмтгий байдаг. Манай улс ходоодны хорт хавдраараа маш өндөр төвшинд явдаг. Нэг өдөрт маш олон хүн ходоодны хагалгаанд орж байна. Үүнийг нэг шалтгаан бол тамхи. Ялангуяа өглөө өлөн дээрээ тамхи татах нь ходоодыг маш ихээр гэмтээдэг.
Хүмүүс тамхи татахаар турдаг, стресс тайлагдаж, сэтгэл санаа тайвширдаг гэж ярьдаг. Үнэхээр тамхи хүний стрессийг тайлдаг байсан бол эрүүл мэндийн салбар тамхины никотиныг аваад стрессын эсрэг эм хийх байсан. Хортой болоод л хийхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгд худлаа.
-Ярилцлагын төгсгөлд иргэддээ хандан тамхинаас хэрхэн гарах талаар зөвлөгөө өгнө үү?
-Хүн тамхийг татсанаар никотин гэх бодисонд хамааралтай болгодог. Үүнээс гарахын тулд хамгийн эхлээд бие, сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Хүн тамхинаас гаръя гэж чин сэтгэлээсээ бодохгүй л бол гарахгүй. Ингээд сэтгэлзүйгээ бэлдсэний дараа түүнээс зайлсхийх хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө нийлж тамхи татдаг бол тэднээс зай барих хэрэгтэй. Түүнчлэн өөрийгөө сатааруулах зүйлийг олох хэрэгтэй. Спортоор хичээллэх хэрэгтэй, хэрвээ тамхи татах гээд байвал таны халаасанд чихэр байх хэрэгтэй. Мөн ус уух, явган алхах, ууланд алхах гэх зэрэг өөрийгөө сатааруулах зүйлсийг хийж байж л тамхинаас гарна. Хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг. Тухайлбал эм уудаг, наалт наадаг, гарах гэж байна гээд зөөлрүүлдэг хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Тамхийг гэнэт хаяснаар таны бие махбодид хор нөлөө учрахгүй. Маш олон жил тамхи татсан хүн тамхинаас харахад 5-6 жилийн дараа эрүүл уушгитай болно гэсэн тоон үзүүлэлт байдаг. Тамхийг хаяснаас хойш нэг өдрийн дотор цусны эргэлт, цусанд өгөх хүчилтөрөгчийн хэмжээ, тархины цусан хангамжийн хэмжээ сайжирна. Тийм учраас тамхинаас аль болох татгалзаж, хэрэглэхгүй байх хэрэгтэй.