Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос өнөөдөр “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын цахим шилжилтийг цогц шийдэл гэж харах хэрэгтэй. Үүнд төрийн байгууллагуудын хоорондын бичиг, цаасны хөдөлгөөн ч гэсэн багтана. Бүгд цахим шилжилтэд ороход 70 хувийн цаг хэмнэлт, хурдын бий болгоно. Ингэснээр төрийн хүнд суртлыг багасгах, авлигыг эцэслэх гэх мэт олон зүйлийг сонгуулиар ярьж гардаг. Бид түүнийгээ хийж чаддаггүй. Тиймээс цахим шилжилт гэдэг бол үе үеийн улс төрийн намуудын амлаж байсан үндсэн ажлуудын нэг нь энэ. Авлигыг багасгах, төрийн хүнд суртлыг арилгаснаар гадны хөрөнгө оруулагчдын итгэл бий болно. Улаанбаатар хот, Нийслэлийн Засаг даргын тамгийн газар, дүүргийн Засаг даргын тамгийн газар дээр газрын зөвшөөрөл, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, газрын зориулалтыг өөрчлөх зэрэг асуудлууд иргэдийг зовоодог, шүүмжлэл дагуулдаг хэвээрээ байгаа. Ийм учраас Улаанбаатар хотын ухаалаг удирдлагын системийг бий болгох гэж байгааг онцолж хэлмээр байна. Энэ нь зөвхөн түгжрэлийг шийдэх асуудал биш. Нийгмийн асуудлуудын зохиуцуулалтыг хурдасгахыг ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд шийдэх болно. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ, хөдөлгөөнийг зохицуулна, хөдөө орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийг бүртгэнэ, хөдөө орон нутгийнхан Улаанбаатар хотод 5-7 хоног явж байгаа бол замын хураамжаа төлнө. Улаанбаатар хотын ард иргэдийн татварын мөнгөөр тавьсан зам нь дээр явж байгаа бол хураамжаа төлөөд явах ёстой.