Open iToim app
Зочин | 13 мин уншина

Г.Мандухай: Зээл авахад барьцаалах хөрөнгө бус сэтгэлзүйн хувьд хэн бэ гэдэг тань илүү чухал

Г.Мандухай: Зээл авахад барьцаалах хөрөнгө бус сэтгэлзүйн хувьд хэн бэ гэдэг тань илүү чухал
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 12
Монгол хүний санхүүгийн шийдвэр гаргалтыг анх удаа сэтгэл зүй талаас нь судалж, бичил зээлийн үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлага болох “Финтек хэрэглэгчийн сэтгэл зүй ба зан төлөв” судалгаа нь хэдхэн хоногийн өмнө шинжлэх ухааны нэр хүнд бүхий олон улсын “MDPI” цахим сэтгүүлд нийтлэгдсэн. Судалгааны эмхтгэлтэй бүрэн эхээр танилцах
Энэхүү судалгааг ахалсан “Оптимал Эн Макс” ХХК-ийн судалгаа хөгжүүлэлтийн албаны менежер, сэтгэл судлаач Г.Мандухайтай ярилцлаа.
-Юуны өмнө дэлхийн бусад үндэстнээс ялгарах монгол хүний онцлогийг тодорхойлох асуудал идэвхтэй яригдах болсон энэ цаг үед маш чухал судалгааг хийсэн танай хамт олонд талархал илэрхийлье. Та бүхний судалгааны ач холбогдол юу вэ. Яагаад энэ судалгааг хийх болсон бэ?
-Ач холбогдлын хувьд зээлийн хүртээмжтэй байдал буюу зээл авах боломжийг нэмэгдүүлэх явдал юм. Тухайлбал, дэлхий дээр өнөөдөр 1.7 тэрбум хүн барьцаа хөрөнгөгүй, хангалттай зээлийн түүхгүй зэрэг шалтгаанаас болж банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл та хэчнээн зээл авахыг хүссэн ч банк танд итгэж зээл өгөхгүй гэсэн үг. Үндсэндээ эдгээр хүмүүсийн дийлэнх нь санхүүгийн хувьд ядуурлаас гарч чаддаггүй. Энэ бол яах аргагүй олон улсын тулгамдсан асуудлуудын нэг.
Манайд бичил зээл болон санхүүгийн үйлчилгээг буруугаар ойлгох хандлага түгээмэл ажиглагддаг. Гэвч хүртээмжтэй, өгөөжтэй зээлийн үйлчилгээ нь ядуурлыг бууруулах нэг гарц юм.      
Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар ойролцоогоор 1.1 сая хүн цалин авч, татвар төлдөг гэх тоо бий. Үүний ердөө 10 хувь нь зээл авах шаардлагагүй буюу санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүс байдаг. Дахиад 10-15 хувь нь дундаж орлоготой буюу санхүүгийн хувьд боломжийн гэж хэлж болно. Харин үлдсэн 60 гаруй хувь нь зээл авах тулгамдсан хэрэгцээтэй буюу дунджаас доош орлоготой хүмүүс байдаг. Гэвч эдгээр хүмүүс зээл авахад нийгмийн даатгалын шимтгэл төлөлт бага, орлого-зарлагын харьцаа хангалтгүй, зээлийн түүхгүй, интернэт банк хэрэглэдэггүй, хувийн бизнес нь ашиг олж эхлээгүй гэх мэт түгээмэл асуудлуудтай тулгардаг.
Гэтэл хүнд маш олон төрлийн нөөц байдаг. Ялангуяа дийлэнх нь материаллаг буюу цалин, орлого, хадгаламж, хувьцаа гэх мэт хязгаарлагдмал нөөцүүд байдаг. Харин хүнд хязгаарлагдмал бус нэг чухал нөөц байдаг нь бидний төлөвшилт, хандлага, хариуцлага буюу сэтгэл зүй юм.
Хүн санхүүгийн шийдвэрийг дан ганц логик сэтгэлгээгээр гаргадаггүй. Аливаа санхүүгийн шийдвэр гаргалтын цаана тухайн хүний сэтгэлзүйн механизм, сэтгэл хөдлөл, мэдрэмж явж байдаг. Тиймээс хүн их орлоготой байлаа гээд мөнгөө сайн зохицуулдаг, авсан зээлээ цагтаа төлдөг гэсэн үг биш. Харин та хэдэн төгрөгтэй байгаа вэ, түүнийгээ хэрхэн зохицуулдаг вэ гэдэг нь таны санхүүгийн шийдвэр гаргалтад илүү чухал нөлөө үзүүлдэг. Эдийн засгийн шинжлэх ухаанд үүнийг “Behavioral economics” гэж тодорхойлдог. Хамгийн сүүлд 2017 онд АНУ-ын Чикагогийн их сургуулийн эдийн засагч Ричард Талер энэ сэдвээр эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн.
Мөн 2006 онд Харвардын их сургуулийн “Entrepreneurial Finance Lab” судалгааны төвийн судлаачид зээлийн анкет бөглөгчийн сэтгэлзүйн төлөв байдалд дүн шинжилгээ хийх “Psychometric credit scoring”-ийг боловсруулж, нэвтрүүлсэн байдаг. Гэвч энэ нь дангаараа бус тухайн хүний сошиал дата болон бусад өгөгдлүүдийг давхар шалгах байдлаар ихэвчлэн хэрэглэгддэг.  
Харин бидний хувьд манай судалгааны онцлог нь бид хүний санхүүгийн нөөц буюу “Би хэдэн төгрөгийн орлоготой билээ. Надад барьцаалах юу байгаа вэ” гэдгээс илүүтэй “Би хариуцлагатай хүн” гэдгээ нотолж чадсан хүнд итгэж зээл олгож болно гэдгийг батлахыг хүссэн. Өөрөөр хэлбэл банк хэрэглэгчийнхээ санхүүгийн эргэн төлөх чадварт бус зөвхөн 100 хувь сэтгэлзүйд нь итгэж зээл олгоно гэсэн үг. Монголд өмнө нь энэ төрлийн судалгаа огт хийгдэж байгаагүй. Олон улсад ч яг ийм төрлийн судалгаа төдийлөн хийгдээгүй. Тиймээс бид олон улсын судалгаанд хувь нэмэр оруулахын зэрэгцээ энэ боломжийг монголдоо нээе, бас ингэх боломжтой гэдгийг батлах зорилгоор уг судалгааг хийсэн. Мөн зах зээл дэх бусад зээл олгогч байгууллагуудад өөрсдийн ажлаа нээлттэй танилцуулж, хүмүүст итгэж зээл гаргалтаа нэмэгдүүлч ээ гэдгийг уриалахыг зорьсон.  
-Уламжлалт банк, санхүүгийн арга барилаас ялгаатай нь хүний сэтгэлзүйн оноонд тулгуурлаж зээл олгох нь ямар давуу тал, онцлогтой вэ. Давуу талын хувьд дээр дурдсанчлан зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх байдлаар нийгэмд тэгш боломжийг бий болгох эерэг нөлөө ажиглагдаж байна. Мөн хариуцлага, хандлага төлөвшилт зэрэг материаллаг бус, ёс зүйн ойлголтуудыг хэмжиж байгаа нь манайд цоо шинэ зүйл гэж харж байна. Өөр ямар давуу талууд байна вэ?  
-Бид хэрэглэгчдийн сэтгэлзүйн датаг “Realtime” байдлаар буюу тухайн цаг мөчид ямар байгаагаар цуглуулдаг. Өөрөөр хэлбэл та яг одоо хэн бэ гэдгийг асууж байна гэсэн үг. Бусад алтернатив датануудын хувьд жишээ нь, миний утсаар манай найз бөглөөд “data fraud” буюу хуурамч дата үүсгэх боломжтой. Манай үйлчилгээний хувьд үүнийг хиймэл оюуны тусламжтай шийдсэн.
Товчхондоо заавал сэтгэл зүйч байх шаардлагагүйгээр гар утсандаа манай аппликейшныг татаад, мэргэжилтнүүдийн боловсруулсан цөөн хэдэн асуулт бүхий тест бөглөх юм. Улмаар хангалттай оноо авсан тохиолдолд зээл авах эрх нь үүснэ. Энэ тохиолдолд харилцагч өөрийн зээл авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн хүсэмжит зан төлөвийг гаргах байдлаар тестийг бөглөх боломжтой ч бид үнэн эсвэл худал ярьж байгааг нь “Blind Detection” ашиглаж тодорхойлдог.
Мэдээж технологийн энэхүү шийдэл нь цаг хугацааг асар их хэмнэнэ. Жишээ нь, миний мэдэхээр банкны зээлийн эдийн засагчид зээл олгохын тулд тухайн хүний гэрт нь заавал очдог. Өөрөөр хэлбэл тухайн харилцагчид зээл олгох шийдвэр гаргахын тулд сэтгэлзүйг нь тандаж байна гэсэн үг. Энэ нь цаг хугацаа шаардахаас гадна хэн хэнд нь төвөг үүсгэдэг. Тэгвэл технологийн шийдлээр бид энэ асуудлыг тав хүрэхгүй минутад шийдэх боломжийг олгож байгаа хэрэг.
-Тэгэхээр та бүхний судалгааны үр дүнд бий болсон бичил зээлийн үйлчилгээ үзүүлэгч “Zeely” аппликейшны талаар яръя. Мэдээж технологи ашиглан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаар нь танай компанийг “Fintech” компани гэж нэрлэх байх. Гэвч хэрэглэгчдийн сэтгэлзүйг датаг хэлбэрээр ашиглах замаар зээл олгох шийдвэр гаргадаг гэдэг утгаар нь “Big data” компани ч гэж нэрлэж болохоор байна. Тэгвэл санхүүгийн зах зээлд “Big data” болон “Fintech” хосолсон амжилттай өөр ямар бизнесүүд байна вэ?
-Үүнийг хослуулсан жишээ маш олон байгаа. Жишээ нь, дээр дурдсан Харвардын их сургуулийн “Psychometric credit scoring”-ийг ашигладаг Сингапурын “Lenddo” гэж аппликейшныг нэрлэж болох юм. Ер нь зээлийн хүртээмж багатай буюу банк, санхүүгийн байгууллагуудын шаардлагаас болж зээл авах боломжгүй хүн ам ихтэй Төв, Зүүн өмнөд Ази болон Өмнөд Америкийн хөгжиж буй зах зээл бүхий орнуудад “Fintech” бизнесүүд маш сайн хөгжиж, гарч ирж байна. Ингэхдээ уламжлалт бус дата ашиглах байдал илүү түгээмэл байгаа. Үндсэндээ “Fintech”-ийн салбарт зээлийн уламжлалт үнэлгээний арга барилыг аль эрт чухалд авч үзэхээ больсон. Харин манайд энэ хөгжил нэлээд удаан яваад байх шиг санагддаг.   
undefined
-Өнөөдөр манай технологийн салбар дэлхийд гарч өрсөлдөнө, Цахиурын хөндийд “Unicorn” компаниа байгуулна гэх зэргээр өөрсдийн амбицаа тодорхойлох болсон. Гэвч миний анзаардгаар манай технологийн компаниудын дийлэнх нь суурь судалгааныхаа ажилд төдийлөн анхаардаггүй шиг санагддаг. Магадгүй төсөв, хөрөнгөний асуудлаас болдог байх. Мэдээж танай үйлчилгээний хувьд бизнесийн загвар нь өөрөө хэрэглэгч бүрийнхээ судалгаанд суурилсан онцлогтой байгаа. Тэгэхээр хоёулаа судалгаа хийхийн давуу тал болон та бүхний хийсэн судалгаанаас гарсан үр дүнгүүдийн талаар ярилцъя. Магадгүй уншигчид бизнест судалгаа ямар давуу тал авчирдаг болохыг олж харах байх.
-Мэдээж судалгаа бол бизнесийн луужин. Бидний хувьд судалгааны үр дүнд шийдэл гаргаж ирсэн. Тэгээд тэр нь хүмүүст хэрэгтэй байсан учир бизнес болж чадсан. Судалгаагүй бол хэнд, юу хэрэгтэй вэ гэдэг асуултад хариулж чадахгүй. Салхи хаашаа, тэр зүгт гэдэг шиг төөрнө гэсэн үг. Өнөөдөр дата бол дан ганц худалдан авалт, төлбөр төлөлтийн мэдээлэл төдийхнөөс халиад хүн юу гэж бодож байна вэ. Хэрэглэгч юу мэдэрч байна вэ. Тэр бодол, мэдрэмжээсээ үндэслээд ямар шийдвэр, хариу үйлдэл хийж байна вэ гэдгийг тодорхойлдог болсон. Сэтгэл судлаач хүний хувьд би орчин үеийн бизнесүүдэд үүнийг ажиглаж, олж мэдэх нь маш чухал болсон гэж хардаг.
Бид эхлээд тухайн хэрэглэгч орон сууцанд амьдардаг уу, автомашинтай юу, сарын орлого нь хэд вэ, өмнө нь зээл авч байсан уу гэх зэрэг эдийн засгийн бүх факторуудыг нас, хүйс, боловсрол зэрэг нийгмийн хүчин зүйлстэй харьцуулан судалсан. Ингээд монгол хүний сэтгэлзүйн онцлог санхүүгийн шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлдөг болохыг судлах судалгааны аргачлалаа боловсруулах ажилд нэлээд цаг хугацаа зарцуулсан. Учир нь Монголд төдийгүй дэлхийд тухайн хэрэглэгч авсан зээлээ эргүүлж төлөх эсэхийг тодорхойлох бэлэн буюу батлагдсан үнэлгээний арга огт байдаггүй. Яах вэ, аль 1980-аад оноос хэрэглэгдэж ирсэн “Big 5”, “MBTI” зэрэг хувь хүний онцлогийг тодорхойлдог стандарт судалгаанууд байдаг. Бусад судалгаанууд ч ихэвчлэн эдгээрийг ашигладаг. Харин бидний хувьд анхнаасаа өөрсдийн аргыг боловсруулахаар шийдсэн. Энэ нь сэтгэл судлалын шинжлэх ухаан талаасаа маш том сорилт болсон. Үүний хүрээнд маш их онолын судалгаанууд хийгдсэн. Мэдээж онолын судалгааг туршилтаар батлах ёстой. Бид эхний оролдлогоороо ердөө 30 хувийн чадамжтай, үлдсэн 70 хувь нь бүтэлгүйтсэн гэдэг үр дүнд хүрсэн.
Гэхдээ эндээс бид харилцааны ур чадвар, түгшүүрийн мэдрэмж зэрэг динамик сэтгэл хөдлөлүүдийг энэ ажилд заавал судлах шаардлагагүй юм байна. Яг монгол хүнд урт хугацаанд тогтдог зан төлөвийг илүүтэй судлах ёстой юм байна гэдгээ тодорхойлоод таван чиглэлийг гаргаж ирсэн. Нэгт, хариуцлагын тухай ойлголт, төлөвшилт. Хоёрт, мөнгөнд хандах хандлага. Гуравт, хувиа хичээх болон түүний эсрэг өгөх хандлага. Дөрөвт, өөрийн хяналт буюу шийдвэр гаргалт. Тавт, санхүүгийн шийдвэр гаргалтын чадвар. Эдгээр нь хүнд бүр хүүхэд байхаас нь эхлээд эцэг эх, хүрээлэн буй орчны үлгэр дуурайлаар бий болсон хүмүүжил, төлөвшилт юм.
Ингээд уг хүчин зүйлсээ эдийн засгийн хүчин зүйлстэйгээ харьцуулахад хүний санхүүгийн шийдвэр гаргалтад сэтгэлзүйн факторууд нь илүү хүчтэй нөлөөлдөг гэдэг дүгнэлт гарч ирсэн. Сонирхолтой үр дүнгүүдээс хуваалцахад монгол эрчүүд эмэгтэйчүүдээс илүү мөнгөө цааш нь далд хийж, хуримтлал үүсгэх зэргээр гэнэтийн нөхцөлд бэлэн байдаг. Гэтэл эмэгтэйчүүд гэнэт мөнгөний шаардлага үүссэн үед хэрэглэх зориулалтын хуримтлал байх ёстой гэдэг хандлага нь сул байсан.
Монгол эрчүүдийн нас өгсөх тусам хариуцлагын мэдрэмж нь дагаад нэмэгддэг бол эмэгтэйчүүдийн хувьд хариуцлагын мэдрэмж үргэлж монотон байдаг. Өөрөөр хэлбэл монгол эмэгтэй хүний хариуцлагын талаарх өнөөдрийн ойлголт нь 10, 20 жилийн дараа ч тэр хивэндээ хадгалагдах магадлалтай гэсэн үг.     
-Та бүхий огт төсөөлөөгүй ямар үр дүнгүүд гарсан бэ?
-Бид нар анх түгшүүрийн мэдрэмж өндөртэй буюу аливаа юманд санаа нь их зовдог хүмүүс санхүүгээ илүү сайн зохицуулж, зээлээ илүү найдвартай төлөх байх гэж бодож байсан. Гэвч хүн түгшүүр үүсгэж байгаа тухайн асуудлаас улам зугтах хандлагатай байдаг гэх үр дүн гарч ирсэн. Өөрөөр хэлбэл монголчууд санхүүгийн асуудлаа шийдвэрлэхээс илүүтэй зугтах хандлага ажиглагдсан. Манайханд түгшүүр зугтах гэдгээр буудаг гэсэн үг. Гаргалгаа гаргаад, асуудлаа зөвөөр шийдвэрлэх бус зугтах нь хамгийн амархан шийдэл болж харагддаг.
Харин бусдыг баярлуулах дуртай, өгөөмөр, цайлган сэтгэлтэй хүмүүс зээлээ илүү хариуцлагатай төлдөг. Миний таамаглаж байгаагаар ийм хүмүүс бусдад гай болох, бусдад төвөг учруулахгүй байх гэдэг хандлага суусан байдаг. Хэрэв та өөрийн ойр дотнын хүмүүс, найз нөхөд дундаасаа анзаарах юм бол өгөөмөр, өглөгч сэтгэлтэй хүн өөрт нь мөнгөний шаардлага, хэрэгцээ байсан ч эхлээд зээлсэн мөнгөө танд эргүүлээд өгдөг.
-Товчхондоо нийгэмдээ хэрэгтэй, бусдад тусалдаг буюу нийтлэг тодорхойлолтоор сайн хүн, эерэг иргэн, нэр нь дурсагдадгүй баатар байсныхаа төлөө зээл авах боломжтой болно гэсэн үг байх нээ?            
-Тийм. Үүнээс гадна нийгэмд үзүүлж байгаа нөлөө нь илүү том. Өмнө нь зээл авч чаддаггүй байсан хүмүүс зээл авахаараа илүү хариуцлагатай болдог нь ажиглагдсан. Жишээ нь, манай харилцагчид “Надад өмнө нь хэн ч зээл өгдөггүй байсан. Гэтэл танайх намайг хариуцлагатай гэсэн. Би өөрийгөө хариуцлагатай хүн ч гэж боддоггүй байсан. Намайг хариуцлагатай хүн гэж бодож байгаа учир би та бүхний өмнө илүү хариуцлагатай байна” гэдэг. Дээрээс нь хэрэглэгчдэд тестийн үр дүнг нь илгээдэг. Тэндээс магадгүй тэнцээгүй байсан ч хариуцлагатай байхад юу шаардлагатай вэ зэрэг хариуцлагын талаар ойлголтуудыг өгнө гэсэн үг.    
-Танай тестэд тэнцсэн хүмүүсийн зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байгаа вэ? Энэ бол та бүхний судалгааны ажлыг дүгнэх хамгийн тодорхой үр дүн байх нь гарцаагүй.
-Ерөнхийдөө манайхаас хангалттай үнэлгээ авсан буюу тэнцсэн л бол зээлээ төлөх магадлал 90-ээс дээш хувьтай байгаа. Энэ дунд аливаа шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр бус илүү тунгаадаг буюу “critical thinking” илүү хөгжсөн, мэдээлэлд үндэслэдэг, бодоход илүү цаг хугацаа зарцуулдаг, мэдрэмжээс илүү яагаад энийг худалдаж авч байгаа вэ гэдэг шалтгаанаа ойлгодог хүмүүс, ажлаа зөвхөн мөнгө олдог газар бус хамт олон, хариуцлага гэж хардаг, дасан зохицох чадвар өндөртэй байх тусмаа хариуцлагатай зээлдэгч байх магадлалтай байдаг. Сонирхолтой нь хэт бардам буюу бусдад муу байдлаа үзүүлэх дургүй, бусдаас өөрийгөө илүүд үздэг, өөрийгөө дөвийлгөдөг байх тусмаа хариуцлагагүй зээлдэгч байх магадлал нь нэмэгддэг.
 -Тэгвэл сэтгэлзүйн эрүүл мэндийн хувьд эрүүл буюу хэвийн гэж тодорхойлогдох хүмүүс үндсэндээ найдвартай зээлдэгч байдаг гэдэг дүгнэлт хийх боломжтой юу?    
-Үгүй. Үүнийг шууд сэтгэлзүйн эрүүл мэндтэй холбож болохгүй. Учир нь сэтгэлзүй эрүүл мэнд гэдэг нь түр зуурын динамик сэтгэл хөдлөл юм. Бид ч гэсэн анх сэтгэлзүйн хувьд асуудалтай буюу стресстэй хүнд зээл өгч болохгүй гэж бодож байсан. Гэтэл гол асуулт нь сэтгэлзүйн асуудлаа хэрхэн даван туулах арга барилыг тооцох юм. Өөрөөр хэлбэл та асуудлаас зугтдаг хүн үү. Эсвэл зөв арга барилаар даван туулдаг туршлагатай юу гэдэг нь илүү чухал гэсэн үг.
Жишээ нь, аливаа хүн тухайн мөчид үнэхээр сэтгэл санаагаар унасан байгаа нь ирээдүйд зээлээ төлөх эсэхэд нь огт нөлөөлдөггүй. Харин сэтгэлзүйн эрүүл мэнд нь худалдан авалтын зан төлөвт нөлөөлж болно. Тухайлбал, хүн хэрэгцээгээ нөхөхийн тулд хаа хамаагүй худалдан авалт хийчихдэг.
-Судалгаагаа цаашид хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Нэг найдваргүй зээлдэгчийн эргэн тойронд байгаа 10 хүн тутмын 9 нь өөртэй нь адилхан найдваргүй зээлдэгч байх магадлал их өндөр ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүн өөрөө бусдад мөнгө зээлээд эргүүлж аваагүй, цагтаа буцааж өгөөгүй болохоор зээлд хандах хандлага, туршлага муу байх магадлалтай. Тиймээс бид үүний шалтгааныг илүү нарийвчлан, гүнзгийрүүлж судлах шаардлагатай. Үүнд маш олон талтай хариулт байгаа. Бид санхүүгийн шийдвэр гаргалтыг нийгмээсээ суралцдаг. Учир нь хүн угаасаа л анх мөнгөтэй харьцах, санхүүгийн төлөвлөлт зэрэгтэй эцэг эхээсээ үлгэр дуурайлал авч танилцдаг. Гэх мэт байдлаар хүн эргэн тойрон, хүрээлэн буй орчноос энэ бүхнийг суралцаж, нэгтгэж явсаар өөрийнх нь мөнгөний тухай ойлголт бүрэлддэг.
Нөгөө талдаа хүн муу зүйлийг даган дуурайдаг байх магадлалтай. Жишээ нь, за бусад нь надад зээлээ хугацаанд эргүүлж өгөөгүй. Тэгж байхад би ч гэсэн адилхан гэдэг байдлаар ханддаг байх магадлалтай.
-Энэхүү судалгаа нь хувь хүний сэтгэлзүйн зан төлөвүүд дээр тулгуурлан хийгдсэн байгаа. Энэ утгаараа монгол хүний дэлхийн бусад үндэстнээс ялгарах онцлогийг тодорхойлох чухал судалгаа гэж харж байна. Тэгвэл том зургаар харвал энэ судалгааны үр дүн эдийн засаг, нийгэмд хэрхэн эерэгээр нөлөөлж болох вэ. Цаашлаад “Fintech”-ээс өөр бусад ямар салбаруудад ашиглах боломжтой вэ?
-Монгол хүний сэтгэлзүйн онцлогийг тодорхойлох ажил маань үргэлжилсэн хэвээр байгаа. Бид өөрсдийгөө монгол хүний “identity”-г 100 хувь тодорхойлчихлоо гэж хэлж чадахгүй. Үндсэндээ дээр дурдсан таван хүчин зүйлүүд дээр өндөр оноо авсан байдлаар тодорхойлж байгаа. Судалгааг бусад салбарт ашиглах тал дээр  
Одоогоор манай “Zeely” аппликейшнээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60 гаруй хувь нь бусад зээлийн байгууллагаас зээл авч чадаагүй хүмүүс байгаа. Тэгэхээр бид зээлийн эргэлтийг эрчимжүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулж байна. Энэ нь эргээд эдийн засагт худалдан авалт болоод өөр хэн нэгний орлого болдог. Хэдий бид бичил зээл олгодог ч мужаан, оёдлын цех ажиллуулдаг, гоо сайхан, маникюр хийдэг гэх мэт хувиараа болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд өндөр дүнтэй бус тэдний онцлогт тохирсон өдрийн эргэлтийн хөрөнгийг нь бий болгоход шаардлагатай зээл хэрэгтэй байдаг. Бизнес эрхлэгч бүр их бага хэмжээгээр татвар төлөгч байдаг.
Өөр нэг тулгамдсан асуудал байдаг нь жишээ нь, бусад газрууд зээл өгөхгүй болохоор ломбард эсвэл хувь хүнээс өндөр хүүтэй зээл авдаг. Энэ нь зээлийн барьцаа хөрөнгийн асуудал үүсгэхээс гадна зээлээ эргэн төлж чадахгүй, хөрөнгөө алдах зэрэг асуудал дагуулдаг.
Мөн хамгийн гол нь манай судалгаагаар монголд гэр бүлийн маргааны 25 хувийг санхүүгийн асуудлууд эзэлдэг гэх үр дүн гарсан. Санхүүгийн асуудлаас болж хамгийн багадаа улиралд нэг удаа маргадаг. Дунджаар сард нэг удаа. Ихтэй долоо хоногт нэг удаа энэ асуудлаас болж гэр бүл маргадаг. Манай хэрэглэгчдийн 50 хувь нь хостойгоо хамт суугаад санхүүгийн асуудлаа ярилцаж, төлөвлөгөө гаргадаг гэж хариулсан. Үлдсэн тал нь нөхөр нь цалингаа эхнэртээ аваачаад өгчихдөг. Гэрийн бүх санхүүг эхнэр ганцаараа зохицуулдаг. Эсвэл эхнэр ямар ч эрх мэдэлгүй. Нөхөр нь бүх санхүүг ганцаараа мэддэг. Бүр эсвэл хэн хэн нь тусдаа яваад байдаг.
Судалгаагаа бусад салбарт ашиглах тал дээр бид даатгалын салбарт нэвтрүүлэх сонирхол их өндөр байгаа. Манай судалгааны анхны кейс нь санхүүгийн зах зээл болохоос үндсэндээ хувь хүний сэтгэлзүйн зан төлөвөөс үүдэн үүсэх эрсдэлийг тооцоолоод тэрийгээ зээлийн эрсдэлийн хэмжүүр болгон ашиглаж байна гэсэн үг. Ямар ч салбарт инновац гэдэг нь цэвэр судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч байх ёстой. Бид нар бол сэтгэл судлалын шинжлэх ухааныг ашиглаад инновац хийж байгаа хүмүүс. Үүнийг цаана юу харуулж байна гэхээр хүн төрөлхтөн сэтгэл судлалыг ашиглаад маш олон асуудлыг шийдвэрлэх. Эсвэл асуудал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх маш олон арга бий. Гэвч үүнийг ашиглаж байгаа юу гэвэл үгүй. Ялангуяа монголд сэтгэл судлалыг асуудал үүсэхээр уулзаж, зөвлөгөө авдаг хүн гэж ойлгодог. Гэтэл яг тийм биш. Сэтгэл судлаач хүн таны ерөнхий зан төлөвийг сэтгэл судлалын шинжлэх ухаанаар тодорхойлоод, хамгийн энгийнээр ойрын ирээдүйд гарч болох санхүү, гэр бүл, харилцааны асуудлыг сэрэмжлүүлж, сөрөг үр дагавраас зайлсхийх аргуудыг зөвлөдөг хүн юм. Тиймээс хүмүүс сэтгэл судлалыг энэ өнцгөөс нь харж, ашиглаасай. Үүнд бид өөрсдийн судалгаатай холбоотойгоор хамтран ажиллахад үргэлж нээлттэй. Тийм ч учраас тайлан гаргаад бусадтай мэдээллээ нээлттэй хуваалцаад явж байгаа шүү гэдгийг уламжилмаар байна.
-Ярилцсан баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн