Намайг Марал гэдэг. Энэ жил би 12 дугаар ангиа төгсөж, их сургуулийн оюутан болно. Аав, ээж минь төрийн албан хаагч, эгэл жирийн амьдралтай энгийн нэгэн айл.
Дунд сургуулийн сурагч болохоор санхүү, мөнгө гээд бүгд л аав, ээжээс хараат байдаг. Гэтэл анги ахих тусам хүүхдүүд бидний хэрэглээ нэмэгдэж аав, ээжээсээ авах мөнгө ихсэж байгааг үеийн найзууд минь ч анзаарч, мэдэрч байгаа байх. Мэдээж том болж байгаа учраас аав, ээжээсээ үргэлж мөнгө нэхээд, хүссэн зүйлсээ авахуулаад байна гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс өөрөө бага ч гэсэн мөнгө хадгалж, хуримтлуулахыг хичээж байгаа. Ингээд хэрхэн мөнгө цуглуулж, хуримтлал үүсгэж байгаа туршлагаасаа үе тэнгийн найзуудтайгаа хуваалцъя гэж бодлоо.
-Улсаас хүүхдүүд бидэнд сар бүр өгдөг 20 мянган төгрөгийг би хадгаламжийн данстайгаа холбоод хадгалдаг. Олон жил хадгалсан болохоор хөөрхөн хэдэн төгрөг хуримтлагдсан байгаа. ХААН Банкны интернет банкаар орж шалган, бага багаар өсөж байгаа хадгаламжаа харах үнэхээр урамтай байдаг шүү.
-Аав, ээжийн надад өгдөг халаасны мөнгөний 30 хувийг нь хадгалдаг болсон. Жишээлбэл, өдөрт 5000 төгрөг өгвөл 1500-г нь хадгална гэсэн үг. Хоёр жил гаруй ингэж хадгалсан болохоор дунд сургуулийн хүүхэд надад чамлахааргүй хуримтлал үүссэн.
-Төрсөн өдөр, шинэ жил, Цагаан сарын баяраар надад бэлэг болгож өгсөн мөнгийг аль болох бүгдийг нь хадгалахыг хичээдэг. Мөнгөө цуглуулж байгаад хадгаламжийнхаа данс руу хийчихдэг юм. Банкинд хадгалахаар хүү ч бодогдож ордог. Дээр нь ХААН Банкны хадгаламжийн хүү боломжийн бас найдвартай учраас би болон манай гэр бүл ХААН Банкийг сонгосон.
·Шаардлагагүй хувцас, хэрэглэл, амттан зэрэгт мөнгө үрэхээ багасгасан. Аав, ээжээрээ өөрт хэрэгцээтэй зүйлээ л авахуулдаг. Мөнгөө хадгалах болсон гурван жил гаруйн хугацаанд их сургуулийнхаа жилийн сургалтын төлбөрийн бараг талыг бүрдүүлж чадсан нь миний хувьд хамгийн том амжилт.
Ер нь хүүхдүүд бид санхүүгийн мэдлэгтэй байж, өөрсдөдөө хэмнэлт, хуримтлалын зуршлыг бий болгох нь ирээдүйн амьдралын баталгаа болно. Хадгаламж хуримтлалыг багаасаа хэвшил болгож бага ч гэсэн санхүүгийн мэдлэгтэй болчихвол ирээдүйд гэр бүлтэй болсон ч үүсэж болох санхүүгийн эрсдэлээс гэр бүлээ хамгаалж чадна гэсэн үг.
Санхүүгийн боловсрол гэж юу вэ?
Мөнгийг олохоос илүү зөв зарцуулахад анхаарлаа хандуулах нь хамгийн чухал гэдгийг хүүхдүүд та нар мэдэх үү. Мөнгийг хэрэгцээт зүйлдээ зарцуулахаасаа өмнө олсон орлогынхоо 10 хүртэлх хувийг ирээдүйн хэрэгцээнд зориулан хуримтлуулах ёстойг нэгэн эдийн засагчийн ярианаас олж мэдсэн. Хэрэв мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр өөртөө хадгалбал инфляцын нөлөөнд автаж, улмаар үнэ цэнээ алддаг аж. Харин банкинд хадгалж, эргэлтэд оруулбал илүү өсөх боломжтой. Хадгалсан мөнгө маань хэрхэн өсч байгааг бид өөрсдөө хянаад байх боломжтой.
Хүний хэрэгцээ хязгааргүй, харин хэрэгцээг хангах мөнгө хязгаартай гэдгийг бид одооноос л ухамсарлах хэрэгтэй. Тиймээс хязгаарлагдмал нөөц буюу мөнгийг хязгааргүй хэрэгцээнд зөв зохистой зарцуулж сурах нь л хамгийн чухал юм. Олж байгаа мөнгө биш, үлдэж байгаа мөнгө л хүнийг чинээлэг болгодог гэсэн үгийг үргэлж санаж явах хэрэгтэй шүү хүүхдүүдээ.
Үе тэнгийн найзууд та нар минь зардлаа төлөвлөхдөө дараах зүйлсэд анхаараарай.
·Зарцуулалт хийх гэж буй зүйл нь хэрэгцээ юү, эсвэл хүсэл үү гэдгийг ялгаж сурах
·Бэлэн мөнгөөр худалдан авалт хийх үед мөнгөний хариултыг бага гэлтгүй авах
·Амьдралын энгийн зүйлсээс аз жаргалыг мэдрэх
·Эд зүйлсээ гамтай хэрэглэх
Бидний амьдралд төлөвлөж болох, төлөвлөж болохгүй бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага их гардаг. Ирээдүйд гарч болох санхүүгийн эрсдэлээс гэр бүл болон өөрийгөө хамгаалах хамгийн сонгодог арга бол мөнгөн хуримтлал үүсгэх. Иймээс гэнэтийн хэрэгцээ шаардлагад бэлэн байж, урт хугацааны хүсэл, зорилгодоо хүрэхэд хуримтлал маш чухал шүү. Мөн мөнгөө хадгалах хамгийн эрсдэл багатай арга бол мэдээж банк юм. Банкинд мөнгөө хадгалуулснаар хүү бодогдох учраас анх хадгаламжиндаа хийсэн мөнгө тань тэр хэвэндээ байхгүй, өсөж үржих болно.
Тиймээс хүүхдүүд та бүхэн зорилго мөрөөдөлдөө хүрэхийн тулд одооноос хуримтлалын төлөвлөгөөгөө гаргаж, санхүүгийн сахилга баттай, тууштай байж сурах нь бидний ирээдүйн хамгийн том чадвар болно. Аав, ээж тань амттай юм авч ид, гоё цүнх ав гэж мөнгө өгвөл энэ удаад авахгүй тэвчиж, мөнгөө хадгалаад нэг үзээрэй. Бага гэж гололгүй хадгалж байгаа мөнгө чинь өдрөөс өдөрт өсөх тусам чамд улам илүү ихийг хадгалах урам зориг өгөх болно шүү.