Хэрэв танаас ямар хүн авах бус өгөх дуртай вэ? гэх хошин асуултыг асуувал боксчин гэх хариултыг хэлж магад. Тэгвэл одоо цагт авах биш өгөх дуртай хүмүүс спорт зааланд бус нэгэн кофе шопод цуглах болжээ. Тэдний цуглах цэг бол “The seed book cafe” юм.Тус кофе шопийг хичээл хийхэд тухтай, тохиромжтой гэдгээр нь оюутнууд төлхүү мэднэ. Мөн тэдний онцлог үйлчилгээ бол “хүлээлгийн кофе” юм. Хүлээлгийн кофе гэхэд иргэдийн толгойд захиалсан кофегоо бага эсвэл удаан хугацаагаар хүлээнэ гэх бодол орж ирж магад. Тэгвэл энэ нь өрөөсгөл аж. Захиалагч кофе хүлээх бус кофе захиалагчаа хүлээх юм. Тодруулбал, нэг үйлчлүүлэгч кофены төлбөрийг төлж хүлээлгийн кофены тоог нэмнэ. Харин өөр хэн нэгэн, санхүүгийн боломж муутай, шаардлагатай үедээ хүлээлгийн кофеноос үнэ төлбөргүй авч уух боломжтой юм. Энэхүү хүлээлгийн кофе гэх үйлчилгээ Монголд анхных нь юм.“The seed book cafe” нь 2020 оны зургадугаар сард нээгдсэн. Тус кофе шопод 22-32 насны залуус нэг зорилго, мөрөөдөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдэнд нэгэн танил нь сонирхолтой түүх ярьж өгснөөр үйлчилгээндээ хүлээлгийн кофег нэвтрүүлэх болсон байна. Уг түүхийг дурдвал, тухайн түүхийг ярьсан иргэн гадаадад нэгэн зоогийн газарт ороход “хананы хоол” гэх зүйл байсан аж. Удалгүй нэгэн үйлчлүүлэгч хоёр хоол захиалж нэгийг нь хананд гэсэн байна. Үүнийг тэрээр гайхаж байтал тааруухан хувцастай хүн хананы хоолноос нэгийг хэмээн авчээ. Харин тус газраас гарах үедээ самбар руу харвал хананы хоолноос нэг нь хасагдсан байсан аж. Тухайн иргэн өөр нэгний тусламжтайгаар төлбөр төлөлгүй хооллосон гэсэн үг юм. Өнөөдөр боломжгүй нэгэндээ тусалж, маргаашийн эрч хүч, урам өгөх утга бас цаана нь бий. Маргааш боломжтой болсон хүн нь боломжгүй нэгэндээ туслах, дэм өгөх үүдийг нээдэг юм байна.