Улсын эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй гэж олон хүн ярьдаг. Тэгвэл сүүлийн үед улсын эмнэлгүүд орчин нөхцөл, үйлчилгээгээ сайжруулж, иргэдийн талархлыг хүлээгээд байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг үйл ажиллагаа, үйлчилгээгээ илүү сайжруулж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Ингээд УНТЭ-ээс хамгийн шуурхай авч болох таван чухал үйлчилгээний талаар мэдээллийг хүргэе.
1. Эмчид үзүүлэх цагаа дэлхийн хаанаас ч цахимаар захиалан авч болно
УНТЭ улсдаа анх удаа эмчид үзүүлэх цагаа цахимаар захиалдаг болсон. Өмнө нь хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж авахын тулд олон мянган километр туулан хотод ирчихээд эмчид үзүүлэх хугацаагаа хүлээн нэлээд цаг авдаг байсан бол одоо ингэж цагаа алдахаа больжээ. Та монгол орны, дэлхийн хаанаас ч интернэтэд холбогдон цагаа захиалж болно. Хэрвээ та цаг захиалахыг хүсвэл http://unte.moh.gov.mn/tsagavah дарна уу. 2. Шинжилгээнийхээ хариуг хурууны хээгээрээ киоск машинаас авч болно
Та хурууны хээгээ уншуулаад киоск машинаас шинжилгээнийхээ хариуг түргэн шуурхай авч болно. Ингэснээр мөн л хугацаа хэмнэж, хүлээгдэл, чирэгдлийг бууруулж буй юм.
3. Хоёр талт буюу амбулаторийн эмийн сангаас хүссэн эмээ даатгалын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой
УНТЭ нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монголд анх удаа ашиглалтад оруулжээ. Өмнө нь өвчтөн эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангуудаар эмээ хайж авдаг байсан бол одоо Хоёр талт буюу амбулаторийн эмийн сангаас цаг алдалгүй, хурдан шуурхай, даатгалын хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдэж байгаа юм. Мөн үйлчлүүлэгчийн эмийн хэрэглээний цахим мэдээллийн дата үүсч, эмчилгээний чанарыг сайжруулахад чухал алхам болох ажээ.
4. Гурван хоногийн дотор цаг авсан эмчдээ үзүүлэх боломжтой
Амбулаторийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн хүлээгдлийг 84 хувиар бууруулаад байна. Өөрөөр хэлбэл тус эмнэлгийн амбулаторийн үйлчилгээг авах гэж дунджаар 21 хоног хүлээдэг байсан бол одоо дунджаар гурван хоногийн дотор цаг авсан эмчдээ үзүүлдэг болсон юм. Ингэснээр 2019 онд тус эмнэлгийн амбулаторийн 147 мянган үзлэг хийгдсэн бол 2020 оны эхний хагас жилийн байдлаар 140 мянган үзлэг хийгдээд байгаа аж. Илүү хүртээмжтэй, олон хүнд үйлчлэх боломж бүрджээ.
5. Эмчилгээний шинэ технологи, арга барилыг ашиглана
УНТЭ нэг жилийн хугацаанд тархины үхэлтэй донороос яс болон шөрмөсийг шилжүүлэн суулгах, өвдөг үений мөрний дурангийн мэс засал, бамбай булчирхай дурангаар авах, хамрын таславчын цоорхой нөхөн сэргээх, хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах, тархины хавдар авах мэс засал, үрийн суваг залгах мэс заслыг хийдэг болжээ.