Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Биткоины ханш огцом өслөө

Биткоины ханш огцом өслөө
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 3
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткоины ханш өчигдөр буюу мягмар гаригт 15 хувиар огцом өсөж, нэгж үнэ нь 5000 ам.долларт хүрснийг Лүксэнбүрэгт төвтэй “Bitstamp” арилжааны төв мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр өсөлт болж байна гэж криптовалютуудын ханшийн мэдээллийг хүргэдэг “Coindesk” веб сайт онцолж байна.
2009 онд Японы үл мэдэгдэх хүн эсвэл бүлэг хүмүүс Сатоши Накамото гэх нэрэн доор хамгийн анхны Төв банкнаас хараат бус цахим төлбөр тооцооны нэгж болох биткоиныг зохион бүтээсэн байдаг. Энэ нь хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй өндөр нууцлал, хурд бүхий блокчэйн технологи дээр суурилсан нээлттэй программ хангамж юм. Анх 2017 онд биткоин тэсрэлт болж хүмүүсийн анхааралд ихээр өртөн нэгж үнэ нь 17.000 ам.доллар давж байв. Гэвч эдийн засгийн шинжээчид үүнийг хөөсрөл гэж тайлбарлаж байсан бөгөөд төд удалгүй ханш нь огцом буурч эхэлсэн юм. Үүнийг криптовалютын зах зээлийн шинжээчид том хэмжээний хөрөнгө оруулагчидтай холбон тайлбарладаг. Харин энэ удаагийн үнийн өсөлтийг үл мэдэгдэх хөрөнгө оруулагч их хэмжээний мөнгийг биткоинд хөрөнгө оруулснаас үүссэн гэж тайлбарлаж байна.
Криптовалютын зах зээлийн хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус, гүйлгээ хийж буй хэрэглэгчид биесээ мэдэх шаардлагагүй байдаг нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хэрэгсэл болох магадлал өндөр гэж үздэг байна. Тиймээс шинэ энэ зах зээлд зориулан дэлхийн улс орнууд өөрсдийн гэсэн хууль тогтоомжийг баталж, хяналт тогтоох арга хэмжээнүүдийг авч байна.
Эх сурвалж: Coindesk, CNBC
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн